Өндөр гэгээний намтар

 

Намтрын 1635 он: Халхын Өндөр гэгээн Занабазар нь Алтан урагийн 26 дахь үе Батмөнх Даян хааны (1464- 1543) хүү Гэрсэнз Жалайр хунтайж (1513-1549) түүний хүү Онох үйзэн ноён (1534) түүний хүү Автай сайн хан (1554-1588), түүний хөвгүүн Эрээхэй мэргэн (1578) түүний хүү Түшээт хан Гомбодоржийн (1594-1655) хүү болон Халхын төв хүйс Есөн зүйл усан зүйл хэмээх газар XI жарны идэр хэмээх хөхөгчин модон гахай жилийн 1635 оны ашувани хэмээх есөн сарын намрын адаг сарын хорин тавны өдөр үдээс өмнө төржээ. Гэгээн сэцэн хан Шолойгоос (1577-1652) тэр үед Халх нарын хаан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нараас дараалан ноёд, түшмэдтэн бүгдээр эртний сайн ерөөлийн асар их аугаа хүчээр дээрхи сод богд Чингис хааны алтан урагт холбогдсон бид бүхнийг асран тэтгэгч чандмань эрдэнэ мэт олдошгүй нэгэн сайн хөвгүүн чамд ирснийг ямагт өдөр шөнө ийм сэтгэл зүүдэнд тодорхой ормой. Тийм сайхан ёр бэлэг болсны тул би чиний тэнд одож хэдэн хоног наадам бэлэглэсүгэйхэмээн эрдэнийн алтан өлгий төмөр бүслүүртэй хийлгэн бэлэг болгон өргөжээ.

Намтрын 1638 он: Олон үрт хэмээх шороон барс жил Жамбал номун ханаас гэнэн сахил авч төвд хэлээр Ишдорж буюу “Билэг билгийн очир”, санскрит хэлээр “Занабазар” хэмээн нэр соёрхов. Хэлд орохдоо гэрийн бүслүүрээс барин тойрч “А ей лама дүйсэм санжай дэ чойжи хорло журва лана мэд” миний багш гурван цагийн бурхан бөгөөд номын хүрдийг орчуулахуйяа тэнцэшгүй хэмээн айлдаж Жамбалцанжид, Ганданлхавжа, Маань, Базарсаду тэргүүтэн олон номыг цээжээр айлдав.

Намтрын 1639 он: Халхын ноёд Цагаан нуур хэмээх газар ширээнд залж шар бүст орд өргөөг байгуулж Бэнса Брүлгү Лувсанданзанжанцанжамц ламаас “равжун” сахил авч Лувсандамбийжанцан нэр хайрлав.

Намтрын 1641 он: Цагаагчин могой жил V Далай лам Лувсанжамц, IV Банчин эрдэнэ Лувсанчойжанцан нар Жавзундарнатын хойт дүрээр өргөмжилж Халхын шашны ширээнд залж, 1647 онд Баруун хүрээг үүсгэн байгуулж, 1649 онд Баруун зууд морилов.

Намтрын 1650 он: Далай лам, Банчин эрдэнээс “гэцүл санваар авч Жавзундамба хутагтаар өргөмжлөгдөв. Зандан модны навчин дээр бичсэн Алтан жадамба судар, Майдар бурхан, Дара эх бурханыг урлан залав.

Намтрын 1651 он: Зүүн хүрээний суурийг үүсгэж Амдуу, Жас, Сангай, Зоогой, Хүүхэн ноён, Дархан эмч, Өрлүүд аймгуудыг байгуулав.

Намтрын 1654 он: Риво гэжай Гандан шадувлин хийдийг /одоогийн Хэнтий аймгийн нутагт/ байгуулав. Мөн Дувхан буюу бүтээлийн орон  - гацал дорж врагзон эвамлин буюу баясгалант цэцэрлэгт очирын хадан агуй арга билгийн тив” хийдийг /одоогийн Өвөрхангай, Архангай аймгийн заагт Шивээт Улаан уулнаа/ үүсгэн байгуулав.  

Намтрын 1655 он: Өөрийн бүтээсэн цутгамал, дэлгэмэл бурханыг Манжийн эзэн хаанд бэлэг болгов. Долоо хоногийн дотор Төвдийн Лхас хотод морилж IV Банчин эрдэнэ Лувсанчойжанцан таалал төгссөнд даншиг өргөж 1656 онд Монголд буцаж морилов.

Намтрын 1657 он: Эрдэнэ Зуу хийдэд их ерөөл үйлдэж Майдар бурхан залж Даншиг наадам хийв.

Намтрын 1661 он: Банчин эрдэнэ таалал төгсөж, Манж Чин улсад Энх-Амгалан хаан ширээнд суув. Хүрээнд шинийн 13-нд ерөөл хурал эхлэв.

Намтрын 1671 он: Нярав Бинтү нансо хэмээхийг Лхас хотноо залж V Далай лам Лувсанжамцад айлтгаж Жалзетэмбан Ганжуур залав.

Намтрын 1677 он: Шанхыг хийдийг байгуулав.

Намтрын 1683-1685 он: Лхасаас Монгол орноо Ганжуур залж түүнээс үндэслэн хоёр Ганжуур бүтээв. Олон бурхан бүтээж, найман суварга, Очирдарь бурханыг бүтээж тэргүүнд нь шанага сувд өргөж, зүрхэнд нь Жэма адо шүтээнийг залав. Ловон Бадамжунай Жэма адо хэмээх газар заларч байхдаа элс, шавар атган өгсөн гэдэг ба энэ нь өөрийн биеэс ялгаагүй гэдэг.

Намтрын 1686 он: Соёмбо үсэг зохиож, Монгол улсын сэргэн мандалт буюу Хүрэн бэлчирт Халх Ойрадын ноёд чуулав.

Намтрын 1691 он: Халх Монгол Манж Чин улсад дагаар оров. 7 хошууг 34 хошуу болгож 1692 онд Жэхэ хотод заларч, 1693 онд Бээжинд морилж, 1694 онд Жэхэ сууринд олон бурхан урлаж бүтээв.

Намтрын 1698 он: Утайд Манжийн Энхмгалан хаантай хамт заларч 1699 онд Бээжинд дахин морилов.

Намтрын 1706 он: Одоогийн Архангай аймгийн нутагт Эрдэнэ толгойд Зая хийдийг байгуулж Батцагаан цогчин засав.

Намтрын 1723 он: Өндөр гэгээн Занабазар Бээжингийн Шар сүмд жанч халав.