Бүгд Найрамдах Монгол Ард Улс - Халхголын дайн

Орос, Япон хоёр анх холбогдсон түүх нь Курилийн арлаас эхтэй байдаг. XVI-XVII зууны үеийн хоёр улсын газар нутгийн маргаан даамжирсаар ХХ зуунтай золгосон бөгөөд энэ хоёр улсын харилцаанд Монгол хэмээх нэгэн субъект орж ирснээр харилцаа нь маш сонирхолтой болж ирсэн. Монгол улсын хувь заяанд Япон улс ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж ирсэн байдаг нь жирийн нэг хэрэг биш юм. ХХ зууны эхээр Монголд өрнөсөн хувьсгалын үед ч Япон улс тодорхой хэмжээгээр оролцож байжээ.

Хятад - Японы 1894-1895 оны дайнд ялалт байгуулсан япончууд Манжуурын өмнөд хэсгийн Ляодунгийн хойгийн өмнөд үзүүрт байх Порт Артуртай (Далиан, Дариен) нь хамт эрхшээлдээ оруулж авсан байна. 1896 онд Оросын II Николай хаан Японы эсрэг Хятадын холбоотон болсныхоо хүчинд Транссибирийн төмөр замыг Манжуурын хойд хэсгээр үргэлжлүүлэн татаж, Оросын Номхон далайн боомт болох Владивостоктой холбох эрхийг олж авсан юм. Улмаар оросууд Манжуурын хойд хэсгийн нэр төдий хяналтыг олж авсан. Дараа нь Орос болон Хятадын хүчтэй дарамт шахалтын улмаас япончууд өмнөд Манжуурыг чөлөөлж өгсөн.

Хятадын Бохайн булангийн нөгөө талд Порт Артурын эсрэг талд Шандунгийн хойг байдаг. 1897 онд Герман улс тэдний нэг томоохон боомт болох Чингдао (Цингтао) боомтыг эзэлж авчээ. Орос улс ч мөн газар нутгаа өргөжүүлэхээр Хятадын засгийн газарт шахалт үзүүлж эхлэв. Энэ нь үр дүнд хүрч 1898 онд Порт Артур болон Манжуурын бусад алслагдсан бүс нутгуудыг эрхшээлдээ оруулж авлаа. Улмаар уг бүс нутгийг Владивостокийн боомттой төмөр замаар холбосон юм. Япон улс Азийн эх газарт эрх мэдлээ дахин тогтоох боломжоо алдсан гэхэд болно.

Улмаар 1904 онд Орос-Японы дайн Манжуурын газар нутгаас болж дэгдлээ. Дайн 1905 онд япончуудын ялалтаар өндөрлөж Япон улс Портсмоутын хэлэлцээрээр Порт Артурыг урт хугацаагаар эзэмших эрх авсан юм. Энэ нь 1898 оны Бээжингийн II конвенцийн үр дүнд британичууд Хонконг болон шинэ газар нутгийг авсантай адил хэлэлцээр байлаа. Япончууд болон Оросуудын аль аль нь улмаар Манжуурыг Хятадын мэдэлд өгөхөөр санал нэгдсэн боловч дахин боломж гарвал энэ бүс нутгийг эзлэн авахад бэлэн байлаа. 1910 онд Япончууд Ляодунгийн хойгтой зүүн талаар нь залгаа шахуу орших Солонгос улсыг эрхшээлдээ оруулж авсан.

Тэр үед Ар Монголд 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялаад байсан ба Монголчууд аль нэг их гүрэнг даган түүний нөмөрт хоргодохоос өөр аргагүй байлаа. Монгол дахь нөлөөллөө хадгалахыг хичээж байсан Хятад болон Оросын аль алинд нь Жавзандамба хутагт дургүй байсан. Богд хаант Монгол Улс анх 1912.11.18-нд Японтой дипломат харилцаа тогтоох, өөрийн орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр нот бичиг илгээж байсан ч харамсалтай нь уг нот бичиг Хятадын асуудлаас болж замдаа саатсан байдаг. Богд хааны хүсэл бол Сибирь дэх буриадууд, Өвөрмонгол болон баруун хойд Манжуурыг нэгтгэсэн Их Монгол улсыг байгуулах явдал байв. Тухайн бүс нутгийн цэргийн хүчнүүд дундаас Жавзандамба хутагт Япон улсыг өөрийн хүссэн Монгол улсыг байгуулахад туслах хүч гэж үзсэн. 

