Бурхан багшийн сургаал номыг дагагчид улам олон болохын хирээр Бярманы шашны багш нарын уур нь хүрч чадлаа үзэлцье гэх болжээ. Ингээд Шравасти хэмээх хотын ойр тэрсүүдийн багш нартай шид хувилгаанаар тэмцэлдсэн нь энэхүү 15 ирд хувилгаан үзүүлэх үндэс болсон гэдэг.
Хаврын эхэн сарын шинийн нэгэн. Шарваасди балгадын хаан Салжал бээр Бурхан багшийг урин залах үед анхдугаар рид хувилгаанаа үзүүлжээ. Бурхан багш шүдний чигчлүүр модыг газарт шигтгэн, таван зуун багцадын (1 багцад нь таван зуун алд) өндөрт, зуун алд өргөнтэй үндэс, иш, навч, цэцэг машид тансаг үзэсгэлэнт таван дү багтахаар бумбын хэртэй асар том үр жимс багсайсан, өнгө гэрэл нь наран, саранг ч сүрээр дарах, салхины аясаар аль тансаг үнэр анхилуулсан, авралт номын дууг эгшиглүүлсэн эрдэм чадал төгөлдөр нэгэн сайхан галбирваасан модыг бүтээж хаад тэргүүтэн, өглөгийн олон эзэд, хуран цугласан олны өмнө үзүүлж баясгажээ.
Шинийн хоёрноо, Удараяна хаан бээр Бурхан багшийг урин залж, хүндэтгэл соёрхолыг үйлдэхүйеэ Бурхан багш өөрийн зүүн баруун этгээдэд үзэсгэлэн төгс, тансаг ариун навч цэцэг, үр жимс дэлгэрсэн нэгэн найлзуур модыг хувилгажээ. Баруун уулнаа хүмүүн олон цэцэг навч, үр жимс зэргийг эдлэн цэнгэж зүүн уулнаа ан гөрөөс тэргүүтэн араатан жигүүртэн бүгдээр ногоон нуга, тойром бүрдийн дунд хөх ногоо, хүжис цэцгийн шимээр элбэг баян жаргахыг үзүүлжээ.
Шинийн гуравнаа, Шүнзэй хаан урин залж тахихуйяа Бурхан багш нүүрээ угаасан усаа газар цацахад тэр нь хоёр зуун багцадын хэмжээтэй долоон эрдэнээр чимсэн, модон тэргэний гол модны хэртэй, элдэв өнгийн лянхуа цэцэг дэлгэрсэн, гэрэл гэгээ нь зүг бүхнээ гийгүүлсэн, найман гишүүн төгөлдөр нэгэн цөөрөм бүрд бүтээлээ.
Шинийн дөрөвнөө, Индраварми хаан залж тахихуйяа урьд хувилгасан цөөрмийн дөрвөн талаас найман их салаа урсгал гарч эргэлдэн буцаж цөөрөмд цутгахдаа “Бодийн долоон гишүүн”, “Хутагтын найман гишүүнт”, “Гурван тийн тонилохуй”, “Зургаан барамид”, “Дөрвөн цаглашгүй” зэрэг дээдийн ном, зарлигийг эгшиглүүлэн цууриатуулсан ажээ.
Шинийн тавнаа, Цанжин хаан урин залж тахихуйяа Бурхан багш нигураа (нүүрээ) мишээлгэн гурван мянган ертөнцийг дүүртэл гэрэл цацруулжээ. Тэрхүү гэрлийг хүртсэн хамаг амьтан бүгдийн үндсэнд байсан гурван хор (мунхаг, уур, шунал) тэргүүтэн аливаа муу сэтгэл бүхэн амирлаж, бие сэтгэлийн их амгалан хутгийг олжээ.
Шинийн зургаанаа, Өглөгийн эзэн Лизцава тэргүүтэн урин залахуйяа хуран цугласан бүхэн нэг нь нөгөөгийнхөө санасан бодсоныг мэдэж, улмаар тус тусын үйлдсэн нүгэл буян, сайн муу үйлийн үр зэргийг болгоон үйлийн үрийн сургаалд сэтгэл итгэмжлэ, бурханы эрдэм ухаанд даган баясах, нүгэлийг тэвчих, буяны чуулганыг хураахад шамдах зэргээр сайн буяны сэтгэлийг амьтны үндсэнд төрүүлэн хувилгааныг үзүүлжээ.
Шинийн долооноо, Шагжа овогтнууд Бурхан багшийг урин залахуйяа Бурхан багш нөхөр сэлт бүгдээр Хүрдэн эргүүлэгч хаан (Чакравадин хаан) болоод түүний нөхөр сэлт их бага хаад адил болж, өвөр хоорондоо бие биенээ болгоож, дээдийн номыг хэлцэн зөвшиж байгаа ёсыг үзүүлжээ. Энэ үеэс эхлэн тэрсүүдийн багш нар рид хувилгааныг үзүүлж хүчийг үзэхийг хэдий хүсэвч өөрийн эрхгүй гар бие нь хөшиж, хэл ам нь татаж, сэтгэл оюун нь балартан юу ч үзүүлж чадахаа больжээ.
