Монгол улс - Төрийн бэлгэдэл

Төрийн далбаа: Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх хөх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байдаг. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл Алтан соёмбо байрладаг. Далбааны өргөн урт нь 1:2 хэмжээтэй байдаг.
 

Төрийн соёмбо: 1686 онд Анхдугаар богд Занабазар монгол, санскрит, түвд үг бичихэд зориулан энэтхэг, ланз, нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Бүх үсгийнхээ шинжийг багтаасан толгой үсэг нь монголчуудын сүлд бэлэг тэмдэг болжээ. Соёмбо хэмээх санкрит үг нь “Өөрөө гарсан гэгээн” гэдэг утгыг хадгалдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан байдаг. Соёмбо үсгийн толгой нь Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн Лигдэн хааны үеэс эхлээд өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрчээ. Соёмбо үсгийг 200 орчим жил төрийн тамга, ном судрын толгой, сүм хийдийн уран барилгын чимэглэл болгон хэрэглэсээр өнөө үед иржээ. Соёмбо бол Монгол төрийн бэлэг тэмдэг юм.

 

Соёмбын хамгийн дээр байдаг “гурван үзүүртэй гал” бол өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт балчир, идэр, өтгөс гурван үеэрээ үүрд мандахын утгатай болно. Түүний доор байгаа “нар сар” хоёр бол мөнх тэнгэрийг төлөөлөн эгнэгт батжин бэхжих, энхжин мөнхжихийн бэлгэдэл юм. Энэхүү гал, нар, сар гурав нийлээд Монгол улс бадран мандах болтугай гэсэн утга хадгалжээ. “Гурвалжин дүрс” бол жад болон сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг доош харуулсан нь дайсныг дарна гэсэн утгатай. Дээд гурвалжин нь дотоодын дайсныг, доод гурвалжин нь гадаадын дайсныг дарах утгатай юм. Дээд гурвалжингийн доор, доод гурвалжингийн дээр байх “хэвтээ дөрвөлжин” нь шулуун шударга, бат бөх журамтай байхыг бэлгэдсэн байна. Голд байх “дугариг дүрс” бол хос загасны дүрс бөгөөд загасыг монголчууд өдөр шөнийн цагт нүдээ аньдаггүй, үр төл ихтэй амьтан гэж сонор, соргог, өнөр өтгөнийг дүрслэхдээ хэрэглэдэг заншилтай. Мөн энэ дүрс арга билэг буюу эр эм гэсэн утгатайн дээр улсын хүн ард нь эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм сонор сэрэмжтэй байж, өсөж үржиж, улс орноо цэцэглүүл гэсэн утга агуулжээ. Соёмбоны хоёр хажуугийн “босоо дөрвөлжин” нь хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд энэ нь Монголын бүх ард түмэн эх орныхоо төлөө эв сэтгэл нэгтэй бол төмөр хэрэмнээс ч бат бөх гэсэн утга санааг хадгалжээ.

 

Ийнхүү “Соёмбо тэмдэг” нь “Монголын ард түмэн гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт эгц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалъя” гэсэн гүн утгатай ажээ. Эдүгээ Соёмбо нь Улсын сүлд, далбаа хийгээд ардын цэргийн зарим одон тэмдэг, улс олон нийтийн чанартай чимэглэл зэрэгт хэрэглэгдэн төр улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчний сүр жавхланг илэрхийлэх болжээ. Мөн уул хад байгаль түүхийн дурсгалт газарт ч чимэглэгдэн залагдах нь бий. Тухайлбал: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Балданбарайвун хийдийн арын хаданд гурван метр өндөр соёмбо бий.
 
Төрийн сүлд: Ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн Алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнай хэсэгт эрт,  эдүгээ, ирээдүй цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.


Төрийн дуулал:
Монгол улсын төрийн дууллын аяыг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар зохиож, үгийг Ц.Дамдинсүрэн бичжээ. Төрийн дууллын шүлэг нь:

Дархан манай тусгаар улс, даяар монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс, дандаа энхжин үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай, хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

Хатан зориг бүхий чадлаараа, хайртай монгол орноо мандуулъя.