Япон нь иргэний дайнд үймээд байсан Орос Хятадуудаас хамаагүй дээр санагдсан. Харин Япон өөрөө бурханы шашинтай, өөрийн эрх мэдлийг Зүүн Хойд Ази болон Монголын нутагт тэр чигт нь тогтоох сонирхолтой байв. Тэд нэгдсэн Монгол улс байгуулагдвал “Хятадад ч дарамт үзүүлнэ, Оросын Алс дорнодыг эзлэх аятайхан ч бэлтгэл талбар болно” гэж тооцжээ. Ийнхүү 1918 онд япончууд Япон-Монголын Бурханы шашны нийгэмлэгийг байгуулж Нармай Монгол улсыг байгуулах төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Япон улсын энэ санааг хамгийн түрүүнд уухайлан дэмжиж, үнэнчээр зүтгэсэн хүн нь атаман Семёнов байв. Тэр Японтой хамтран Ар болон Өвєр Монгол, Буриад Монгол, Барга, Хөхнуур зэрэг монголчуудын оршин суудаг нутгийг багтаасан “Нармай Монгол улс” байгуулах их хурал зарлан хуралдуулжээ. 1919 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 6-нд Чита хотод болсон их хуралд Барга, Буриад, Өвөрмонголоос оролцсон ба харин Ар Монголоос нэг ч хүн оролцсонгүй. Г.М.Семёновын цэргийн ивээл дор болсон их хурлаас холбооны бүтэцтэй “Нэгдсэн Монгол улс” байгуулж буйгаа зарлан Түр Засгийн газрыг Өвөрмонголын Нэйс гэгээнээр толгойлуулжээ. Гэвч энэ үзэл санаа төд удалгүй замхарсан юм. Орос, Хятад төдийгүй Англи, Франц улс Японд эсэргүүцлээ илэрхийлж шахалт үзүүлж эхэлсэн. Ийнхүү Японы дэмжлэг зогссоноор атаман Семёновын мөрөөдсөн Нармай Монгол улс цааш явцгүй болсон. 1920 оны сүүлээр Г.М.Семёнов Японы эрх баригчдад холбоо байгуулах, хамтран ажиллах санал тавьсан боловч “Оросын ард түмэнд нөлөөлөх таны нөлөөлөл өдөр ирэх тусам суларч байна” гэсэн хариу сонсчээ. Улмаар 1919 оны сүүлчээр Монгол Хятадад дагаар орж тусгаар тогтнолоосоо хүчээр татгалзсан юм.  

Солонгос улс Японоос салж тусгаар тогтнолоо зарлахад Япон улс Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дарах гэж хамаг анхаарлаа хандуулсан учир Жавзандамба хутагтад Японоос тусламж эрэх боломж байсангүй. Орос улсад суурьшсан Германы язгууртан гэр бүлээс гаралтай Барон Роман фон Унгерн-Штернберг бага залуугаасаа бурханы шашныг сонирхдог байв. Мөн большевикуудын эсрэг харгислалаар зартай нэгэн байжээ. 1920 оны сүүлчээр Япончуудын ятгалгаар Цагаан Оросын армийг дагуулан Ар Монгол руу цөмрөн орж ирэв. Хятадууд Монгол улсын нийслэл Өргөө хотод Жавзандамба хутагтыг барьж хорьсон байлаа. Барон Унгерн Жавзандамба хутагтыг чөлөөлөх үүргийг өөртөө хүлээн авчээ. Түүний цэргийн бүрэлдэхүүнд Япон цэргийн хороо байсан юм. Нийслэл хүрээг чөлөөлөх тэрхүү тулалдаанд япон цэргүүд оролцсон нь сонирхолтой. Бароны Азийн морьт дивизийн бүрэлдэхүүнд япон цэргүүд байж Бароныг баригдах хүртэл Монголын нутгаар хөндлөн гулд аялан байлдаж байжээ.  

