Ламын тахил

Тахилын ширээн дээр долоон цөгц байдаг. Эхний хоёрт нь мөнхийн рашааныг төлөөлөх усан тахил өргөнө. Бурхан багш Энэтхэгт морилох үед маш халуун байсан учир хүмүүс хамгийн түрүүнд бурхан багшдаа ус өргөжээ. Эхний ус нь түүнийг төлөөлдөг ажээ. Хоёр дахь нь гар угаадаг ус бөгөөд хоол идэхийн өмнө гараа угаадгийг илэрхийлж байгаа юм. Гурав дахь нь цэцэг бөгөөд бурхан багшийн ажил үйл өсөж үржин арвижихын бэлгэдэл болгож арвай будаа хийдэг. Дөрөв дэх нь бурхан багш заларсан гэр орныг ариусгана гэдэг утгаар хүж өргөдөг бөгөөд түүнийг арцаар төлөөлүүлдэг. Тав дахь өргөл нь гэрлийг илэрхийлсэн зул байх бөгөөд түүнийг шар тосоор төлөөлүүлдэг. Зургаа дахь нь дахиад усан тахил байх бөгөөд хэсэг хугацааны дараа бурхан багшийн ам цангасан болов уу гэдэг утгаар ус өргөснийг илэрхийлдэг. Долоо дахь нь цагаан будаа юмуу амттан байх бөгөөд хамгийн сүүлд нь зоогоо барьсан гэдэг утгыг илэрхийлдэг. Тахилыг ийм долоон зүйлээр төлөөлж өргөдөг.