Энэ
аллагын дараа Төвдийн Лхас даяар аймшигт үзэгдэл гарч Далай ламын эргэн тойрны
хүмүүс өөрсдийгөө егүүтгэх, Гандан-Потаны цонхоор үсэрч унах, галзуурч солиорох
зэргээр өдөрт 40 орчим хүн хорвоог орхиж байв. Бүрлэгү Дагважанцан өөд болоод
тэнгэр сахиусны төрөл авсан бөгөөд энэтхэг, монголчуудын шүтдэг Ганеш буюу
Цогдогмарав хэмээх тэнгэр бурханы хүү Доржшүгдэн сахиус болон төрөл олжээ. YIII
Богд гэгээн “Монголын маань мал, эд баялаг нэлээд доройтох нь. Ганеш буюу
Цогдогмаравыг бүтээлгэе” хэмээн гүйцэлдүүлсэн нь эдүгээ Богд хааны ордон музейн
Уран зургийн сүмд залагдсан байдаг.
Дагважанцан
ламыг хэрцгийгээр бүрэлгэх үед таалал нь догширч урьдын ерөөл нь бүрдээд
сахиусны төрлийг авсан гэлцдэг. Шарын шашинд анх Далай лам, бусад толгой лам
нар Доржшүгдэн сахиусыг “буг” хэмээн үзэж лүйжин, дэнсрэг, сор гээд бүхий л
хатуу үйлээр дарах гэж оролдоод дийлээгүй ажээ. Ийнхүү дийлэхгүйгээ мэдээд
Доржшүгдэн сахиусыг Y Далай лам өөрөө “Та бол ариун тангарагтай үнэхээр шашны
сахиус мөн байна” гэж хүлээн зөвшөөрөөд магтаал, өчил ном бичиж зохиогоод
Лхасын ойролцоох Дол нутгийг “Доржшүгдэн сахиусны орон” болгож дархалснаас хойш
“Долийн хаан” хэмээн алдаршжээ. Ийнхүү шүгдэн сахиус амирлаад шашныг хамгаалан
сахих болжээ.
Доржшүгдэн сахиус мутартаа зүрх барьсан байдаг ба энэ нь анх Сажийн богд уулнаа бясалгал хийгчид дээр очиход өгсөн замбаа гурилыг авангуут зүрх болон хувирсантай холбоотой аж. Хар морь хөлөглөн, номт дээл өмсөөд, алтан малгай тавиад, духан дээрээ илүү мэлмийтэй заларсан тул “Хар морьтой шүгдэн” хэмээн алдаршуулжээ. Доржшүгдэн сахиус нь заларсан нутаг уснаасаа ганц ишигний гарз гаргалгүй хамгаалдаг, харийн хүн шүтэж чадахааргүй, Монгол нутагт үр өгөөжөө өгдөг сахиус шүтээн хэмээн ард түмний дунд шүтэгдэн иржээ. Хожим шарын шашин тосож аваад даллага айлдлага үйлдсэнээр арслан хөлөгтэй болжээ. Анх тодорсных нь дараа бүтээж урлахдаа лагшин биенд нь олон мэлмий дүрсэлдэг байв. Их догшин сахиус тул улам догширно хэмээн үзээд хожим мэлмийгүй бүтээх болжээ.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах