Барон Унгерн фон Штернберг (1886-1921)

 

Эртний язгуурт Унгерн фон Штернбергийн удмын 18 дахь үеийн төлөөлөгч бөгөөд 1886 оны 12-р сарын 29-нд Австрид төржээ. Унгерны удам нь герман, балти, унгар, сляван, скандинавын цус холилдсон маш эртний язгууртан гарал ажээ. Ревелийн гимназийн III ангийг төгсөж хувийн сургуульд үргэлжлүүлэн суралцсан. 1903 – 1905 онд Петрбургийн усан цэргийн ангид суралцаж байхдаа Орос-Японы дайнд явсан. 1906-1908 онд Павловын цэргийн сургуулийг төгсөж Өвөр Байгалийн Аргуны нэгдүгээр хороонд, Алс Дорнодын Амурын цэргийн хороодод тус тус алба хаасан. 1913 онд Монголд ирсэн ба Богд хаант Монгол улсын цэргийн албанд ямар ч цалингүйгээр зүтгэх хүсэлт гаргажээ. Гэвч консул В.Ф.Люба, хамгаалах цэргийн ангийн дарга нар татгалзсан тул хагас жил хүлээж байгаад буцжээ.

1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Донын Казахын 34-р хороонд алба хааж удаа дараа гавъяа байгуулсан тул олон тооны одон медалиар шагнагджээ. Сахилгын шийтгэл хүлээж 1917 онд Атаман Семенёвын хороонд шилжжээ. Оросын иргэний дайнд Цагаан Оросын талд Харийн дивиз (Азийн морин дивиз)-ийг удирдан Байгаль нуурын чанадад байлдаж байжээ. 1920 оны эхээр адмирал Колчак амь үрэгдэж 3-р сард Семенёвын арми Чита хот руу ухарсан. 1920 оны 8-р сард Барон Унгерн Дагуурыг орхиж Монголын Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр хөдөлжээ. 1920 оны 10-р сарын 26-нд Хүрээг довтолсон боловч амжилтгүй болсон. 1920 оны 12-р сард дахин довтолсон ч сөрөг давшилтанд цохигдон Хэрлэн голын зүг ухарчээ. Барон Унгерн монгол, буриад, түвд цэргээр хүчээ зузаатган 3 дахь дайралтыг 1000 цэргийн хүчээр хийж ойролцоогоор 10 мянга орчим гамин цэргийг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд Нийслэл Хүрээг эзэлжээ. Дайралтын өмнө гамин цэргийн хорионд байсан Богд хааныг тусгай ажиллагаа явуулж чөлөөлсөн. Хүрээ рүү довтлохын өмнө Богд ууланд цэргүүдээ байрлуулан цэрэг бүрийг 3 түүдэг гал асаа хэмээн тушааж Чингис хааны тулааны тактикийг ашиглан гамин цэрэг рүү сэтгэл зүйн дайралт хийсэн нь амжилт олсон гэдэг.

Барон Унгерн Нийслэл Хүрээний шоронд байсан Хатанбаатар Магсаржав тэргүүтэй төрийн олон зүтгэлтнүүдийг чөлөөлснөөр Хүрээнийхний “аврагч” болсон юм. Барон жанжин буддын шашинд орж Богд хааныг хаан ширээнд нь ёслол хийж залжээ. Ёслолын үеэр Богд хаан Барон Унгернд “Чин ван”-гийн хэргэм, “Улсын мандуулагч их баатар жанжин” цол шагнаж Сэлэнгийн Зэлтэрт эдлэн газар олгожээ.