Шинийн наймнаа, Тэнгэрийн эрхэт Хурмаст бээр арслант ширээг бэлтгэн Бурхан багшийг урин залжээ. Эл үест Эсүрва тэнгэр баруун этгээдээс Хурмаст зүүн этгээдээс нэг тахилыг өргөн хүндлэв. Бурхан багш баруун мутрын үзүүрийг арслант ширээнээ хүргэмэгц машид дуун гарахын сацуу гартаа очир далайсан таван мангас гарч ирээд тэрсүүдийн зургаан багшийн ширээг эвдлэн нөгөө зургаан багшийг хөөх дүрийг үзүүлжээ. Тэдний зарим нь ус руу ч үсэрчээ. Харин тэднийг дагагч есөн түм нэг мянган тэрсүүдийн нөхөр сэлт Бурханаа аврал, итгэлийг одуулан сүсэглэн биширчээ. Тэд Бурхан багшаас санваар, тангарагийг хүртэн, дээдийн номыг заалгаснаар “Дайснаа дарсны үр” зэргийг олон гэгээрлийн хутагт хүрэх хувилгааныг үзүүлжээ.
Шинийн еснөө, Эсүрва тэнгэр урин тахихуйяа Бурхан багшийн лагшин бие нь Шарвасди балгадад арслант ширээнээ залрах авч тэргүүнээ Эсүрва тэнгэрийн орон хүртэл хувилгаад, тэр бүхнийг газар тэнгэрийн амьтан бүхэн торолгүй болгоох, басхүү ном айлдах зэргийн сонин гайхамшигийг үзүүлжээ.
Шиний аравнаа, дөрвөн Махранз хэмээх тэнгэрс тахихуйяа Бурхан багш бие лагшингаа “Орчлонгийн үзүүр” (Срэд-зэ) хэмээх орчлонгийн хамгийн хязгаар орныг хүртэл хувилган, мөн тэднээс ном номлохдоо шавь сэлтэс хамаг амьтан бүгдээр сонсох зэрэг сонин гайхамшгийн эрдэм чадлыг үзүүлжээ.
Шинийн арван нэгнээ, өглөгийн эзэн Гонмэд Сайзан урин залахуйяа Бурхан багш арслант ширээнээ залравч лагшингаа үл үзүүлэн, гурван мянган ертөнцийг гэрлээр дүүргэн эгшиг зарлигаа сонсгож, ном номлох зэргийн хувилгааныг зохиожээ.
Шинийн арван хоёрноо, өглөгийн эзэн Зэда урин залж тахихуйн үест Бурхан багш бясалгалын хүчээр лагшингаасаа алтан өнгөт гэрэл цацруулж гурван мянган ертөнцийг гэрэлтүүлэн үйлдэхэд тэрхүү гэрлийг мэдэрсэн хүртсэн амьтан бүхний үндсэн дэх гурван хорын сэтгэл амирлан амьтан бүхэн нэг нэгнээ эцэг эх мэт хайрлан асрах сэтгэл төгөлдөр болж, дээдийн ном хэлэлцэн, номлох зэргийг хувилган зохиожээ.
Шинийн арван гуравнаа, Шүнзэй хаан өргөн тахихуйяа Бурхан багшийн хүйс хот мандалаас долоон алдын хэртэй хоёр гэрэл цацарч тэрхүү гэрлийн дотор лянхуа цэцгэн дээр лагшин найргаар чимсэн хоёр лагшинг хувилган, мөн тэр хоёрын хүйснээс долоон алдын хэртэй хоёр гэрлийг хувилган мөн түүний дотор лянхуа цэцгэн дээр лагшин найргаар чимсэн лагшин нэжгээд нэжгээдийг, мөн тэдгээрээс лянхуа, лагшин урьд мэтээр нэгээс хоёр, хоёроос дөрөв, дөрвөөс найм, наймаас арван зургаа зэргээр хос хосоор цацруулсаар гурван мянган ертөнцийг дүүргэн бүхний нигуурт илт хувилган үзүүлжээ.
Шинийн арван дөрөвнөө, Удараяна хаан урин залжээ. Тэр үест хаан Бурханы лагшинаа цэцэг өргөхөд тэр цэцгийн зэндмэнэ эрдэнээр чимсэн их эрдэнийн модон тэрэг болгон хувилгажээ. Тэрхүү тэргээ гурван мянган тоогоор хувилган Эсүрва тэнгэрийн орон хүртэл огторгуйг дүүргээд, мөн тэрэгнээ төдий тооны бурхад залран, гурван мянган ертөнцийг дүүргэх зэргээр зохиовой.
Шинийн арван тавнаа, Сүгжин нямбуу хаан урин залж тахихуйяа үест алин хэн ч золговоос бие сэтгэлийн амгаланг төрүүлэгч зуун амт төгс идээгээр сав бүгдийг дүүргэх зэрэг хувилгааныг үзүүлэн, баруун мутраа газар дарж 18 тамын амьтан цурхиран гаслах дууг сонсгон амьтны сэтгэлд үйлийн үрийн ухаарлыг төрүүлж, улмаар уг зовлонгоос гэтлэх дээдийн номыг заах зэрэг их үйлс шидийг зохиожээ. Энэ үест эх бүхнийг үзсэн амьтны зарим нь дээд сайн заяандаа төрөх, зарим нь “Дайснаа дарсны үрийг олох”, зарим нь их эрдэнийн бодь сэтгэлтэй болох зэрэг их эрдэм, ухаан, гэгээрэл боловсролын их чадлыг эрхшээх шид хувилгааныг үзүүлэн амьтан бүхнийг цэнгүүлэн зохиожээ.
Эх сурвалж: Т.Булган “Эрдэнийн түлхүүр” сонин