Монгол хэл, үсэг бичгийн үүсэл хөгжил

Аливаа үндэстний хэл нь тухайн үндэстнийг бусдаас ялгаж байгаа нэгэн гол шинж болдог бөгөөд хэл шинжлэл төдийгүй бусад шинжлэх ухаанууд, түүний дотор соёл судлалын гол хэрэглэгдэхүүн болж байдаг. Өнөөдөр дэлхийн хүмүүс 3000  орчим хэлээр ярилцдагийн дотор 50 саяас дээш хүн ярьдаг хэл 13 байгаагийн дотор нэгдүгээрт хятад,  13 дугаарт 70 сая хүн ярьдаг итали хэл орж байна.

Монгол хэл эртний үүсэлтэй бөгөөд академич Д.Төмөртогоо монгол хэлний хөгжлийг 12 хуваан тайлбарлажээ.

  • Өвөг монгол хэлний үе. Энэ нь Алтайн хэлнээс монгол хэл бие даан салсан тэр цагаас эхэлж байна. Онцлог шинжийг харуулсан баримт олдоогүй боловч түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн үүднээс эрдэмтэд энэ үеийн хэлний онцлогийг тодорхойлсон байдаг.
  • Эртний монгол хэлний үе. Өвөг монгол хэлний сүүлч үеэс барагцаалбал XI-XII зууны хүртэлх үеийг харуулан авч үздэг.
  • Дунд үеийн монгол хэл. Он цагийн хувьд XI, XII зуунаас XY, XYI зууныг хамарна. Онцлог шинжийг агуулсан бичгийн дурсгалууд хадгалагдан уламжлагдаж ирсэн байдаг. Тухайлбал, Чингисийн чулууны бичиг. Чингис хаан баруун зүгийн байлдаанаас бууж яваад Буха Сочихой гэдэг газар найр  наадам хийж, сурын харваанд Хавт Хасарын хүү Есүнгэ 335 алд газар онож тэргүүлсний дурсгалд зориулан 5 мөр бүхий 20 гаруй үгтэй гэрэлт хөшөө босгосон түүхтэй. Энэ хөшөө Хархираа голын хавиас олдсон агаад 2м өндөр, 66 см өргөн, 22 см зузаан томоохон хөшөө байжээ. Бичээсийг Дорж Банзаров, Клюкин, Х.Пэрлээ нар тайлан уншжээ.  Мөн XIII зууны түүхийн гайхамшигт дурсгал Монголын нууц товчоо, Гүюг хааны тамганы бичээс, 1240 оны хятад - монгол бичээсийн цөөн монгол үг, Мөнх хааны гэрэлт хөшөө зэрэг дурсгалууд багтана.
  • Орчин цагийн монгол хэлний үе. XY зууны үеэс эхэлнэ. Орчин үеийн  монгол хэл, аялгуунд төв монгол хэл гол цөм нь болж байжээ. Орчин цагийн монгол хэлээр ойрад, буриад нараас бусад нь ярьдаг бөгөөд зонхилох аялгуу нь халх аялгуу юм. Үүний зэрэгцээ дархад-сартуул, дарьганга зэрэг аман аялгуунууд багтана. Халх аялгууг анхлан судалсан хүн бол профессор Г.И. Рамстедт юм.
  • Өмнөд монгол хэлний үе. Энэ хэлээр ӨМӨЗО, Хэйлунзян, Гирин, Ляонин зэрэг мужийн монголчууд ярьдаг агаад цахар, ордос, баарин, харчин, түмэд, горлос, найман зэрэг 10 гаруй аман аялгуу байдаг.  Эдгээр аялгууг А.Д.Руднев анхлан судалгаа хийжээ.
  • Буриад хэл. Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, ОХУ-ын БӨЗО, Хятадын Манжуурын  зүүн хойд хэсгээр нутагладаг буриад угсаатнууд ярьдаг бөгөөд ага, барга-буриад зэрэг олон аман аялгуутай. Буриад хэл нь монгол хэл аялгууны дотроос хамгийн ихэд судлагдсан аж.
  • Ойрад хэл, аялгуу нь БНХАУ-ын  Ховог сайр, Тарвагатай,  Монголын Увс, Ховд, Баян-өлгий  аймгийн хүн амын үлэмж хэсгийн дунд тархжээ.
  • Халимаг хэлээр XYII зууны үед Ижил мөрний  сав газраар очсон ойрадууд, тэдний удам угсааныхан хэлэлцдэг. Ойрад хэл дөрвөд, торгууд аялгуунаас гаралтай авч сүүлийн 300 орчим жил эх хэлнийхээ хүрээллээс гадна хөгжиж, бусад хэлний (тухайлбал орос, татаар) нөлөөнд орж холимог шинжтэй бие даасан тусгай хэл  болсон байна. Халимагууд 1640 он хүртэл монгол бичиг, 1640-өөд онд тод үсэг зохиогдсоноор эл үсгийг хэрэглэж байгаад 1938 оноос кирилл үсэгт шилжжээ.
  • Дагуур хэлээр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хар мөрөн мужийн Чичагар хот, Нони гол, Шинжаан уйгарын өөртөө засах орны Кулшагийнхан  ярьдаг.
  • Могол хэлээр Афганистаны Херат, Маймана, Бадакшан мужуудад оршин суудаг монголчууд ярьдаг. Энэ хэл нь херат, бадакшан, мангут, марда гэх хэд хэдэн аман аялгуутай бөгөөд анх Энэтхэгийн эрдэмтэн Р.Лийч судалжээ. Могол хэл нь Перс, Тажик, Пуштр зэрэг харь хэлний нөлөөнд орж дунд үеийн монгол хэлний зарим шинжийг хадгалан  үлдсэн  байна.
  • Монгор хэлээр БНХАУ-ын Цинхай, Гансу мужийн оршин суугчдын тодорхой хэсэг нь ярьдаг.
  • Дунсян хэлээр БНХАУ-ын Гансу мужийн Линсян хошууныхан ярих агаад Г.Н.Потанин анхлан судлаж тэмдэглэжээ.


