Данзангийн доллар

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж 1911 онд Богд хаант Монгол улсыг байгуулсны дараа Монголын төр засгийн зүтгэлтнүүд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл боловсрол гээд бүхий л салбарт улс орноо хөгжүүлэхийн төлөө уйгагүй зүтгэсэн түүхтэй. 1921 онд Жалханз хутагт Дамдинбазар тэргүүтэй үндэсний Засгийн газрыг байгуулаад санхүүгийн эх үүсвэр босгох зорилгоор “Бага болзоот баталгааны бичиг”-ийг гаргасан байдаг. Нэг төрлийн вексель төдийгүй “Богино хугацаанд эргэн төлөгдөх амлалт хүлээх зээллэгийн батламж бичиг” гэсэн санхүүгийн ойлголт юм. Тухайн үед шаардлагатай хөрөнгийг татаж чадсан “Бага болзоот” нь зах зээлд эргээд мөнгөн дэвсгэртийн үүргээр хэрэглэгджээ.

Сангийн яамны тэргүүн сайд С.Данзан “Бага болзоот”дэвсгэртийн эхийг зохиож, хэвлүүлэх, Монголд хүлээн авах ажлыг биечлэн удирдаж, хичээн зүтгэсэн учраас энэ мөнгөн тэмдэгт “Данзангийн доллар” хэмээн нэрлэгдэх болсон. Үндэсний хөрөнгөтний үзлийг тууштай баримтлагч С.Данзан долларын хүчийг таньсан нэгэн байсан бөгөөд улс орон, ард түмэн баян хангалуун амьдрах зам бол хөрөнгөтний ёс мөн хэмээх үзлийг тууштай баримталж ирсэн.

Шинэ дэвсгэртийг “доллар” хэмээн нэрлэсэн нь учиртай. Үндэсний валютаа “доллар” гэж нэрлэвэл олон нийт, гадаадын бизнесмэнүүдийн дунд нэр хүнд нь түргэн өсөж түргэн дэлгэрнэ гэж тооцсон байх гэж судлаачид үздэг. Мөн ардын Засгийн газар 1921 оны 7-р сард тогтоол гаргаж зөвхөн орос рубль, хятад янчааныг гүйлгээнд хэрэглэхийг зөвшөөрч бусад валютыг хориглосон нь “доллар” нэртэй тэмдэгтийн орон зайг нээсэн байж болох юм. Данзангийн доллар нь тансаг төрх загвартай, үндэсний хэв шинжийг агуулсан гоёмсог тэмдэгт юм. “Данзангийн доллар” дээр монголчуудын хөрөнгө баялаг арвидан үржихийн бэлгэдэл болдог эртний язгуур уламжлалт,  төр ёсны их бэлгэ тэмдэг “таван нүдэн” залагдсан байдаг.

Шинэ валюттай холбоотой бүх ажиллагаа нууцын зэрэглэлтэй явагдсан ба гүйлгээнд гаргаагүй учраас энэ мөнгөн дэвсгэртийн талаар монголчууд олон жилийн турш мэдээгүй явж иржээ. Тухайн цагийн алдарт зураач марзан Шарав эх загварыг нь гаргасан байх магадлалтай хэмээн хэд хэдэн аман сурвалжид түшиглэн судлаачид дүгнэсэн. Дэвсгэртийн эх загварыг Монголд хийж, Монголоос Зөвлөлт рүү илгээж байсан тухай баттай баримтууд үлдсэн ажээ.  

1922 оны эхэн гэхэд бүрэн хэвлэгдэж бэлэн болсон байсан Данзангийн долларыг гүйлгээнд гаргаагүй хамгийн том шалтгаан нь тухайн үед Монголд шинэ дэвсгэртэд баталгаа өгөх үндэсний банк байгаагүй явдал юм. Мөн Солийн Данзан Орос гүрний харгис бодлого, дотоодын самууны золиос болж 1924 оны 8-р сард цаазаар авхуулсан нь түүний нэрээр нэрлэгдсэн мөнгөн дэвсгэрт мартагдан балрахын үндэс болжээ. Гэвч Данзангийн доллар нь ХХ зууны монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэгэн тод баримт болон үлдсэн юм.  

25 долларын дэвсгэрт: Нүүрэн талдаа давхар дугуй хүрээн дотор таван нүдэн хээтэй, зүүн талын зууван хүрээн дотор “бусад хүмүүн дуурайн үйлдвээс”, баруун талын зууван хүрээн дотор “хуулийн ёсоор ялламой” хэмээн бичсэн байдаг. Таван нүдэн хээний дор “Twenty five dollars” хэмээн англиар бичсэн байдаг. Ар талд нь өлзий хээг дээр нь голлуулж, түүний дор байх хэвтээ зууван хүрээн дотор “Улсын хүүгийн бэлэн мөнгөөр батлав”, түүний баруун, зүүн талд нэрлэсэн үнэ “25 төгрөг”, дэвсгэртийн ханш болох “нэг бүр 7 цэн” гэсэн тэмдэглэгээтэй. Доод талын хүрээн дотор “Сангийн яамны тэргүүн сайд Данзан, хүүгийн нярав Даваа” хэмээн бичсэн. Өлзий хээний зүүн болон баруун талд нь серийн дугаар тавьсан. Хээ угалзаар чимсэн зүүн талын босоо хүрээн дотор “Монгол Улсын хүүгийн мөнгөн тэмдэгт цаас”, баруун талын хүрээн дотор “Монголын арван нэгдүгээр онд хэвлэн гаргав” хэмээн бичжээ.