Тааллын таван хаан

Таван хаан нь хэрцгий догшин, нутгийн савдаг байсныг ловон Бадамжунай Төвдөд ирж номхотгон шашныг хамгаалан сахисан Чойжин болгож хувиргасан гэдэг. Төвдөөр дамжин Монголд дэлгэрсэн сахиус юм. Таван хаан нь ертөнцийн дүрээр заларсан байдаг.


Түгжжалбуу буюу тааллын хаан нь, хот мандлын дунд залрах бөгөөд догшин хар хөхөмдөг дүртэй, лагшиндаа торгон өмсгөл өмсөж, цан малгай тавьсан байдаг. Баруун мутартаа цалам, зүүн мутартаа махир хутга барьсан байх ба бадарсан галын дунд заан хөлөглөн залардаг.


Гүеийжалбуу буюу лагшин хаан нь, хойд зүгт залрах ба догшин хар хөх дүртэй, цан малгай тавьсан, баруун мутартаа модон бэрээ барьж, арслан хөлөглөсөн байдаг.


Сүнгижалбуу буюу зарлигийн хаан нь, баруун зүгт залрах бөгөөд сүртэй улаан дүртэй, цан малгай өмссөн, баруун мутартаа ташуур, зүүн мутартаа зандан шийдэм барьж хар морь хөлөглөсөн байдаг.


Ёндонжалбуу буюу эрдмийн хаан нь, өмнө зүгт залрах бөгөөд цан малгай залж, баруун мутартаа заазуур, зүүн мутартаа шийдэм болон цалам барьж хар морь унасан байдаг.


Пэрэнлэйжалбуу буюу үйлсийн хаан нь, зүүн зүгээс цагаан, хар, улаан нүүрийг үзүүлэн догшин дүртэй заларч, баруун гурван мутартаа дэгээ, сэлэм, сум барьж, зүүн гурван мутартаа хутга, нум, сэрээ барьж, цан малгай асаан, цагаан арслан хөлөглөсөн байдаг.