Хангайн нурууны салбар Гурван ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсдаг. Хойд, урд Тамир голууд нийлж Тамир гол нэртэй болно. Энэ нь заримдаа Гурван Тамир гол гэж нэрлэгддэг. Урд Тамир гол 165 км урт, дээд хэсэгтээ Хошгот, Ар Хошгот голуудыг нийлүүлэн авч урсдаг. Хойд Тамир голын урт 180 км бөгөөд дээд хэсгээрээ эгц хажуу бүхий нарийн хөндийгөөр, унал ихтэй, хурдтайгаар урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Тамир голын хөндий доошлох тусам өргөснө. Голын өргөн нь 40-70 метр, гүн нь 2-3 метр, урсгалын хурд нь 2 метр секунд байдаг. Хоёр Тамир гол нийлж 52 км урсаад Орхон голын зүүн гарт цутгадаг. Тамир голын ус цуглуулах талбай нь 13100 хавтгай дөрвөлжин км. Тамир гол түргэн урсгалтай уулын гол бөгөөд хур борооны үед усны түвшин богино хугацаанд огцом дээшилж, түргэн татардаг. Хоёр Тамир гол нийлсэн бэлчирээс доошхи голын хөндийгөөр улиас, бургасан шугуй шигүү ургасан байдаг. Өвөлдөө ёроолгүй бүрэн хөлддөг.
Тамирын голын домог: Толь гэж байгаагүй эрт цагт хүмүүс өөрийн дүрсээ тунгалаг усанд хардаг байв. Тунгалаг сайхан усыг болортой зүйрлэдэг байсан бөгөөд Болор гэдэг нэртэй нэгэн гол байжээ. Тэр голын эрэг дээр ганц охинтой жижигхэн бор эмгэн амьдран суудаг байв. Охины нэрийг Тамир гэдэг бөгөөд хожим өсөж том болоод уулын цээнэ, усны лянхуа шиг үзэсгэлэн гоо бүсгүй болжээ. Хосгүй сайхан төрсөн Тамир бүсгүйг харсан эр хүн бүрийн сэтгэл хөдөлдөг байв. Тамир бүсгүй Болор голоос ус авахаар ирэхдээ тунгалаг сайхан голын усанд үзэсгэлэнт царайгаа тольдож уртын сайхан дууг уяхан хоолойгоороо аялж, урт хар гэзгээ самнан суудаг байжээ. Түүний очдог байсан Болор голын нэг тохойд үнэхээр толь мэт тунгалаг ус байсан бөгөөд түүнийг Болор толь гэдэг байв. Тамир бүсгүй болор тунгалаг тэр усыг ихэд хайрладаг байв. Гэтэл тэр нутгийн нэгэн хөгшин баян эр Тамир охинд санаархаж гэнэ. Тамир бүсгүйд сэтгэлийн хайртай залуу байсан тул хөгшин баянаас үргэлж зугтана. Эл байдалд дургүйцсэн хөгшин баян хорсохдоо Тамир бүсгүйн өөрийгөө харж тольддог өнөөх тунгалаг сайхан усыг булингартуулжээ. Нэгэн өдөр толь усан дээрээ иртэл ямар ч дүрс харагдахгүй ногоон ус цэлэлзэж байв гэнэ Тамир бүсгүй толь мэт тунгалаг усаа яасныг мэдэхээр ус руу шумбаж ороод дахин гарч ирээгүй ажээ. Дурлалт хархүү Тайхар нь болзоот газраа олон өдөр ирж өнжин хонон, гунин гутран хүлээж ядаад том чулуу болон хувирсан нь Тайхар чулуу болж, Болор гол нь Тамир бүсгүйн нэрээр нэрлэгдэх болсон гэнэ.