Сорхагтани бэхи хатан

Тулуйн хатан Сорхагтани бэхи нь Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин бөгөөд 1203 онд ураг барилдаж Тулуйд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн дөрвөн хөвүүнийг төрүүлж өгчээ. Тэрээр Чингис хааны хамгийн хайртай дархан бэр байсан гэдэг. Тулуйг 38 насандаа тэнгэрт халихад бэлэвсрэн хоцорсон Сорхагтани хатанд Өгэдэй хаанаас зарлиг ирүүлж өөрийн хүү Гүюгийн ивээлд очуулахыг хүссэн боловч Сорхагтани чин журмыг барьж хөвгүүдээ өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилжээ.


Чингис хааны хөвгүүд дундаас Тулуйн үр удам Монголын түүхэнд хамгийн их нөлөөг үзүүлсэн байдаг. Хүү Мөнх нь Их Монгол улсын 4 дэх хаан болж, хүү Хубилай нь бүх хятадыг байлдан дагуулж Юань гүрнийг байгуулан их хаан болсон бол Хүлэгү хүү нь баруун өмнөд Азийг байлдан дагуулж Хүлэгүгийн хаант улс буюу Эл хант улсыг байгуулж, Аригбөх хүү нь Их Монгол улсын 5 дахь их хаанд өргөмжлөгдөж байжээ. Тулуйгаас хойш Сорхагтани хатны мэдэлд байсан 2000 өрхийг Өгэдэй хаан өөрийн хүү Годанд таслан өгөхөд харъяат ард нь эсэргүүцэн ирж Сорхагтани хатныг ятгахад тэрбээр “... их хаан юу хийхээ сайн мэдэж байгаа, бид зөвхөн түүний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ” гэснийг олон ноёд таашаажээ. Чухам ийм ухаалаг хатан учраас өөрийнхөө хүч чадлаар хөвгүүдээ түүхэнд гаргаж чадахаар хүмүүжүүлсэн гэж үздэг.


Өгэдэй хаан аливаа хэргийг шийдэхдээ хэдийгээр Тулуй нас барсан ч түүний төлөөнөөс Сорхагтани хатныг заавал оролцуулдаг байсан нь түүний нэр нөлөө нэлээн өндөрт байсныг гэрчилж байна. Гүюг хаан ширээнд суусныхаа дараа ч өөрийн эхээс илүү Сорхагтани хатны зөвлөлгөөг хүлээдэг байв. Гүюг, Бат хоёрын харилцаа муудаж Гүюг далд санаа агуулан баруун зүг мордоход Сорхагтани элч довтолгон Батад сануулсан нь хожим Сорхагтани хатанд маш том дэмжлэг болсон юм. Бат ахмад хөвүүний хувьд их хуралдай хийж дараагийн хааныг хэлэлцэхээр элч ирүүлэхэд Өгэдэй, Цагаадай удмынхан эсэргүүцэн дургүйцэж, Хархорум хотын дарга байсан Төмөр ноёныг төлөөнөө явуулж байхад Сорхагтани хүү Мөнхийг явуулж “Бат бол олон хөвүүдийн ахмад нь тул түүний хэлсэн үг зарлиг нь бидний эргэлзээгүй дагах хууль цааз юм, иймд бид түүний зөв хэмээсэн бүхнийг зөвшөөрөн хүлээн авах ёстой” хэмээсэн бичгийн хамт явуулжээ. Энэ удаагийн хуралдай Алагтаг нуурын орчимд болж Мөнхийг Монголын дөрөв дэх их хаанаар өргөмжлөхөөр тогтож, дараа жилийн хавар Хэрлэн мөрний хөвөөнд дахин Их хуралдай хийлгэн ёслохоор тогтжээ. Энэ мэдээг сонссон Сорхагтани хатан Чингис хааны Алтан ургийнхныг талдаа татахын төлөө ихээхэн хөрөнгө чинээ гаргаж ард иргэдийн сэтгэлийг олохыг хичээжээ. Ийнхүү их хааны суудал Өгэдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд Зүчийн удам буюу Батын шууд дэмжлэг ихээхэн дэмжлэг болсон юм. Энэ цагаас эхлэн Гүюг хаанаас хойших 35 хааны 33 нь Тулуйн удмаас тодорчээ.


1242 онд монголчууд Европ руу 2 дахь удаагаа довтлох үеэр Мажарын Белград хотоос Мөнх хааны эцэг нэгт дүү нь Францын уран дархан Вильгелм Бушийг олзолж авчирчээ. Тэрбээр урлан бүтээх маш гайхамшигтай ур чадвартай байсан тул Сорхагтани хатан Мөнх хаанаас удаа дараалан шаардан хүсэж байгаад өөрийн харъяат болгон авчээ. Хатныг нас барсны дараа ч өөрийн бүх эзэмшлийн хамт Вильгелм Буше дархан Аригбөхийн харъяат болжээ. Хэдийгээр олзлогдон ирсэн боол байсан ч Хархорумд элбэг дэлбэг, хавчигдаж хяхагдахын зовлонгүй, хувь заяандаа сэтгэл хангалуун амьдарч байсан гэдэг.


