Сэцэн Амирлангуй хатан

Манжийн Энх-Амгалан хааны эмэг эх, мөн Манжийн төрийг барилцаж явсан Бумбутай хатан. Түүхэнд Сэцэн Амирлангуй, Хятадын түүхэнд “Хаш хатан” хэмээн тэмдэглэгдсэн. Манж Чин гүрний анхны эзэн хаан хэмээгддэг Нурхайч баатрын угсаа залгамжлах хунтайж Абахай (Тай Цун) ноёны хатан Бумбутай нь 1613 онд Монголын Боржигон овгийн угсаа Хасарын удам болох Хорчины ноён Зайсангийн охин болон мэндэлжээ. 1625 онд Абахай буюу Тай цун Монгол нутгаас 21 дүү буюу 12 настай бяцхан охин Бумбутайг татвар эм болгон авчирч 15 насанд нь хуримлаж 9 дэх татвар эм болгожээ. Бумбутайд хааны ордны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ. Хүүхэд зангаа гээгээгүй, хөгжилтэй, сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна. Шивэгчингүүд нь түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг.

Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсний дараахан Ар халхын ноён Чиб угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан аж. Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнажээ. Тэрхүү бэлгийг Амирлангуй гүнж бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авалгүйгээр хааны ордны ихэс дээдэс, тайганууд, зарц шивэгчингүүдэд хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж, тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ. “Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай” гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан учир 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн.

Ийнхүү Сэцэн Амирлангуй хааны ордонд ирснээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны “Их хатан”-аар өргөмжлөгджээ. Тэрбээр 20 нас хүрэхээсээ өмнө 3 удаа төрсөн боловч гурвуулаа гүнж байв. Харин бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо 8 болсон байв. Амирлангуй гүнж хүү төрүүлэхийг ихэд хүсдэг байсан ба бие давхар болсноо мэдмэгц “хүү байгаасай” гэж өдөр шөнөгүй залбирдаг болжээ. Хүү төрөх л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар арга ухаан сийлж эхэлсэн гэдэг.

Өмнө төрсөн 8 ханхүү бий учир “хаан суудал” алсын од мэт холын хол байсан боловч “Чингис хааны удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодсоор эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан гэдэг. Юуны түрүүнд 9 эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэжээ. Даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган, тансаг харагдаж байсан гэдэг. 9 эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан 9 эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ. Энэхүү цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ.

Бусад хатад, татвар эмс цуу ярианд эгдүүцэж Амирлангуйг улам үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээсэн Амирлангуй гүнж огтхон ч тоосонгүй. Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа.

Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна. Үүний дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн “тэнгэрийн хүү” гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж үүр цайх үед Амирлангуй гүнж хүсэн хүлээсэн хүүгээ төрүүлсэн гэдэг.

Хаан эзэн Тай Цун ч баярлан “Хааны ес дэх хүү, энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу “Буян ирэгч” хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг. Дуулиантай төрсөн ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны 6-хан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлжээ.  

Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, өмнөх хан хөвгүүд, хатадууд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л явуулгыг бут цохиж байсан гэдэг. Нас барсан хааны төрсөн дүү Түркүн угсаа залгамжлагч Фу Линтэй өрсөлдөж эхэлжээ.  

Арга ухаан төгс Амирлангуй бүхнийг сөрж, дотоодын хямралыг дарж, Хятадын Мин улсыг ч мөхөөжээ. Хаан ширээг булаахыг завдсан Түркүний цаад санааг нь мэдэж байсан Амирлангуй хатан хүүгийнхээ байр суурийг бэхжүүлэхийн тулд Түркүний удаа дараа гуйсан урагийн гуйлтыг хүлээн зөвшөөрч гэрлэн суусан байдаг. 1650 оны сүүлээр Түркүн Хар хотод өвчний улмаас нас барсан даруйд өөрийн талын сайд түшмэдийг дайчлан эд хөрөнгийг нь хурааж, өнгөрсөн цаг хугацаанд хийсэн хэрцгий үйлдлүүдийг нь сөхөн буруутгаж, онголсон газрыг нь сүйтгэжээ. 

Амирлангуй хатан хүүдээ төр захирахад нь тусалж, олон жил үргэлжилсэн дайн дажны уршигаар үгүйрч хоосорсон ард түмэнд хааны ордонд гамнаж үлдээсэн зоос, амуу будааг тарааж олон удаа тэтгэсэн байдаг. 1661 онд хүү Фу Лин хүнд өвчин туссан ба хаан ширээгээ хатан эхтэйгээ зөвлөлдөн гутгаар хүү 8 настай Сиован Еэ-д өвлүүлжээ. Ор залгасан хүү нь Манж Чин улсын түүхэнд хамгийн гарамгай хаадын нэг Энх-Амгалан хаан байсан юм. Амирлангуй хатан 1661-1672 он хүртэл нас бага, цус шингэн ач хүүдээ чадлынхаа хирээр туслан дэмжжээ. Эдэнд шунадаггүй, өнгөнд автдаггүй, сэцэн ухаантай Амирлангуй хатан Манж Чин улсын 3 үеийн хааны засаг явуулах үйлсэд хүчин зүтгэсэн ба 1687 оны 12-р сарын 25-нд 75 настайдаа өвчнөөр нас баржээ. Энх-Амгалан хаан эмэг эхийнхээ дурсгалд зориулж Хятадын Ляонин мужид бунхан босгожээ.