Дивангар бурхан

 

Өнгөрсөн олон галавын нэгэнд Аркиштха гэдэг хаан Дипавадт хотод амьдарч байжээ. Мөн тэр галавын үед Тушита оронд Дивангар амьдарч байсан гэдэг. Дивангар хамгийн тохиромжтой гэж үзээд эцгээ болгон сонгож аваад газар дэлхийд бууж ирээд хааны эхнэр Сушила хатны хэвлийд шингэн мэндлээд, хожим нь бурхан болж гэгээрсэн ажээ. “Махавасти авандани” сударт өгүүлснээр төрөх дөхөх үедээ Сушила хатан Лянхуат цөөрөм рүү явуулаач хэмээн хүсчээ. Лянхуат арал дээр нярайлах үед шинэ төрсөн хүүхдээс нь олон зулын гэрэл цацарч байсан учир “Зул зохиогч” буюу Дивангар (Төвдөөр Мармей зод) гэсэн нэр хайрлажээ. Хүү хоёр хоногийн дараа даяан хийж, энэ даяан нь хамаг амьтны тусын тулд зориулагдсан үйл байжээ.

... Мега хувраг бээр таван лянхуаг Дивангарт өргөжээ. Тэгээд намайг ирээдүйд өөртэйгөө адил хүч чадалтай бодьсад болгож өгөөч хэмээн гуйсанд Дивангар зөвшөөрчээ. Тэгээд Мегад хожим “Капилавасту хотод Шакиамуни бурхан болно” хэмээн иш үзүүлсэн гэдэг.

Домог энэхүү хэд хэдэн хувилбартай. “Бодисадвавадана Калпалата” сударт дурьдсаныг үзвэл, Сумати нэрт бярман Бенарасын хааны ёслолд оролцож байжээ. Тэр үеэр Бенарасын хааны охин Сурдари (Сүндэр) Сумати бярманыг хараад хүндэтгэн бишэрч, улмаар түүнд сэтгэлтэй болжээ. Үүнийг мэдсэн бярман хүлээж авсангүйд хааны охин Вхугшуни буюу бурханы шашны эмэгтэй лам болсон байна. Түүний дараа нэгэн цагт Сумати бярман нэг хачин зүүд зүүдэлжээ. Тэрээр зүүдээ тайлуулахаар Двипавати гэдэг газар очиж, Дивангартай уулзахаар явж байтал хаан тэр нутгийн бүх цэцгийг авч ирж Дивангарын замд өргө гэж тушаасан үе таарчээ. Суматид цэцэг байхгүй байсны дээр тухайн үед цэцэг олдохгүй болсон улирал байсан учир эрж байтал долоон удвал цэцэг барьсан Сундаритэй тааралджээ. Тэрээр Сундаригээс цэцгээ надад өгнө үү, би Дивангартай уулзах гэсэн юм хэмээн гуйжээ. Энэ үед Сундари түүнд өгөхөөр авч явсан цэцгээ дуртайяа өгч, ирээдүйд миний хань болж заяагаарай хэмээн хүслийг минь дамжуулж өгөөрэй хэмээн түүнээс хүсчээ. Сумати бярман ч түүнд “тэр ерөөл биелэх болтугай” хэмээсэн байна. Ингээд хоёр цэцгийг нь түүний нэрийг өмнөөс Дивангар бурханд өргөе гэж амлажээ. Тэгээд цэцгүүдээ Дивангар бурханы тэргүүнд өргөжээ. Цэцгээ өргөөд өөрөө духаа газарт хүргэн мөргөж, гүн хүндэтгэл илэрхийлсэнд, Дивангар бурхан түүнийг өөд нь татаж босгоод “Та ирээдүйд Шакиамуни бурхан болно” гэж айлджээ.

Энэ явдлаас үүдэн тэрхүү цэцэг Бурханы шашны бэлгэдэлд өргөн дэлгэрчээ. Дивангар бурхан өнгөрсөн галавын бурхан гэдэг нь тодорхой боловч тус бурханы талаархи төвд, монгол сурвалж олддоггүй аж. Харин монголчуудын аман ярианд маш эрт дээр цагт болсон үйл явдлыг “аль дивангарын юм” гэж хэлдэг. Бурхан багшийн намтрын судруудыг үзэхэд “Бурханыг Замбуутивд бууж амьтны тусыг үйлдэх болно” гэсэн иш үзүүлэлтийг Дивангар бурхан айлдсан гэдэг нь тодорхой болно.