Барон жанжин 1921 оны 4 сард гамин цэргийн үлдэгдлийг Чойрт бут цохисон. 1921 онд Оросын иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болж монголчууд Улаан Оросын талд урвах нь ихэссэн тул Барон Унгерн Орос улсад хаант засгийг дахин тогтоох, Богд хаант Монгол улсын хойд хилийг улаантны аюулаас хамгаалах төлөвлөгөө гаргаж Нийслэл Хүрээг орхин хойд зүг цэргээ хөдөлгөжээ. 1921 оны 5-р сарын эцсээр Барон жанжны туслах генерал Резухиний удирдсан хоёрдугаар бригад амжилттай байлдаж Улаан армийн отрядуудыг бут цохисон боловч Барон жанжны өөрийнх нь удирдаж байсан нэгдүгээр бригад К.К.Рокоссовскийн удирдсан Улаан арми, Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт бут цохигдож Сэлэнгийн хөндийд Резухиний бригадтай нийлжээ. Ардын хувьсгалт цэрэг 7-р сард Нийслэл Хүрээнд орж ирсэн бол Барон Унгерн Оросын нутагт Улаан армитай тулалдсаар байжээ. Эцэстээ хүчээр хэд дахин илт давуу Улаан Оросод ялагдаж Түвд рүү явахаар шийдсэн боловч Манжуур руу явж Атаман Семенёвтой нийлэхийг илүүд үзсэн цэргүүд нь 8-р сарын 16-нд Резухиныг буудан алж дараа нь Унгернийг алахыг оролджээ. Барон жанжин зугтаж түүнийг дагаж гарсан Сундуй гүний Монгол цэргийн хороо руу очсон боловч Сундуй гүн хоёр цэргийн хамтаар 8-р сарын 21-нд түүнийг гэнэт баривчлан Улаан Оросын цэргийн дарга Щетинкинд хүргэж өгчээ. Щетинкин өөрийнх нь талд орсон Сундуй гүнийг хоёр цэргийнх нь хамтаар амьд үлдээж Монгол руу буцахыг зөвшөөрчээ. Барон жанжныг Новониколавск тосгонд аваачиж 1921 оны 9-р сарын 15-нд нээлттэй шүүх хурлаар шүүж цаазалжээ. Богд хаан түүнийг цаазалсныг сонсоод Монголын бүх буддын сүм хийдэд ном хуруулсан гэдэг. Сонирхолтой нь Барон Унгерн Дилов хутагт Жамсранжавтай уулзах үеэр Барон жанжны амьд явах хоногийг нь далны ясаар урьдчилан мэргэлж хэлсэн байдаг нь нас барсан өдөртэй нь яг таарч байсан гэдэг.

Барон Унгерн нэг удаа гэрлэж байсан ба эхнэр нь Манжийн эзэн хааны Цзи гүнж ажээ. 1919 оны зун Бээжинд Цзи гүнжтэй гэрлэж Оросын Үнэн алдартны шашны дагуу гүнж өөрийн нэрийг слав гаралтай Елена Петровна нэрээр өөрчилжээ. 1920 онд Барон Унгерн Монгол руу явахаас өмнө Цзи гүнжээс албан ёсоор салсан ба энэ тухайгаа захиагаар мэдэгдэж богино хугацаанд эхнэр нь байсанд талархаад ихээхэн хэмжээний мөнгө дагалдуулсан гэдэг. Ганц удаагийн гэрлэлт нь улс төрийн зорилготой байсан хэмээн судлаачид үздэг. Барон Унгерн монгол, манж хоёр үндэстнийг сэргээж Их Монгол Улсыг дахин байгуулахыг мөрөөддөг байжээ.

Шагнал:

  • 1914 он, Гэгээн Георгийн 4 дүгээр зэргийн одон
  • 1914 он, Гэгээн Аннагийн 4 дүгээр зэргийн одон
  • 1915 он, Гэгээн Владимирын 4 дүгээр зэргийн одон
  • 1915 он, Гэгээн Станиславын 4 дүгээр зэргийн одон
  • 1916 он, Гэгээн Аннагийн 3 дугаар зэргийн одон
  • 1921 он, Монголын хошой чин вангийн зэрэг
  • 1921 он, Монгол улсыг мандуулагч их баатар жанжин цол

Барон Унгерн Нийслэл хүрээнд цэргийн сургууль нээж, цахилгаан станц, банк ажиллуулж, Нийслэл Хүрээг хур хогноос нь салгаж байжээ.