Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байдаг элсэн манхан. Өөш манхан нь баруунаас зүүн тийш бараг 2км үе үе тасран үргэлжилсэн манхан бөгөөд баруун талын оройнуудад эгц хаднууд цухуйж үзэгдэх нь сонирхолтой. Зүүн хэсгийн элс нь аажмаар намсах бөгөөд бага зэрэг заган бүлгэмдэлд оршино. Өдрийн наранд халж элсэндээ дулааныг шингээх бөгөөд орой үдэш болтол халуун чанараа алддаггүй. Элсийг доош ухах тусам улам халуунаар төөнөдөг.
Өөшийн нурууны орчимд аргаль угалз, янгир, хулан гэх мэт ховор зэрлэг амьтад үзэгдэнэ. Мөн Өөш манханаас урагш Цагаан суварга, Тагтааны агуй, Моринтолгойн цав, Загийн усны хоолой гэх мэт байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.
Энд бөөрний сувиллын газар байдаг бөгөөд энэхүү элсний “шид”-ийг Монголын нэртэй бөөрний эмч нар хүлээн зөвшөөрдөг гэнэ. Бөөрний үрэвслээс гадна таван цулын дотор ба гадна хаван, үе мөчний янгинаа, хөл гар нуруу нь татдаг өвчин, биеийн гадуурхи элдэв тууралт зэргийг эмчилчихдэг “ид шидтэй” ажээ. Өөш манханы элс эмчилгээний чанартайг анх 1978 онд нээсэн байна. Элсний ширхэг нь нарийн бөгөөд эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Тайвань, Япон, Солонгос, Америк зэрэг орноос байнга ирж үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нартай болжээ. Элсэн эмчилгээг манай эриний өмнөх үеэс эхтэй гэж үздэг бөгөөд ихэс дээдэс элсэн эмчилгээ хийлгэдэг байсан гэсэн тухай тэмдэглэгдэж үлджээ.
Өөш манхан руу хэд хэдэн маршрутаар явах боломжтой. Улаанбаатараас Дундговийн төвөөр дамжих, эсвэл Чойр өртөөгөөр дамжин очиж болно. Мөн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгаар явдаг маршрут байдаг бөгөөд энэхүү маршрутаар явах үедээ байгалийн үзэсгэлэнт газар болох “Их газрын чулуу”-г үзэх боломжтой.