Монголд коммунизмын нөлөө тогтсоноос хойш Монголын хувь заяа тэр чигээрээ ЗХУ, Япон хоёроос шууд хамаарч байсан юм. Япон улс 1931 онд Хятадын хойд руу довтолж өөрсдийн эрхшээлдээ байлгаж байсан Манжуур, зүүн Өвөрмнголд Манжгоо улсыг 1932 онд байгуулав. Сталин бурханы шашныг ашиглан Буриад, Ар Монголд байгаа бурханы шашинтнуудтай нэгдэн Азид ноёрхолоо тогтоох гэж оролдох байх гэж Япон улсыг хардаж байв. Иймээс 1932 онд Зөвлөлтийн армийг Монгол руу оруулж Японы холбоотон, тагнуул босогчид гэсэн нэрийн дор улс төрийн их хэлмэгдүүлэлт явуулав.  

Монгол улсад 1932-1934 онд “Шинэ эргэлтийн бодлого” батлагдан хэрэгжиж бурханы шашныг хавчих бодлогоо бага зэрэг зөөлрүүлж хэд хэдэн сүм хийдүүдийг дахин нээхийг зөвшөөрсөн. Сталин хэрэв бурханы шашинтнуудыг хэт өөрийн эсрэг хандуулбал, тэднийг Японтой ойртуулж улам түлхэнэ гэж үзэж байжээ. 

1935 онд хилийн мөргөлдөөн гарч Манж-Го дахь Японы цэргийн хүчтэй Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн хүч байлдахад Сталин Буриад болон Монголд байгаа өндөр зэрэглэлийн лам нарыг Япончуудтай хуйвалдсан гэж буруутгаж байв. Монголчуудын дэмжлэгийг авахын тулд Япончууд Лхасын зөвшөөрөлтэйгөөр есдүгээр Жавзандамба хутагтыг залж Нармай Монгол хөдөлгөөний удирдагч болгож, Буриадыг буцаан өөртөө нэгтгэхэд нь тусална гэж амлаж байв.  

1937 онд Япончууд Өвөрмонголын үлдсэн газар нутаг, хойт Хятадыг эзэлж авлаа. Сталин Буриад болон Монголын өндөр хэргэм зэрэгтэй лам нарыг Японы ухуулгыг дэмжин тарааж байна гэж буруутган, цэвэрлэгээг илүү далайцтайгаар явуулж, сүм хийдүүдийг эрчимтэй устгаж байв. 1927 онд гарсан Японы ерөнхий сайд Танакагийн нэрээр нэрлэгдсэн “Танакагийн тунхаглал” (Танакагийн меморандум) ёсоор 1931 онд Япончууд Манжуурыг эзэлсний дараа 1932 оны 3-р сарын 1-нд Манж Го хэмээх тоглоомын улсыг байгуулав. Эзэн хаанаар нь Манжийн сүүлчийн эзэн хаан Пу И томилогдсон байна. Хятадын дотоод дахь үйл явдлыг цэгцлэх, мөн ЗОУ-ын эсрэг хийх ирээдүйн дайнд нь Манж Го улс чухал үүрэг гүйцэтгэх ёстой байв. Манж Го бол ЗОУ - Японы дунд буфер улсын үүрэг гүйцэтгэх ёстой байжээ.  

1939 оны 4-р сарын 27-нд Японы засгийн газар хуралдаж Япон, Хятад, Манж Го улсуудын улс төр, эдийн засгийн холбоог байгуулан нэгдсэн Азийн бодлого явуулах саналыг Чан Кай Шид хүргүүлсэн боловч тэрээр дотоодын шахалтын улмаас хүлээж аваагүй. Үүний дараа Квантуны арми Монгол-Манж Гогийн хилийн маргаантай бүс болох Халхгол хавиар өдөөн хатгалга хийх болсон байна. Тухайн үед албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хил БНМАУ – Манж – Хятадын хооронд байгаагүй нь асуудалд нөлөөлжээ. Япончуудын өдөөн хатгалаг, хилийн зөрчилд тухайн үеийн БНМАУ-ын засгийн газар эхэн үедээ хүлээцтэй хандаж байсан боловч асуудал цаашид улам хурцадсаар дайны эхлэл болсон билээ.  

