Балдуугийн Шарав (Марзан Шарав)

XX зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Балдуугийн Шарав нь 1869 оны 5 сарын 27-нд Засагт хан аймгийн Засагт ханы хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт Цагаан давааны өвөлжөө хэмээх газарт малчин ардын хүү болон мэндэлж өвөөгийнхөө нэрээр овогложээ. 

Багын сэргэлэн цовоо зантай, маш их хөдөлгөөнтэй, нэг газраа тогтдоггүй, хаа сайгүй, жишээ нь голын сайр, элс, мод, цас, бүр шилбүүрэн дээр хүртэл зураг зурдаг байжээ. Ээж нь үхрийн ширэн дээр домбоо тавиад цайгаа уудалж байхад цайнд норсон шир цайрахыг дөрөвхөн настай Шарав анзаарчээ. Тэгээд өнөөх ширэн дээр данхтай халуун хар цай асгаж норгоод цайрангуут тэрэн дээр нь зураг зурдаг байв. Тэр хөм хэмээх үхрийн шир Б.Шаравын хувьд мөнхийн самбар нь болсон байна. Нэг өдөр нутгийнхаа нэгэн ноёны найранд очоод тэнд харсан бүх дүр зургийг хожим “Монголын нэг өдөр” уран зурагт дүрсэлсэн гэж үздэг. Хэдийгээр жаахан хүүхэд байсан ч найрлаж буй хүмүүсийг сайн анзаарчээ. Найранд ирж согтсон хүмүүс морь малнаасаа унаж, бөөлжиж, зарим нь агсам согтуу тавьж, зарим нь хүүхэн эргүүлж байгааг харсан Шарав тэрхүү найрны үйл явдлыг элсэн дээр зурдаг байжээ.

Нагац ах нь Арын хүрээ хийдийн лам Жанцанд шавилжээ. Жанцан ах нь эрдэм номтойгоос гадна догшид бүтээдэг Жанцан” хэмээх нэрийг олсон бурханч лам төдийгүй маш уран хээч байсан гэдэг. Шарав Арын хүрээ хийдэд 5 настайдаа очоод 12 жил буюу 17 нас хүртлээ шавилан сууж зураг зурах эрдэмд суралцжээ.

Арын хүрээ хийд нь аймгийн төвөөс 10км гаруй зайд Хятадаас барууныг чиглэсэн Торгоны замын хөл дээр байсан бөгөөд хятад, солонгос, япон гээд олон янзын жуулчид дайрч өнгөрдөг байжээ. Данийн Алтай судлаачид Арын хүрээ хийдээр дайрч гарсан тухайгаа бичихдээ “хүмүүс тэр мундаг зураач хүүгээр хөргөө зуруулдаг учир таталбар зураг, хөрөг зургийн мастер болсон байсан” гэсэн байдаг. Шарав 12 жил зурсныхаа дараа гэтэлгэгч Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх бурхан бүтээж суралцсан эрдмээ хамгаалсан гэдэг.

Засагт хан хошууны Арын хүрээ хийдийн бурханч лам Балдуугийн Шаравыг 17 настай байхад нь цэргийн зарлан ирж хугацаагүй цэргийн албанд явах гэж байтал гэнэт VIII богд Жавзандамба хутагтын зарлиг ирж өөрийн ордонд дууджээ. Арын хүрээ хийдэд нэг мундаг зураач хүү байна гэдэг мэдээ Богдын чихэнд хүрдэг байжээ. Шарав гэрээс гарч Богдын хүрээ орох аян замд амьдралын элдэв сониныг таньж мэдсээр явсан гэдэг.

Зураач Шараваас гадна Лувсан хэмээх дарханыг дуудсан тул хамтдаа Богдод бараалхжээ. Богд гэгээн “та хоёр надад нэг, нэг сайн бүтээл хийж үзүүл” гэжээ. Лувсан дархан арвайн үрэн дээр туулай сийлээд түүнийгээ амьд цохон дээр тавиад томруулдаг шилээр Богдод харуултал “туулайны хамар жаахан мархайжээ” гэж өөлөөд “чамайг марх Лувсан гэж нэрлэе” гэсэн гэдэг. Богд гэгээн өөрөө их алиа марзан, сэргэлэн хүн байжээ.

Дараа нь Богд хаан, Дондогдулам хатны хамтаар Шаравын зургийг үзжээ. Тэгтэл тэр зурагт элдэв янзын үйл явдал харагдаж гэнэ. Үүлэн борооны ажил хүртэл гарч ирэхэд хаан, хатан хоёр нэг нэгнээ ёворсон гэдэг. Богд “энэ их сайхан зураг болж, бас жаахан марзан зураг болж, чамайг марзан Шарав гэж нэрлэе” гэжээ. Богд Шараваас “энэ зурагтаа ямар нэр өгсөн бэ” гэж асуухад “нэр хайрлаагүй, нэр хайрлаж чадахгүй байна” гэжээ. Тэгтэл Дондогдулам хатан тэр дор нь “Монголын нэг өдөр” гэжээ. Ийнхүү Богд хааны өгсөн хоч “Марзан Шарав”, “Монголын нэг өдөр” бүтээл хоёр салшгүй холбоотой нэрээр алдаршжээ. Марзан гэдэг нь алиа марзан зантайд нь бус харин зураг дээрх хошин шог үйл явдлуудад зориулж өгсөн нэр юм.