1251 онд Мөнхийг Монголын эзэнт гүрний 4 дэх их хаанаар өргөмжлөгдөхөд илт эсэргүүцэж байсан Гүюгийн хатан Ойгул Хаймиш тэргүүтэй Өгэдэй, Цагаадайн угсааныхны эсэргүүцлийг дарахын тулд Мөнх хаан Алтан ургийнхнаас 75 хүнийг цаазалсан юм. Сорхагтани бэхи хатан хүү Мөнхийн энэ үйлдэлд дургүйцэн “чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулах хэрэгтэй, Хаймиш хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бол ураг төрөл, ойр садан төрлийн хоорондох асуудал учраас нэн алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургасан боловч Мөнх хаан эхийнхээ сургаалд хайхрамжгүй хандаж Өгэдэй Цагаадайн угсааныхныг хатуу ширүүн шийтгэж эхэлсэн тул Сорхагтани бэхи дургүйцэж отгон хөвгүүн Аригбөхийг даган төрийн хэргээс хөндийрөн Хархорумаас баруун хойгуур Жарантай, Цагаан сүмийн голын дагуу мал маллан амьдарчээ. Тэгээд сэтгэл санаагаар унан маш хурдан хөгширч, дараа жил буюу 1252 оны зун Алтайд байсан Аригбөхийн зуны ордонд нас баржээ. Энэ нэг жилийн хугацаанд Сорхагтани бэхи хатан Хархорумыг зорин дөрвөн зүг найман зовхисоос ирсэн үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр асар их хэмжээний өглөг өгч, түгээл түгээж, газар газрын шашинтнуудыг дэмжин тусалж байжээ. Тэрбээр Бухар хотод сургууль байгуулахад алтаар хандив өргөсөн ба ислам мөргөлтний мянган хүүхэд тус сургуульд суралцжээ. Хатны энэ буянт үйлийг дурсан санаж байх үүднээс “хатны сургууль” гэж нэрлэсэн бөгөөд өнөөг хүртэл бий ажээ. “Сударын чуулган”-д өгүүлснээр түүнийг нас барахад шарилыг нь Бурхан халдун буюу Чингис хааны их дархан цаазат газарт аваачиж нутаглуулжээ. Тэнд Хубилай хаанаас бусад бүх хаан хөвгүүдийг оршуулсан бөгөөд Сорхагтани бэхи хатныг ийнхүү тэнд оршуулсныг үзвэл хэр зэрэг эрхэм хүндтэй хатан байсныг гэрчлэх ажээ.


Чингис хааны зарлигаар Аураг ордод Цагаадай, Елюй Чуцай, Долоодой, Сорхагтани бэхи хатан нар Монгол төрийн бодлогыг тодорхойлох “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном бичжээ. Елюй Чуцай зэрэг эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэн төрийн их сударыг зохиолцож байсан түүхээс үзвэл Сорхагтани бэхи нь маш ухаалаг төдийгүй Чингис хааны итгэлт бэр байжээ. Харамсалтай нь тэдгээр төрийн бодлогын 3 боть сударыг Өгэдэйг нас барсан 1245 онд Өгэдэйн их хатан Дөргөнэ (Туркина) Араб руу явуулснаас хойш яасан нь мэдэгдэхгүй алга болжээ. Хожим 1251 онд Мөнхийг хаан ширээнд суухад Сорхагтани бэхи хатан тэдгээр 3 боть номын гол чанаруудыг түүвэрлэн санаж “Алтан аялгуу” болгон цээжээр дуудан өгсөн гэдэг. Харин тэрхүү товч “Алтан аялгуу” нь эдүгээг хүртэл үрэгдэлгүй хадгалагдан ирэхдээ амнаас ам дамжин цээжлэгдэн ирсэн нь сонирхолтой юм.  Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, Хөх нохой овогт Журнайн Нүрзэд гэдэг хүн 1958-1962 онд авга ах өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан аялгуу” байжээ. Нүрзэд нь Хөх нохой овогтын 15 дахь үе бөгөөд уг номыг овгийн өвөг дээдэс нь өртөөлөн цээжилсээр ирсэн нь бахархууштай хэрэг ажээ. Ж.Нүрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн 2000 онд хэвлүүлж, судлаачдын өмнө дэлгэн тавьжээ. Судлаачид энэхүү зохиол нь Их Монгол улсын түүх, төрийн бодлого, хэл соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааг хөгжүүлэхэд ихээхэн тус болохуйц бүтээл болохыг тэмдэглэжээ.


Эх сурвалж: Монгол орны лавлах