Завхан - Тосонцэнгэл сум

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум: Хуучнаар Ахай бэйсийн хошуу хожим нь Наранжаргалант уулын хошуунаас үүсч, 1931 онд байгуулагдсан түүхтэй. Аргалант, Баян-Уул хэмээх хоёр том уулын дунд орших талын нэгэн суурин юм. Сумынхан Гандан хийддээ залагдсан “Хар морьт сахиус”-ыг ихэд бэлгэшээн шүтдэг, хар морьт сахиус хол яваа, нутгийн хүмүүсээ илүүтэй харж ханддаг, ойр байгаа алс явдаггүй зарим хүмүүст хатуу ханддаг гэх яриа бий.



Тосонцэнгэлийн хүн амын ихэнх нь халх, хотгойд ба цөөн тооны дархад, урианхай зэрэг ястан өөр сумдаас ирж суурьшжээ. Тосонцэнгэл сумын газар нутгийн 20 гаруй хувийг ой мод эзэлдэг бол 70 гаруй хувь нь бэлчээрийн бүс нутаг бөгөөд уулс хоорондын хөндийн өргөн 3-5км, далайн түвшнээс дээш 1100-1400м өргөгдсөн нутаг юм. Хамгийн өндөр цэг нь Халзан бүргэдэй уул 2263м өндөрт оршдог. Эх газрын сэрүүвтэр, эрс тэс уур амьсгалтай. Ойт хээрийн бүсэд хамаардаг. Зарим жил өвөлдөө 40 хэм хүртэл хүйтэрч, зундаа 35 хэм хүртэл хална. Нутгийн өмнөд хэсгээр Сэлэнгэ мөрөн, баруун урд талаар Дэлгэрмөрөн гол урсдаг. Мөн Хавчуу, Тээл, Тосон, Баянбулаг, Их Бага тахилт зэрэг олон гол горхитой. Сэлэнгэ мөрний дагуу 1080 метр өндөрт өргөгдсөн өндөр уудам хөндий, үржил шим сайтай хөрстэй, таван хошуу малын бэлчээр сайхантай баян хангай юм. Улаанбаатар хотоос Эрдэнэт, Булганы замаар 680км яваад аймгийн төвөөс 64км наана байх Тосонцэнгэлийн төвд хүрнэ. Тосонцэнгэл сум зүүн талаараа Их-Уул, хойгуураа Түнэл, урд талаараа Рашаант, баруун талаараа Төмөрбулаг сумтай хиллэн оршино. Сэлэнгэ мөрний урд тал Рашаант сум, хойд тал нь Тосонцэнгэл сумын нутагт тооцогддог.