Цэргийн түүхийн нэрт эрдэмтэн Ц.Гомбосүрэн Халх голын дайны зорилгыг “Энэ дайн нь нэг талаас Улаан армийн сүр хүчийг Японд үзүүлэх, нөгөө талаас Квантуны арми хүчин чадлаа сорих, өөрөөр хэлбэл хоёр их гүрний улс төр, цэргийн бодлогын эрх ашиг, сонирхлоо хэрэгжүүлэх талбар нь БНМАУ-ын нутаг дэвсгэр болж, улмаар Халхын голын дайнд хүргэсэн” гэжээ. Японы талын түүхчид Халхголын дайныг Квантуны армийн албан тушаалтнуудын бие даасан алдаатай бодлогуудын нэг байсан хэмээн үздэг.  

Халхголын дайныг өдүүлсэн Японы шалтаг шалтгаан:

  • Монгол-Манж Гогийн хилийн маргаантай асуудал
  • 1936 оны 8 сард Хасан нуурын тулалдаанд ЗХУ-д ялагдсаны хариуг авах
  • Холбоотон Германд Квантуны армийн цэргийн хүчийг харуулах
  • ЗХУ-ын алс дорнод дахь цэргийн хүч суларсан эсэхийг тандах
  • БНМАУ-ыг эзэлж ЗХУ-ын эсрэг дайны түшиц газар нутаг болгох
  • Манж Го улсыг ЗХУ-аар хүлээн зөвшөөрүүлэх
  • Батлан хамгаалах салбарт ашиглах түүхий эдийг Сибирээс хангах зорилгоор алс дорнодын бүс нутгийг тасдан авах

ЗХУ-ын Халхголын дайнд оролцсон шалтгаан:

  • Япон улсын Чан Кай Шид илгээсэн саналыг эсэргүүцэх
  • Европт эхлэх дайны өмнөх цэргийн сорилт хийх
  • Японы армийг ялж, түүний цэргийн хүчийг Зүүн өмнөд Ази руу эргүүлэх
  • 1905 оны Орос-Японы дайнд ялагдсан ялагдлын хариуг авах.
  • 1936 онд байгуулсан ЗХУ- БНМАУ-ын харилцан туслалцах гэрээг хамгаалах
  • Дайны шинэ техник технологи, зэр зэвсэг турших
  • 1937 онд Монголд хийсэн цуст геноцидээ зөвтгөх
  • БНМАУ-ын буфер бүс нутгийн үүргийг тод харуулах

Дээрх шалтгаантай хэмээн түүхчид үзсэн. Манж Го, Монголын хоорондох хилийг Япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзсэн боловч Монголчууд Халхголоос зүүн зүгт 16 км цаана орших Номун хан тосгон хүртэл Монгол улсын нутаг гэж үзэж байсан юм. Манж Го улсын арми нь үндсэндээ 1939 онд Японы Квантуны армийн командлалд захирагдаж байв. Харин Манж Го-гийн баруун хэсгийг Хайлаарт төвлөрсөн Манжийн эзэн хааны 23-р арми захирч байв. Энэ нь генерал Комацүбара Мичитаро ба цөөн тооны Манж Го-гийн арми, хилийн цэргээр удирдуулдаг байв. Мөн хувьсгалын үед зугтан гарсан Колчакийн болон атаман Семёновын цэргийн томоохон офицерууд Манж Го улсын армийн цэргийн зөвлөл болон бусад албанд үүрэг гүйцэтгэж байжээ.

