Өндөр гэгээний Өлзийт 36 үсэг

 

Өндөр гэгээн Занабазарын түүхэнд холбогдох хушаар хийсэн модон бар хадгалагдан иржээ. Бар дээр худам монгол бичгийн бийрэн бичлэгийн хэлбэрийг сийлсэн ба ар талд нь төвдөөр “Умаа хум” гэж бичсэн байв. Модон барын урт 175мм, өргөн 94мм бөгөөд нүүрэн талын эхний хэсэгт хааш хаашаа зургаан нүд бүхий хүснэгт татаж дотор нь гучин зургаан үсэг сийлж, доод хэсгийн үлдсэн зайнд 12 мөрөнд 47 үсэг бүхий “лүндэн” сийлсэн байна. Уг лүндэнг сийрүүлэхэд: “Энх-Амгалангийн 37 дугаар онд Өндөр гэгээн Халх монголчуудыг дагуулан тулгуур төрийг түших цагт эзэн гэгээн мутраар алтан үсгээр бичиж Очирдарь богд гэгээн танаа шагнасан өлзийт гучин зургаан үсэг. Үүнийг тахисан газар нас буян, хийморь цог заль нэмэн дэлгэрэх хэмээн лүндэн буулгажухуй” хэмээжээ.

Энэ лүндэнд хэдэн сонирхол татах баримтыг өгүүлжээ. Үүнд: Энх-Амгалангийн 37 дугаар онд /1698 он/ Өндөр гэгээнтэн халх монголчуудыг дагуулан тулгуур төр түшсэн гэх баримт их сонирхолтой. Хэдийгээр Халх Монголыг Манж чин улс өөрийн харъяат болгох албан ёсны ёслол хийсэн боловч 1697 онд Галдан бошигтыг насан эцэслэх хүртэл Халх монгол Галдан бошигтын мэдэлд байв. 1698 онд манж нар Халхыг бүрмөсөн эзлэн авч баяр ёслол үйлдэн Өндөр гэгээнээ өлзийт 36 үсгийг шагнан олгожээ. Өндөр гэгээн, Түшээт хан нар өөлдөд цохигдон Манжийн нутаг руу зугтан гарсан болохоос Манжид дагаж орох санааг эхлэн сэдээгүй юм.

Манжийн бодлогын бичигт “Жавзундамба бидний харуулын газар буруулан ирсэн атал ер дагасан газаргүй” хэмээн бичсэн байжээ. Манжийн төр Халхын ноёдын санаа сэтгэлийг алдагдуулахаас эмээж 1691 онд Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас Халхын ноёдыг 49 хошууны ноёдын адил болгосны тул тэр ёсоор өөрчлөх ажлыг эхлэхийг лавлахад Энх-Амгалан хаанаас “Халх тулгар ирээд шинэ шийтгэж агуулсан тул гурван жил болсон хойно энэ хэлэлцсэн ёсоор явуулагтун” хэмээн түдгэлзүүлж байжээ. Үүнээс үзэхэд Халх монгол Манжид дагаар орсон ч бүрмөсөн автаагүй байсан бололтой.

Энх-Амгалан Жавзундамба хутагтыг Халхын ард олныг дагуулан ирсэнд баясаж, түүний гавъяа зүтгэлийг сайшаан Да ламд өргөмжлөн, Халхын шашны аливаа үйлийг эрхлэн захирах эрхийг даатгаж шашны зан үйлд холбогдол бүхий өлзийт 36 үсгийг Өндөр гэгээнд шагнан олгожээ. Энэхүү 36 үсэг нь зургаа зургаагаар авсан байдаг ба энэ нь “хамаг амьтны тусын тулд эх болсон зургаан зүйл амьтан”-тай холбоотой ажээ. Үсгийг мөр баганын дагуу хаанаас нь ч уншиж бичиж болохоос гадна өгүүлэл цөөн, утга гүн, бүтэхүй хялбар, сонин гайхамшигтай хүрдэн ажээ. Өлзийт 36 үсэг нь “шашин төр”-өөс эхэлж “энх жаргалан”-гаар төгсөж буй нь гүн утга учиртай. “Хүмүүн төрөлхтөн үнэн номын төр, ертөнцийн төрийг сахин явбаас сая зовлонгоос ангижирч, энх амгалан, зол жаргалтай аж төрнө” хэмээн илэрхийлжээ.

Өлзийт 36 үсгийг тахисан газар нас буян, хийморь, цог заль нэмэн дэлгэрнэ хэмээсэн нь “насан хутагийг уртасгагч, буян заяаг тэтгэгч, хийморийг сэргээгч, цог залийг бадраагч, увдисыг агуулсан шүтээн” хэмээсэн утга аж. Эл лүндэнг модон дээр сийлж, өлгөж хадахад зориулан нүх гаргасан “модон бар” Өмнөговь аймгаас олджээ.