Монголчуудын соёлын нэг гайхамшигт ололт бол өөрийн гэсэн бичгийг бий болгон хөгжүүлж, дэлхийн ихэнх ард түмэн латин, кирилл, хятад, араб гэсэн цөөн тооны бичигтэй, түүний дотор зүүн Азийн ихэнх үндэстэн дээр үеэс эхлэн Хятадын бичиг соёлын нөлөөнд байсаар ирэхэд гагцхүү монголчууд өөрийн гэсэн бичигтэйгээр XXI зуунтай золгосон.

Эзэн богд Чингис хаан анх монгол бичгийг төрийн бичиг болгох зарлиг буулгаж байжээ. Монгол бичгийг “худам монгол бичиг” хэмээн гол төлөв Баруун Монголд нэрлэж байсан. Хуучин монгол бичиг гэдэг нь ардын засгийн үеэс хуучирсан, хоцрогдсон санааг илэрхийлж, уйгаржин монгол бичиг гэдэг нь түүний гарал үүсэлтэй холбоотой нэр юм. Эрдэмтэн Б.Ренчин “Уйгаржин монгол бичгийг YIII зуунаас авч хэрэглэж, монгол үгээ тэмдэглэж байсан” гэж үзжээ. Монголчууд түүхэндээ уйгаржин монгол бичигтэй зэрэгцүүлэн хэд хэдэн үсэг зохиож хэрэглэсэн байдаг.

Дөрвөлжин үсэг: Хубилай сэцэн хаан Төвдийн Пагва ламаар дөрөлжин үсэг зохиолгуулан, гүрний хэмжээнд хэрэглэхээр зарлиг болгожээ. Тэрээр “шинэ үсэг” хэмээн нэрлэж түүнийг зааж сургах бичгийн сургуулиудыг байгуулж, 1260-аад оны эцсээр суралцагчдыг албан татвараас чөлөөлөх зэргээр хөнгөлөлт үзүүлж байв. 1270 онд сүм хийдэд, 1273 онд улсын бүх тушаалтнуудад эл бичгийг хэрэглэх тухай зарлиг гараж байсан.