Улаан армийн цэргүүд Сибирь-Манжуурын хилийг хамгаалах үүрэгтэй Өвөр-Байгалийн цэргийн тойргоос ирсэн 57-р тусгай корпусын харъяанд байв. 1939 онд Дорнод Монголын Халхголд болсон байлдаан нь ЗХУ-ын хувьд томоохон стртатегийн сорилт болсон юм. Буфер улс байгуулах түүнээ хэрхэн хадгалан үлдэх нь маш том асуудал болж ирсэн. ЗХУ Японыг Монголын зүүн хязгаараар дайрна гэдгийг баттай мэдэж байсан төдийгүй түүний хүчин чадлыг ч гэсэн зөв үнэлж байлаа. Европ дахь нөхцөл байдал хурцдаж Зөвлөлт Герман нь Европт тулгарах нь нэгэнт тодорхой байсан тул хоёр фронт дээр зэрэг байлдалгүй ар талаа сайн бэхжүүлэх хэрэгтэй байсан юм. Иймээс ямар ч үнээр хамаагүй Халхын гол дахь нөхцөл байдлыг онцгой анхаарч цэргийн томоохон бүлэглэлийг байгуулах хэрэгтэй болсон юм. 

Зөвлөлтийн арми 1905 оны Орос-Японы дайн, 1936 онд алс дорнодын Хасан нуурт Япончуудтай тулгарч байсан бөгөөд ерөнхийдөө Японы байлдааны арга тактикийн талаар тодорхой төсөөлөлтэй байсан гэхэд болно. ЗХУ юуны өмнө Монголын сул дорой зэвсэгт хүчинг бэхжүүлэх тал дээр ихээхэн анхаарч үзэл суртлын болоод бусад ажиллагааг эрчимжүүлсэн байдаг. Тухайн үеийн Монголын улс төрийн дотоод дахь нөхцөл байдал ч гэсэн түгшүүртэй байлаа.

1932 оны ард түмний зэвсэгт бослого, улс төрийн хэлмэгдүүлэлт ид оргил үе дээрээ явж байсан хийгээд Японы гар хөл болсон хэргээр олон хүн баривчлагдсан нь нийт хүн амыг Японы эсрэг дайныг дэмжихэд түлхэц өгсөн билээ. ЗХУ Японыг сүр дуулиантайгаар дахин сэргэхгүй болтол нь цохих төлөвлөгөөтөй байлаа. Учир нь Японд томоохон сануулга өгөхгүй бол алс дорнод болоод Монгол нь Манжуурын нэгэн адил Японы түшиц газар болж болзошгүй байсан юм.

Халхголын районд Японы цэрэг өдөөн хатгалга хийх болсон нь ЗХУ-ын ашиг сонирхолыг зөрчсөн хийгээд БНМАУ нь дангаар Японы дайралтын тэсч чадахааргүй байсанд оршино. Халхголын дайн, тулалдаан, мөргөлдөөн, Номун ханы хэрэг явдал, хилийн жижиг мөргөлдөөн, их дайны үед болдог жижиг операци гэх мэт нэр зүүдэг ч Халхголын дайн нь яах аргагүй тухайн үеийн цэрэг стратегийн хувьд томоохон үйл явдал их дайны эхлэл байсан гэдэгтэй маргах аргагүй.

БНМАУ хэмээх буфер районыг ЗХУ ямар ч хамаагүй үнээр тогтоон авч үлдэх нь амин чухал байсан болохоор өөрийн зэвсэгт хүчнээ харамгүй золиосолсон билээ. 1939 оны 5-р сарын 11-нд эхэлсэн Халхголын дайн нь дайтагч талуудаас нэлээд их цус асгаруулсан дайн болсон бөгөөд ЗХУ-БНМАУ-ын цэргийн хүчин Японы эзэн хааны YI армийг бүслэн бут цохисон. 1939 оны 9-р сарын 16-нд Москва хотод болсон хэлэлцээрээр хоёр тал байлдааны ажиллагааг бүрэн зогсоосноор Халхголын дайн ЗХУ-Монголын ялалтаар өндөрлөсөн юм.

