Буддын гүн ухааны орчлон ертөнцийн үүсэл, бүтэц,
хөгжлийн утга учир болоод зүй тогтлыг тайлбарладаг онол бол хоосон чанарын онол
юм. Хоосон чанарын онолыг шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал энергийн онол
болно. Хоосон чанар нь хоёрдмол шинж чанартай, энергийн хадгалагдах ба хувирах
хууль гэсэн үг. Хоосон гэдэг нь нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй ч долгион
хэлбэрээр оршигч биегүй бодит зүйлс. Жишээ нь, бид цахилгаан соронзон долгионыг
харж чадахгүй ч түүнийг гэрэл, цахилгаан болгон ашигладаг. Гар бол харахад
бодит зүйл, харин түүний хийж буй хөдөлгөөн нь хоосон, гэхдээ хөдөлгөөнөөрөө
ямар нэгэн зүйлийг бүтээнэ, тэр нь чанар болно. Гэвч бодит ба хоосон хоёр нь
дан дангаар оршиж чаддаггүй. Бодит гэхэд туйлын бодит байдаггүй, хоосон гэхэд
туйлын хоосон байдаггүй гэсэн үг. Иймд орчлон ертөнцийн бүх юмс бодит ба хоосон
гэсэн хосолмол үүсэл, бүтэцтэй. Үүнийг буддын гүн ухаанд хоосон чанар гэж
нэрлэдэг. Тэгэхээр бодит чанар гэдэг нь хүний нүдэнд үзэгдэж гарт баригдах биет
чанар, харин хоосон чанар гэдэг нь хүний нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй,
биет бус долгиолог чанар юм.