Ганзай

Монголоор “хангагч эрдэнэ” буюу бурхадад өргөдөг өргөлийг хэлнэ. Хангал догшин сахиус бурхадад өргөдөг бүх зүйлийг байрлуулаад, дараа нь тэрхүү сахиусаа урин залдаг. Ганзайд Өлзийт найман тэмдэг буюу шашны найман тахил, Хаан төрийн долоон эрдэнэ, тогос шувуу, бодь мод буюу Дорждагд мод, Хангагч эрдэнэ хэмээгдэх морин эрдэнэ, таван мэдрэхүйн өргөл болох толь, хөгжим, арц хүж, рашаан жимс, хадаг барьсан бурхад, лам хувцастай амирлангуй бурхад, баатар хөө хуягтай догшин бурхад, араг ясан дүрээр заларсан аюутгагч бурхадыг дүрсэлдэг. Ганзайн төв хэсэгт диваажингийн хаалга бүхий 7 шатыг дүрсэлдэг. Хүмүүний төрлийг олсон амьд бүхэн 7 шатны гол дахь шатан дээр төрдөг гэх агаад тэрхүү шатнаас дээш диваажингийн ертөнц, харин доош уруудаад тамын ертөнц бий ажээ.