Анагаагч бурхан бөгөөд монголоор Оточ гэдэг. Бурхан буддаг төв дунд нь залаад, найман Манла бурханаар тойруулан дүрсэлж “Оточ найман Манла” гэж нэрлэх нь бий. Хүн төрөлхтөнд учирдаг 404 төрлийн өвчин эмгэгийг засаж эмчилдэг бурхан юм. Аливаа амьтан хүмүүн урьд болон энэ насандаа мунхаг харанхуй явж, нүгэл хилэнц үйлдсэний эрхээр хийсэн муу үйлийн үр нь боловсорч, элдэв зүйлийн өвчнөөр өвчилж, янз бүрийн хараалт хорлолд нэрвэгдэн зовдог байна. Хэн боловч урьд болон энэ насандаа хийсэн нүгэл хилэнцээ наманчлан арилгаж, буяныг ихээр үйлдэн, бурханы алдрыг дуурсган олон дахин сүсэглэн биширч, залбирал үйлдэн, тахил өргөж, хүндлэл үзүүлэх аваас элдэв зовлонгоос хагацаж бурханы хутгийг олох хүртэл бие эрхтэн нь бүрэн бүтэн байх болно хэмээн сургадаг. Оточ Манла бурханы лагшинг хөх өнгөөр дүрсэлж, бурхан багшийн адил овоодой үстэй, зүүн мутартаа рашаан бумба барьсан, баруун мутарын алгыг гадагш харуулан лянхуа цэцгийн суудалд хүргэн доош унжуулсан байдалтайгаар дүрсэлдэг.