Тод бичиг: Хулгана жилийн өвөл буюу 1648 онд хошууд угсааны Зая Бандида огторгуйн далай (Намхайжамц) нэгэн үсэг зохиосон нь “тод үсэг” хэмээн нэрлэгдсэн. Тод үсэг нь монгол бичгийн нэг үсгээр олон авиа тэмдэглэдэг байдлыг арилгах, олон зуун жил хэрэглэгдэж ирэхдээ аман ярианы хэлнээс ихээхэн холдсон монгол бичгийг хэл аялгуунд нь ойртуулах гэсэн зорилгыг агуулсан байна. Гэвч тод үсэг нь ойрад аялгууны онцлогийг үлэмж тусгасан аж. Тод хэмээн нэрлэсний учир нь долоон эгшиг үсгийг долоон өөр болгож монгол үсэгт сэлгэдэг (д-т, г-х) мэт хэд хэдэн авианд нийт дунд нь нэг үсэг оноосныг салгаж, тодотгосонтой холбоотой аж.

Вагиндрагийн үсэг: Улаагчин хонин жил буюу 1907 онд Буриадын ханчен Агваан үсэг зохиож Санкт-Петербург хотноо хорголжин үсгийн бар цутгуулж, хэдэн ном, цагаан толгойг хэвлүүлснийг монгол бичгийн түүхнээ “Вагиндрагийн үсэг” хэмээн нэрлэдэг. Энэ үсэг монгол, тод үсгийн бичилбэрт тулгуурлагдсан агаад буриад аялгууг үндэс болгосон. Монгол бичгээс ялгаатай нь үгийн эхэн, дунд, адаг гэж байдаггүй, их бага үсэг гэж байдаг байна. Эл бичиг дэлхийн I дайн хүртэл орон нутгийн шинжтэй хэрэглэгдэж байгаад орхигджээ.

Соёмбо үсэг: Монгол үсэгтэй шууд үүслийн холбоогүй боловч монголчуудын бий болгон хэрэглэж ирсэн үсэг бол Соёмбо үсэг юм. Өндөр гэгээн Занабазар энэтхэг, ланз нагарын үсгээс санаа авч эл үсгийг зохиосон байна. Соёмбо гэдэг нь санскритаар sva-yan-bhy гэдгээс үүссэн бөгөөд “өөрөө гийсэн гэгээн  үсэг” гэсэн үгтэй дүйнэ. Энэ үсэг нь 90 үсгээс бүрддэг бөгөөд халх аялгууны өвөрмөц онцлогийг агуулсан байдаг.

Манж бичиг: Монгол үсгээс улбаалан гарсан бөгөөд Манжийн Нурхайч хаанаас Эрдэнэ багш, Гагай заргач хоёрт монгол үсгийг түшиж манж үсэг боловсруулах даалгавар өгснөөр 1599 онд уг бичиг зохиогджээ. Дээрх хоёр багш нь монгол хүмүүс байжээ.

Монгол бичиг: Монголчууд 1940-өөд он хүртэл монгол бичгийг хэрэглэж байгаад 1941 онд орос кирилл бичгийг төрийн албан ёсны бичиг болгох шийдвэр гаргаж 1953 оноос орон даяар кирилл үсэгт бүрэн шилжсэн байна.

Ийнхүү монголчууд түүхийн явцад олон  үсэг бичиг зохиож хэрэглэж ирсэн нь нэг талаар хэл шинжлэл, ялангуяа бичгийн хэлний хөгжлийн шаардлага хэрэгцээ байсан боловч нөгөө талаас улс төрийн шалтгаан байсан байна.

Тухайлбал, Хубилай хааны  хятад, монгол бичгийн аль нь биш өөр гурав дахь бичиг үсэг болгож дөрвөлжин бичгийг төрийн албан ёсны бичиг болгохыг зорьж байсан. 1940-өөд онд И.В.Сталины шахалтаар кирилл үсгийг хэрэглэх болсноор уламжлалт үсэг, бичиг соёлоосоо хөндийрчээ.

 

 

Монголчуудын үндсэн хэл төв монгол хэл нь дотроо олон салбар аман аялгуутай бөгөөд гол дөрвөн аман аялгуу нь халхын, ойрадын, буриадын, өвөрлөгчдийн гэж ангилдаг.