Ямар ч байсан Халхголын дайн нь Японд ихээхэн сургамж өгсөн юм. Япон улс нь хуурай газар байлдах чадвар муу гэдгээ Хятадын болоод Халхголын фронт дээр харуулсан учир тэнгисийн цэргийн хүчээ бэхжүүлж эхлсэн юм. Мөн Хятадын фронт дээрээс нэлээд их хүчийг Халхголын районд авчирсан нь Хятад-Японы байлдааны ажиллагаанд нөлөө үзүүлэн Хятадуудад нэг ёсны тусламж дэмжлэг болсон. Халхголын дайнаар сургамж авсан Япон 1945 он хүртэл ЗХУ-ын эсрэг ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулахаас татгалзан төвийг сахисан.

1941 оны 9-р сарын 1-нд Герман улс ЗХУ-тай урьд тохиролцсон ёсоор Польшид халдан довтолсон бөгөөд ЗХУ 9-р сарын 17-нд Польшийн зүүн хилээр нэвтрэн орсон юм. ЗХУ-ын хувьд Польш болон Халхголын хоёр фронт дээр зэрэг байлдааны ажиллагаа явуулах нь стратегийн хувьд ашиггүй байсан тул Халхголын дайныг яаралтай дуусгах хэрэгтэй болсон. 1941 оны 4-р сарын 13-нд Москва хотод ЗХУ-ын ГЯЯ-ны сайд Вячеслав Молотов, Японы ГЯЯ-ны сайд Ёсүкэ Мацуока нар энэхүү гэрээнд гарын үсэг зуржээ.

Уг гэрээгээр хоёр улс дайны үед харилцан үл довтлох үүрэг хүлээсний зэрэгцээ, Японы засгийн газар БНМАУ, ЗХУ, Манж Гогийн газар нутгийн халдашгүй байдлыг тус тус хүлээн зөвшөөрсөн байна. ЗХУ Японтой гэрээ байгуулснаар Хятадад үзүүлж байсан зэвсгийн тусламжаа зогсоожээ. Энэ гэрээ байгуулагдсаны дараа 1941 оны 4-р  сарын 14-нд Дундад Иргэн Улсын засгийн газар “Гадаад Монгол улс нь ДИУ-ын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цаашид ч ДИУ-ын газар нутаг байх болно. Манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг үл хүндэтгэсэн гуравдагч талын хоорондын хэлэлцээрийг үл зөвшөөрнө” хэмээн эсэргүүцсэн мэдэгдэл хийж байжээ. Эл гэрээ нь хэдийгээр 5 жилийн хугацаатай байгуулагдсан боловч 1945 оны 8-р сарын 9-нд ЗХУ Японд дайн зарласнаар гэрээний заалт хүчингүй болсон байна. И.В.Сталин Японтой нууцаар тохиролцоо хийхээр шийдлээ. Гэрээний дагуу Япон улс нь ямар ч тохиолдолд ЗХУ болон БНМАУ-ын эсрэг цэргийн ямар нэгэн ажиллагаа явуулахгүй бөгөөд БНМАУ дахь ЗХУ-ын онцгой эрхийг хүндэтгэн үзнэ гэж хэмээсэн байдаг. Өөр нэг аман нууц тохиролцоо нь ЗХУ-аас Манж-Го улсыг тусгаар улсын хэмжээнд хүлээн авч үзэх бөгөөд Япон улс ч гэсэн БНМАУ-ыг тусгаар улс хэмээн үзнэ гэсэн байдаг. Уг тунхаглалд БНМАУ, Манж Го улсуудын “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн бөгөөд халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүргийг талууд харилцан хүлээх”-ээ мэдэгдсэн байлаа.

Энэ нь Монголыг Манж Го-гоор нэг ёсондоо сольсон үйл явдал юм. Уг гэрээгээр Манж Го, БНМАУ-ын хилийг тодорхойлон баталгаажуулсан юм. Хамгийн их хохирсон нь БНМАУ бөгөөд хүч тэнцвэргүй тулалдааны улмаас Мана уулаа алдсан. Японд ч тэр ЗХУ-д ч тэр өөр өөрийн гэсэн буфер улс хэрэгтэй байсан нь Манж Го, БНМАУ хоёр юм. Маш сонирхолтой улс төрийн геополитикийн солилцоо наймаа болсон байгаа юм. ЗХУ-ын удирдагч И.Сталин нэг хэсэгтээ айх аюулгүй болж Европ дахь дайны талбарт сэтгэл амар байж коммунизмыг экспортлох ажилдаа орсон юм. Тэрбээр хэнд ч үл итгэх зангаараа Зөвлөлтийн алс дорнодод Японы эсрэг цэргийн 1 сая орчим хүнтэй томоохон бүлэглэлийг байнга байрлуулж байсан.