Монгол орноо нэгэн хавтгай дээр дүрсэлсэн Монголын нэг өдөр зурагт нарийн хар зураас бүрийг тодруулан орон зай үүсгэж, тэрэн дотроо ураг холбох, бэр буулгах, бүсгүй хүнийг богтлох, эсгий хийх, оршуулга үйлдэх, нүүдэл суудал, мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй дүрслэл зэрэг 100 гаруй үйл явдлыг дээрээс нь харсан байдлаар зураглан багтаасан нь монгол зургийн хавтгайн зохиомжийг төгс илэрхийлсэн бүтээл болсон юм. Монголын нэг өдөр зургийг 1970-1980 онд ЗХУ-д сэргээн засварласан. Харин 1995 онд “хосгүй үнэт өв” зэрэглэлд бүртгэж 100 сая төгрөгөөр үнэлжээ. 

Марзан Шаравыг Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үүсгэн байгуулагч гэдэг. Б.Шарав 1921 оны сүүлчээр Хэвлэлийн хороонд зураачаар ажиллаж сонин хэвлэлийн зурагнаас  гадна янз бүрийн сэдэвт зурагт хуудас олныг бүтээжээ.

Шинэ цагийн улс төрийн зурагт хуудасны үндэслэгч юм. Тэрбээр ой сайтай, харсан бүхнээ эхлээд сэтгэлдээ зурдаг байсан гэх яриа бий. Хамгийн анхны гэгдэх олон бүтээлийг марзан Шарав зурсан байдаг. Д.Сүхбаатарын анхны хөрөг, В.И.Ленин, Цэрэг, Хичээнгүй сайд Цэрэндорж нарын хөргийг зурсан. Мөн 1925 онд хэвлэгдэн гарсан БНМАУ-ын анхны мөнгөн тэмдэгт, БНМАУ-ын анхны одон тэмдэг, анхны шуудангийн маркны  зургийг зурснаас гадна Э.Оюуны орчуулан хэвлүүлсэн Даниэл Дефо-гийн “Робинзон Крузо” номын зураг, Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”, “Шидэт хүүрийн үлгэр”-ийн зургуудыг зурсан байдаг.

Дотоод, гадаадын урлаг судлаачид Б.Шаравын гэх янз бүрийн аргаар зурсан 50 орчим бүтээлийг нэрлээд байна. Түүний 21 нь Богд хаант Монгол улсын үед зурагдсан. Богд хаан болон Улсын эх дагинын зургийг жижиг гэрэл зургаас харан томруулж гэрэл сүүдэр ялган реалист хэв маягаар зурсан нь Монголын уран зурагт шинэ арга нэвтэрч байсныг илтгэдэг. Богдыг номын хувцастай, шанаг хэмээх цамын хувцастайгаар, Эх дагиныг отго жинстэй, таван рин-а тэргүүндээ өмссөн, бурханы хувцастайгаар, Богд хаан ба хатныг дөрвөн талт титэм өмсгөлтэй, Богдыг хаан ширээнд суусан ёслолын хувцас зэрэгтэйгээр зурсан байдаг. Энэ тухай Богд гэгээний донир лам Жамбал тэмдэглэн үлдээжээ.

Нэгэн шөнө түүнийг буу агссан хоёр цэрэг ирээд аваад явах зуурт зугтаж Хятад руу хил даваад жил гаруй явсан байдаг. Сүүлдээ эрхи татаж үзээд “ерөөсөө буцъя” гэж шийдээд эргэн ирж Цэргийн яамны Буниа хурандаагийн өрөөнд шууд очсон гэдэг. Хувьсгалын дараа зөвхөн Цэргийн яаманд Очирваань бурханы зураг өлгөөтэй байсан ба түүнийг Марзан Шарав тав хоногийн дотор зуржээ. Хурандаа түүнд “дахин битгий хэл ам татал” гээд явуулсан байдаг. Б.Шарав “хээрээр гэр, хэцээр дэр хийж амьдарна” хэмээн дураар явж байгаад 1939 онд нас баржээ. Тэрбээр хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, шооч зантай боловч марзганаад байдаггүй, донжийг нь олоод үгээр хатгачихдаг хүн байсан. Шарав гуайн ганцхан фото зураг үлдсэн бөгөөд саравчтай малгайтай, дээлтэй, хар цагаан зураг юм.