Нэг. Халхын аман аялгуу нь хүн амын дийлэнх болох халхчууд хийгээд бүх нийтээр хэлэлцдэг аман болон бичгийн хэлний хамгийн өргөн дэлгэрсэн  аялгуу юм.  Халхын аялгуу нь төв, баруун, зүүн, халхын салбар аман аялгуу гэж  ялгагдана.

Төв халхын аялгуу:  Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай, Завхан, Баянхонгор, Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар, Дархан хотод оршин суудаг хүмүүс ярилцдаг. Мөн энэ нутагт шилжин ирж суурьшсан ойрад, буриад, өвөрлөгчдийн хэл яриа нь төв халхын аялгуунд шилжсэн байна. Төв халхын аман аялгуу нь Төвийн халх, Говийн халх, Өвөрхангайн халх гэсэн гурван салбар аман аялгуутай болно.

Баруун халхын аман аялгуу: Энэ аялгуугаар Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Хөвсгөлийн халх, хотгойд, мянгад, дархад, урианхай, Говь алтай, Архангайн халхажсан хойд өөлдүүд хэлэлцэнэ. Баруун халхын аман аялгууг өрнөд халх, илжгэн халх, сартуул халх, хотгойд, мянгад, дархад, ариг урианхай, халхажсан өөлд- хойдын салбар мөн аялгуу хэмээн ангилж болно.

  • Өрнөд халхын салбар аман аялгуугаар: Ховдын Цэцэг сумын урианхай - халх,  Дарви сумын олгонууд халх, Буянт сумын тариачин халх, Говь алтай, Завханы халхчууд хэлэлцэнэ.
  • Сартуул халхын салбар аман аялгуугаар: Завханы Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргад, Цэцэн уул, Түдэвтэй, Сонгино, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Чандмань сумын сартуулууд ярина.
  • Илжигэн халхын салбар аман аялгуугаар: Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаан хайрхан, Баруун туруун суманд нутаглах илжгэн  халхчууд ярина.
  • Хотгойд  мянгадын салбар аман аялгуугаар: Хөвсгөл аймгийн Бүрэн, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Бүрэнхаан, Цэцэрлэг, Завханы нөмрөг, Тэлмэн, Баян уул, Баянхайрхан сумдын хотгойд, Ховд аймгийн мянгадууд хэлэлцэнэ.
  • Ариг урианхайн салбар аман аялгуугаар: Халх урианхайн нэгэн төрөл нь Хөвсгөлийн Чандмань-Өндөр сумнаа Аригийн голоор нутаглах жарчиуд, ариг урианхай юм. Тэдний улбаа нь халхын хоёр урианхайн хошууныхан болон Говь-Алтайн Тонхил, Ховдын Цэцэг, Дарви сумын халх урианхай болно. Харин Хөвсгөлийн цаатан болон үүрийн урианхай нар нь түрэг хэл аялгуутай болно. Ариг урианхайн  аман аялгуу нь халх аялгууны  өвөрмөц нэг салбар мөн.
  • Дархад салбар аман аялгуугаар: Хөвсгөлийн Баянзүрх, Улаан-уул, Ринченлхүмбэ сумдад олноор Арбулаг, Алаг-Эрдэнэ, Хатгал халх суманд хэсэг бусаар суудаг дархадууд хэлэлцэнэ.
  • Өгийнуур сум, Архангайн хангайн сумын өөлд, Говь алтайн Шарга сумын хойдууд ярилцана.

Зүүн халхын аман аялгуу: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн халх, дарьгангачуудын хэлэлцэх энэ аялгуу нь Төв халхын аялгуутай ойролцоо бөгөөд дотроо дорнод-халхын, дарьгангын гэсэн хоёр салбар аман аялгуутай болно.