1941 оны 6-р сарын 22-нд Герман улс ЗХУ-д халдан довтолсон юм. БНМАУ дайны бүхий л цаг хугацаанд ЗХУ-д үнэнч байж буфер улсын үүргээ хангалттай биелүүлж байсан юм. Дайны турш Герман улс хичнээн шахан шамдуулж байсан ч Япон улс ЗХУ-тай байгуулсан гэрээндээ үнэнч байж ЗХУ-ын эсрэг ямар нэгэн цэрэг дайны ажиллагаа явуулалгүй харин Номхон далай болон Хятадын фронт дээр байлдааны идэвхтэй ажиллагаа явуулж байсан юм.

Дэлхийн II дайны Европ дахь голомт дууссаны дараа 1945 оны 2-р сарын 11-нд ЗХУ-ын удирдагч И.Сталин, АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузьвелт, Их Британийн ерөнхий сайд У.Черчилль нар дэлхийн II дайн дараах нөлөөллийн бүсийн тухай гэрээ байгуулжээ. Улмаар 1945 оны 9-р сарын 2-нд Япон улс Дэлхийн II дайнд ялагдсанаа хүлээж Подстамын декларацийг зөвшөөрч байгаа тухай баримтад гарын үсэг зурсан. Подстамын декларацид Японы газар нутаг нь Хонсю, Кюсю, Сикоку, Хоккайдо, түүнчлэн эдгээр арлуудад ойр жижиг арлуудаар хязгаарлагдах болно гэж заасан юм. Харин Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арал ЗХУ-д иржээ. 1946 оны 2-р сарын 2-нд ЗХУ-ын дээд зөвлөлийн шийдвэрээр дээрхи арлуудыг ЗХУ-ын газар нутаг гэж зарласан байна. Ялтын гэрээнд: АНУ, ЗХУ, Их Британи гарын үсэг зурснаар Японы болоод Монголын хувь заяа тодорхойлогдсон. Үүнд:

  • Тэргүүлэгч гурван гүрэн - ЗХУ, АНУ, Их Британи тохирсон ёсоор 2-3 сарын дотор Германыг буулган авч Европ дахь дайныг дуусгах
  • ЗХУ Японы эсрэг дайтах эвслийн хүчний саналыг хүлээн авах.
  • Японы 1904 оны дайныг Оросын эсрэг хүчээр дайрсан дайралт гэж үзэх
  • Өмнөд Сахалины хэсгийг ЗХУ-д эргүүлж өгөх,
  • Курилийн арлыг бүхэлд нь ЗХУ-д буцаан өгөх,
  • БНМАУ-ын одоогийн статусыг хүлээн зөвшөөрөх.
  • Япон улс нь АНУ-ын саналыг үг дуугүй хүлээн авах
  • Ялтын гэрээний дагуу өөрийн газар нутгийн хойд хэсэг Курилийн арлаас техникийн хувьд татгалзах

