Шүрэн улаан нүүртэй, монголоор Улаан сахиус гэж алдаршсан Жамсран бурхан нь дөрвөн соёог ярзайлгаж, гурван мэлмийг улаанаар эргэлдүүлэн, хөмсөгнөөсөө оч бадраан, хүний таван хохимойгоор тэргүүнээ чимсэн байдаг нь түүний ер бусын хүч чадлыг илэрхийлсэн байдаг. Баруун мутартаа зэс илд барьж далайсан байдаг нь тангараг доройтсон амийг таслахыг бэлгэдэж байдаг бол зүүн мутартаа нум сум өлгөж, шашинд тэрслэгчийн уушиг зүрхийг барьсан байдаг. Зүүн хөлөөрөө адууны үхдэл дээр гишгэн баруун хөлөөрөө хүмүүний үхдэл дээр гишгэн заларна. Шадар хоёр нөхөр нь Рэгвилхам, Лайхансорогдог болой. Жамсран бурхан нь Богд гэгээн болон Далай ламын хамгаалагч бурхан юм. Богд хааны зарлигаар 1911 онд Жамсран бурханыг Цэргийн яамны шүтээн болгон залсан байна. Эл сахиус нь бурханы шашны Чойжин сахиуснууд дотор ер бусын хүчин чадал, ид шидтэйн дээр мутартаа илд, нум сум зэрэг зэр зэвсэг агсан биедээ хөө хуяг өмссөн, сугандаа суга таяг хавчуулж маш олон цэрэг эрсээр хүрээлүүлсэн цэргийн баатар жанжны дүртэй залардаг.
Эрт цагаас монголын ихэс дээдсийн шүтээн болж байсан учир түүнийг Цэргийн Яамны шүтээн болгон залжээ. Жамсран бурханы зүүн талд Рэгвилхам нэртэй эм бурхан байрлана. Тэргүүн нь улаан, бие нь хөх, дөрвөн соёо бүхий амаа хагас ангайсан, баруун мутартаа илд далайн, зүүн мутартаа пүрэв барьсан, тэрсүүдийг занасан хүний махан идэштэй хүн хар гөрөөс гэгдэх хүчирхэг баавгай унасан байдаг.
Баруун талд нь улаан өнгийн Лайхансорогдог байх бөгөөд Жамсран лугаа адил төрхтэй хөө хуяг өмссөн баатар эрийн шинжтэй, зүүн мутартаа тэрсүүдийн толгойг цаламдах цалам, баруун мутартаа жад барьж, галзуу чоно унасан байдаг. Тэрээр өдөр шөнийн алинд нь ч хурц мэлмийгээрээ ертөнц бүгдийг тольдон харж шашинд тэрсэлсэн дайсан этгээдийг дор нь олж устгана. Эдгээр бурхадыг элдэв мэс барьсан найман улаан хүн дагалдана. Мал, хүн амьтны арьс нөмөрсөн 21 яргачин хүрээлнэ. Эд бүгд баруун мутартаа хутга, зүүндээ элэг, зүрх, уушиг, дэлүү, нүд, чөмөг, үстэй хуйх зэргийг барьсан байх ба хүний гэдэс хөвүүлсэн, арьс хүүлсэн, мах зулгаасан, хөлөөрөө газар дэвслэх зэрэг хатуу үйлдэл хийж үсэрч дэвхрэн бужигнаж байдаг. Ийм учраас монголчууд тэдгээрийг “дайны бурхан” хэмээн шүтэх болжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах