Бурхан багшийн зохионгуй

Бурхан багшийн нэг насных нь амьдралд олон үйл явдал болсон ч томоохон үйл явдлуудыг хураавал 12 болно. Эдгээр нь: 

1. Гандан тэнгэрийн орноос замбуу тивд заларсан түүх. Бурхан багш Гандан тэнгэрийн оронд Дуггарбу нэрт тэнгэрийн хөвүүн байжээ. “Замбуу тивийн зовлон шаналлыг нимгэлэхийн төлөө явна” гэхэд тэнгэрийн орны нөхөд нь хоёр хөлөөс нь зуурч “Гандангийн энэ орон маань үзэсгэлэнгүй болно, таныг орлох өөр хэн байх билээ” гэжээ. Бурхан багш “Майдар та бүхэнд дээдийн номыг заах болно” хэмээгээд өөрийн малгай титмээ Майдарын тэргүүнд өмсүүлэн “миний оронд Гандангийн оронд ном айлдан заа, түүний дараа замбуу тивд илт төгсгөсөн бурханы хутаг, гэгээрлийг олох болно” хэмээн айлдаад бошго халжээ.

2. Эхийн хэвлийд оршсон түүх. Хаврын тэргүүн сарын шинийн 15-нд тэнгэрийн орноос бууж, эх Жүтүлмагийн хэвлийд цагаан зааны дүрээр олон сайхан өлзийт буяны тэмдэгтэйгээр оршив.

3. Лагшин мэндэлсэн түүх. Эхийн хэвлийд 10 сар оршин, дөрөвдүгээр сарын шинийн 15-нд Лүмбини цэцэрлэгт эхийнхээ баруун хавирга, суганы завсраас эхдээ зовиургүйгээр, хувцастайгаа төрөв. Төрсөн даруйдаа зүг бүрт долоо алхан “энэ ертөнцөд дээд нь би” хэмээн айлджээ. Алхам бүрээс лянхуа цэцэг урган гарч гайхамшигт шидийг үзүүлжээ.

4. Урлагийн төрөлд мэргэшсэн түүх. Ханхүү өсч том болон бичиг үсэгт суралцан, нум сум харвах, усанд сэлэх гэх мэт 64 урлагийг эзэмшив.

5. Хатан ба нөхдөө баясган цэнгүүлсэн түүх. Ертөнцийн явдалд тохируулахын тулд Сацума, Дагзинма, Ридагжэйма тэргүүтэй 60 мянган хатантай 29 нас хүртэл ордонд амьдран хаан төрлийн үйлийг зохиов. 

6. Гэрээ орхин тойн болсон түүх. 29 настайдаа нэгэн өдөр цэцэрлэг үзэхээр явахдаа Сэржа хотын дөрвөн талд өтөлсөн, өвдсөн, үхсэн хүнийг харан орчлонгийн үйл шимгүй юм байна гэж бодон түүний учрыг олохоор эцэг хаанд айлтгасанд зөвшөөрлийг эс олжээ. Гэвч тэр шөнөдөө өөрийн хатны хэвлийд буй үрээ адислаад цавьдар морио хөлөглөн суваргад очин өөрийн үсээ авч, шар хувцас өмсөн тойн болов.

7. Хатуужлыг эдэлсэн түүх. Хоол ундыг тэвчин, биеийн хатуужлыг тэсвэрлэн, Нираанзана голын эрэгт 6 жил идээ ундааг таслан хатуужлыг эдлэв.

8. Бодь модонд заларсан түүх. Бодигаяад залрах үедээ бодь модыг 7 удаа гороолж, сүүдэр доор нь өвс дэвсэж, суудал засан дээр нь суугаад “энэ дэвсгэр дээр миний бие хатсан ч хатаг, арьс мах маань ялзарсан ч ялзраг, олоход бэрх гэгээрлийг олтлоо энэ дэвсгэрээс биеэ хөдөлгөхгүй” гэж өөртөө тангараг тавьжээ.

9. Шулмасыг номхотгосон түүх. Түүнийг нүгэлт шулмасууд 32 янзын муу зүүдээр тэвчээр алдагдуулам айлган цочооно. Шулмаснуудын зүгээс харвасан мэс нь гүн бясалгалын сэтгэлийг нь хөдөлгөж чадалгүй зам зууртаа цэцэг болон хувирч унан бодь модыг чимэглэн улам ч үзэсгэлэнтэй болгож байв. Бурхан багш шулмасуудыг сэтгэлийн самадигаар номхотгон даржээ.

10. Илт гэгээрлийг олсон түүх. 35 настайдаа 4 дүгээр сарын шинийн 15-ны үүрээр харьцуулшгүй үнэхээр төгсгөсөн гэгээрлийг олов.

11. Номлолоо айлдсан түүх. Бурхан багш 35 насандаа гэгээрч 80 нас хүртэл номлолоо гурван шатлалтайгаар их, бага хөлгөний номлолыг голлон айлтгаж тэнгэр, хүн мэтийн тоо томшгүй олон амьтныг зовлонгоос ангижруулжээ.

12. Нирваан дүрийг үзүүлсэн түүх. Бурхан багш хэдийгээр шулмасуудыг дарсан, үхэшгүй мөнх боловч үргэлж мөнхийн амьдрал гэж байхгүйг хүмүүст ойлгуулахын төлөө, буяны үйлд шамдуулахын тулд 81 насандаа 4 дүгээр сарын шинийн 15-нд Кушинагар хотод нирваан дүрийг үзүүлжээ.