Эдгээр заалтуудыг оруулж үндсэндээ Японы хувь заяаг шийдчихсэн байна. Гэвч олон орны судлаач, ажиглагч нар газар нутгийн маргаантай асуудал дээр хоёр талын байр суурь ямар нэгэн онцгой зөвшилцөлд хүрнэ гэхэд хэт хол байна гэж үзсэн. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2005 оны 9-р сарын 27-нд “Москва нь Оросын хяналтад байгаа арлуудыг Японы талд найр тавин өгөх асуудлыг хэлэлцэхэд бэлэн биш байна” гэж мэдэгдсэн, мөн Оросын телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа “Курилийн эдгээр 4 арал бол Оросын мэдэлд оршиж байгаа бөгөөд энэ нь олон улсын эрх зүйгээр зохицуулагдсан асуудал юм. Энэ нь дэлхийн II дайны шууд үр дүн мөн бөгөөд бид энэ талаар ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийх төлөвлөгөөгүй байна” гэж мэдэгдэж байсан. Мөн тухайн үеийн В.Путины шадар туслахын хэлснээр “Хоёр улсын тэргүүлэгчдийн баталсан бүх хуучин бичиг, баримтуудын хүчинтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд хуучин гэрээ, зөвшилцөлүүдийг зохицуулах шинэ баримт бий болгох шаардлага алга” гэсэн тайлбар хийсэн зэргээс үзвэл Оросын тал газар нутгийн маргаантай асуудалд ямар ч гэсэн буулт хийх сонирхолгүй нь харагдаж байгаа бөгөөд Японы тал ч үүнийг ойлгосон болов уу. Бид өнөөг хүртэл найрамдах гэрээ байгуулаагүй, зөвхөн дайныг зогсоох тухай Сан-Францискогийн тунхаглал л байдгийг Япон улс мартах ёсгүй. “Курилийн бүлэг арлыг өөртөө авах гэсэн Японы улс төр, олон нийтийн компани нь Дэлхийн II дайны дүнг хянаж үзэхийг сонирхсон олон улсын нэлээд хэдэн хүчний стратегид орж байна” гэж Оросын парламентын гишүүн, Либерал ардчилсан намын удирдагч Владимир Жириновский үзэж байсан. Хэрэв Курилийн асуудал Япончуудын талд нааштай шийдэгдэх юм бол Монгол Улсын статус ч бас хөндөгдөх учиртай билээ. Монгол болон Курилийн арлууд нь шууд Дэлхийн II дайны үр дүн гэдэг нь маргаангүй зүйл юм.

Японы эсрэг дайнд ЗХУ-ыг оролцуулах гол амлалт нь БНМАУ-ын статусыг хүлээн зөвшөөрч, стратегийн ач холбогдол бүхий Курилийн арал ЗХУ-ын газар нутаг мөн хэмээсэн факт юм. Тиймдээ ч ЗХУ маш олон цэрэг эрсийнхээ амь насаар БНМАУ болон Курилийн арлыг өөрийн болгож авсан. Энэ бол их дайны үнэ цэнэ их гүрнүүдийн улс төрийн тохиролцоо наймаа юм.

1939 оны Халхголын дайны дараа ЗХУ-Япон хоёр БНМАУ, Манж Го хоёр улсыг харилцан зөвшөөрч байсан шигээ Ялтын гэрээний үр дүнг хүлээн зөвшөөрөх ёстой. АНУ нь тухайн үедээ Гоминданы удирдагч Чан Кай Шид нөлөөлөн Монгол улсын статусыг хүлээн зөвшөөрүүлсөн бөгөөд Ялтын хурлын гол үр дүн нь Монгол болоод Курилийн арлын асуудал байсан билээ. Курилийн арлын хувь заяа хэрхэн шийдэгдэхээс хамааран Монгол Улсын аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал хамаарах болно гэдэг нь маргаангүй зүйл юм. Япон улс нь ингэж Монгол улсын аюулгүй байдалтай ямар нэгэн хэмжээгээр салахын аргагүй холбогдоод байгаа юм. Ялтын гэрээг дахин авч үзэх нь Монголд ч, Оросын талд ч хохиролтой юм. Японы хувьд харин ашигтай байж болох талтай. Японы тал өөрийн газар нутаг болох Курилийн арлаа алдсан ч Монгол Улс мөн л өөрийн газар нутгийн нэгээхэн хэсэг болох Мана уулаа хүртэл алдаж эдийн засаг хүн хүчний хувьд ихээхэн хохирсон юм.

Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн ихэнх хохирогч Японы хань хамсаатан гэсэн нэрийн дор хэлмэгдэж хохирсон байдаг. Монголын ХХ зууны түүхийн эхний тавин жил тэр чигээрээ Япон улстай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байсаар ирсэн юм.

Эх сурвалж: Доктор Т.СҮХБААТАР