Хоёр. Ойрад аман аялгуу: Ойрадын аман аялгуугаар Ховд, Увс, Баян-Өлгий аймагт суух баруун монголчууд ярилцана. Ойрадын аман аялгуу нь дараах хэдэн салбар аман аялгуутай. Үүнд:

  • Дөрвөд-Өөлдийн салбар аман аялгуу. Энэ аялгуугаар Увс аймгийн Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Өмнөговь, Ховд, Наранбулаг, Өлгий сумд, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ногооннуур сум, Ховд аймгийн Мянгад сумын дөрвөдүүд ярина. Увс аймгийн хүн амын тал шахам хувь нь дөрвөдүүд болно.
  • Баядын салбар аман аялгуу. Увс аймгийн Малчин,Тэс, Хяргас, Зүүнговь суманд амьдардаг баядууд орно.
  • Захчины салбар аман аялгуу. Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч сумын захчингууд ярина.
  • Торгуудын салбар аман аялгуу. Ховд аймгийн Булган сумын торгуудууд хэлэлцэнэ.
  • Алтайн урианхайн салбар аман аялгуу. Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумынхан, Баян-Өлгий аймгийн Буянт, Алтай суманд хасгуудтай холилдон суудаг урианхайчууд ярьдаг. Мөн Сэлэнгэ аймгийн Орхон, Зүүнбүрэн зэрэг сумнаа шилжин нутагласан урианхайчууд ярина.  


Гурав. Буриадын аман аялгуу:
Буриадын аялгуугаар Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Булганы зарим сумдаар суудаг буриад, барга, хамниган ястан ярина. Монголын буриадын аман аялгууг авиан зүйн шинжээр нь Онон-Улз  холь ага хамниган худир, барга–буриадын Сэлэнгэ-үүрийн голын түнхэн, санага, цонгоол голын буриадын аман аялгуунд буриадын салбар аман аялгуу гэж ангилж болно.

  • Онон улз голын буриадын аман аялгуунд агар хорь, хамниган, барга-буриад гэсэн гурван салбар аман аялгуу байгаагийн дотор зонхилох нь Хэнтий аймгийн Батширээт, Дадал, Норовлин, Биндэр суманд суух хорь буриад, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо сумын ага буриадууд юм. Мөн Хэнтий аймгийн Батширээт  суманд Онон голд 1914-1924 оны  монголд ирсэн цөөн тооны худир буриад бий.
  • Хамниган салбар аман аялгуу. Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Сэлэнгэ аймгийн Ерөөд нутаглах цөөн тооны хамниганчууд энэ аялгуугаар хэлэлцэнэ. Хамниган аялгуу нь угтаа Манж –түнгүс хэлний төрөл болох авч одоо буриад хэл аялгууны нөлөөнд автан түүнтэй төстэй болжээ.
  • Барга буриадын салбар аман аялгуу Дорнод аймгийн Хөлөнбуйр сум. Хуучин шинэ баргын Хөвөөт цагаан хошуунаас 1945 онд ирж суусан барга нар нь энэ аялгуугаар ярина. Мөн түүнээс эрт 1900-аад оны үед Шулуун цагаан хошууны занги Дамдинсүрэнгийн удирдлага доор ирсэн нэгэн хэсэг барга нар байх бөгөөд тэд нар Дорнод аймгийн Гурванзагал сумын харъяат болно. Түүнчлэн 1918 оны үеэс шилжин ирж Богдын шавь болсон барга нар Төв аймгийн Сэргэлэн (Авдарбаян) сумнаа амьдарч байна.
  • Сэлэнгэ–Үүр голын буриадын салбар аман аялгуу. Сэлэнгэ мөрний сав газар, Хөвсгөлийн Цагаан үүр сумын нутаг Үүрийн голоор нутагладаг цонгоол, салага-түнхэний буриадууд энэ аялгуугаар ярина. Үүнээс цонгоолын аман аялгуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг, Шаамар сум, Сүхбаатар, Дархан болон Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Халх, Булган аймгийн Тэшиг суманд суудаг цонгоолууд ярина.


Дөрөв. Өвөрлөгчдийн аялгуу:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын баруун зүүн үзэмчин, Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган суманд буй зүүн үзэмчин нар болон цөөн тооны хуучид, түмэд, баарин, хорчин нар өвөрлөгчдийн аялгуугаар ярилцдаг.

Тав. Түрэг хэлний аман аялгуу: Баян-Өлгий аймгийн бүх сумд, Ховд аймгийн Булган сумнаа суух хасгууд түрэг хэлний салбар болох хасаг хэл аялгуугаар ярина. Мөн Налайх хот, Шарын голд нэлээд тооны хасаг монголчуудтай холилдон суух бөгөөд хасаг монгол хоёр хэлээр ярилцана.