 

Өндөр төрийн минь сүлд ивээж, өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл соёлоо, үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг монголын золтой ардууд, эрх чөлөө жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур, жавхлант манай орон мандтугай.

 

 

Төрийн сүлд туг: Төрийн сүлд тугийг цагаан зүсмийн мянган азарганы дэлнээс авсан мянган хэсэг туг цагаан хялгасаар бүрдүүлэн хийнэ. Ширхэг ч бараан үс оруулахгүй. Төрийн цагаан сүлд тугны гурван салаа сэрээний доод талд бөгтөргөсөн арьснаас дөрвөн зүгт унжсан төрийн тулгуур дөрвөн хөл нь салхины аясаар дэрвэлзэн хөдөлж, улсын сүр хүч, урагшлан хөгжих хүсэл тэмүүллийг харуулдаг байна. Гурван салаа сэрээнд буй дөрвөн цагираг нь сэрээний үзүүр  галаас үсчиж, очноос гал бадардгийн утгыг хадгалдаг. Дөрвөн хөлийн холбоос бүс нь улс гүрэн мөнхөд бат бэх оршин тогтнохын бэлгэ тэмдэг болдог. Бүсэнд буй дөрвөн толь нь дөрвөн зүгт болж буй сайн, саар бүхнийг тунгаан харж улс орноо толь шиг гялалзуулан мандуулж харийн дайсныг сэрэмжлэн харахын бэлгэдэл болдог. Хөл бүхий цагаан илгэн дээр нум сум, шонхор шувууг дүрсэлсэн байдаг. “Есөн хөлт цагаан туг” нь сүлдний хялгасан дээгүүр дөрвөн хөлтэй цагаан илэг бөгтөргөсөн “голын их сүлд”, түүнийг тойроод арай доод талд байрлах мөн дөрвөн хөл бүхий цагаан илгэн бөгтөргөтэй  найман бага сүлднээс бүрдэнэ. Голын их сүлдийг иш гэх бөгөөд найман тулгуур иш ороод есөн хөлт цагаан туг болно.

 

Цэргийн хар сүлд туг: Цэргийн тугийг хар бараан зүсмийн азарганы хөхөл дэлний хялгасаар хийж тугны оройд байлдааны зэвсэг илд буюу хутган жад хийж байв. Агтны манлай болсон азарга нь эрэмгий зоригоороо сүргээ хамгаалдаг учраас цэргийн туганд дэлийг нь хэрэглэнэ. Хар бараан хялгас хэрэглэдгийн учир нь харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалж буй цэрэг цагаан сэтгэл дайсандаа гаргаж болохгүй үргэлж сонор соргог байхыг бэлгэджээ. Өмнийн элч гэгдэх хоёр сүлдний нэг нь хатгуур зэв хэлбэртэй, номин шигтгээтэй, их сүлдний баруун урд байрладаг.  Нөгөө сүлд нь хар морьч зэв хэлбэртэй, оюу шигтгээтэй баруун хойно нь байрладаг. Умрын элч сүлд нь учмагт зэв хэлбэртэй, шүрэн шигтгээтэй, зүүн хойно нь байрладаг. Дорнын элч сүлд нь үет зэв хэлбэртэй, сувдан шигтгээтэй, зүүн урд талд нь байрладаг.

 

Мухулай жанжин “Хараа ихт хар сүлд”-ийг залдаг сүлдэч нь байсан бол Боорчи түүнийг тахин хамгаалж байсан гэдэг. Чингис хаанаас хойшхи их хаад дайн байлдаангүй тайван үедээ “Хараа ихт хар сүлд”-ийг 13 жилд нэг удаа цэнгүүлж найр наадам хийдэг байжээ. Энэ уламжлалыг сэргээж 2006 оны 12 дугаар сарын 22-нд монгол цэргийн шүтээн “Хараа ихт хар сүлд”-ийг залах ёслол болж, Өгөөмөр ууланд цэнгүүлсэн ажээ.