Их Богд уул - Байгалийн цогцолборт газар

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь д.т.д 3957 метр өндөр. Говийн уулс атал хангайн бүсийн өнгө төрхийг илтгэсэн ногоон хөвд, өнгө алагласан цэцэгс, шуугин урсах уулын гол горхи, газар хөдлөлтийн улмаас үүссэн өвөрмөц сонин тогтоцууд, ховор зэрлэг ан амьтад, нэн ховор эмийн ургамлууд гэх мэтчилэн аливаа бүхэн цогцолсон сайхан уул юм. Ид зуны цагт Их Богд уулын оройд цас бударч байхад дунд хэсэгт нь бороо орж, бэл хормойд нь 20-30 хэмийн халуун дулаан уур амьсгал зонхилж байдаг нь сонирхолтой. 

 

 

1957 онд Их Богд ууланд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил нь тасран унаж хоёр голын хөндийг хааснаар Хөх нуур, Ногоон нуур хэмээх байгалийн үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгожээ. Уулын явган аялагчдын очих дуртай газрын нэг бол яах аргагүй Их Богд уул юм. Говийн их дархан газрын бүсэд хамаарч, Ичээтэй Жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн байдаг.

Газар зүйн онцлог: Говь-Алтайн нуруу ба Хангайн нурууны хоорондуур үргэлжилсэн тектоникийн гүнзгий хотгор байдаг. Энэ хотгор нь эдгээр нурууд өргөгдөх үйл явцад завсар хооронд нь зэрэгцэн үүсчээ. Эдгээр уулсаас эх авсан голуудаар тэжээгдсэн том нуурууд эл хотгор хооронд байсан ба тэдгээр нь томоохон нэгдмэл усны нөөц ай сав байсныг гуравдагч галавын үеийн тунамал чулуулгууд нотлон харуулдаг. Харин дөрөвдөгч галавын үеэс эхлэн уур амьсгалын хуурайшилтаас шалтгаалан ай сав аажмаар ширгэж багассаар одоогийн байдалд оржээ. Энэ нь одоо үлдэж хоцорсон нуурын дэнжүүдээс харагдах бөгөөд хамгийн анхны дэнж нь Орог нуурын хотгор юм. Тухайн үед одоогийнхоос 50-60м илүү өргөгдсөн буюу 1250-1260 метр өндөрт оршиж байжээ. Гадаргын ерөнхий хэлбэр дүрсийг авч үзвэл, Орог нуур ба түүнтэй залгаа орших хотгорууд нь нэлээд сүүл үе хүртэл хоорондоо нуурын усаар холбоотой байсан нь тодорхой байдаг. Нууруудын хөндийн хэсгүүдийг бие биеэс нь тусгаарласныг хотгор ба хоолой гэж нэрлэдэг бөгөөд үүнд, баруун талаас Хулангийн шандын хоолой, Хөнөгийн хоолой, Орог нуурын хотгор, Монголын хоолой, Шар бүрдийн нууруудын хотгор, Таацын цагаан нуурын хотгор, Бага Богдын зүүн хойд хэсэгт байх Элстийн хотгор зэрэг болно.

Геологийн тогтоц: Пермийн галавын үеэс геологийн өөр өөр цаг үед атриатах хөдөлгөөнүүд явагдсан. Энд хамгийн эртний хурдас чулуулаг хожуу - доод кембрийн настай занаржсан порфирит, хлоритит занар, кварц-серидицит занар, саарал, хар саарал өнгийн шохойн чулуу нэлээд тархсан. Геологичид пермийн насны галт уулын гаралтай чулуулаг, тунамал чулуулгийг тэмдэглэсэн ба тэдгээр нь суурилаг бялхмал чулуулаг, тэдгээрийн хөрзөн, элсэн чулуу, аргиллит, шаварлаг занараас бүрдсэнийг тогтоосон. Дунд төрмөлийн эриний элсэн чулуу, алевролит, нүүрсэрхэг шаварлаг занар зэрэг хурдастай.

Хөрс: Их Богдын БЦГ-ын хөрсөн бүрхэвч нь Говийн хэсгээрээ уулын энгэрийн орой ихэвчлэн эх чулуулгийн илэрц ба сул хөгжилтэй хөрстэй байхад налуугийн дунд хавьд уулын хүрэн ба ялангуяа нугачаархаг гадаргын хяраар жижиг чулуун хучлагатай, тэндээс нам хэсэгт гулсаж хуримтлагдсан бараан өнгийн дарагшмал хөрс болон цайвар, цайвар хүрэн, говийн бор хөрс зонхилно.

Уур амьсгалын өөрчлөлт, ус, салхи, үлийн цагаан оготно хөрсийг сийрэгжүүлснээс чийгээ алдах зэрэг байгалийн хүчин зүйлүүдээс хөрсний эвдрэл явагдсан. Мөн уул уурхай, бэлчээрийн даац хэтрэлт, хууль бус мод бут огтлолт, голоос суваг шуудуу татах зэрэг үйлдлүүд нь хөрсний эвдрэл болон доройтлыг үүсгэж байна. 

Ургамал: Их Богд уул орчмын нутгийн ургамлын зүйлийн бүрдэлд нүцгэн үртэн, бүрхүүл үртэний 51 овог, 218 төрөл, 500 гаруй зүйл бүртгэгдсэн. Алтайн сонгино, сибирийн чөдөр өвс, тангад зогдор өвс, сөөгөн боролзгоно, хуурамч цайвар намуу, үлдэн могойн идээ, жинхэнэ өрөмтүүл, долгиотсон гишүүнэ, талын цагаан түрүү, азийн жамъянмядаг, хурган мэхээр, нөмрөгт банздоо, уралын чихэр өвс, түжгэр багалуур, монгол тарваган шийр, говийн хотир гэх мэт ургамал ургана. Ургамлын аймаг нь Төв Ази, Дундад Азийн гаралтай ба уулын таг цармыг дагасан сэрүүн бүсийн ургамал зонхилж байдаг. Их Богдын БЦГ-т газрын үс, хонин арц, шивлээхэй зээргэнэ, элдэв навчит улиас, ягаан мүгээ, ямаан сэрдэг, иконниковын гичгэнэ, хулан хойрго, сийрэг нохойн хошуу, хойрго харгана, говийн харгана, монгол буурцгана, ганц навчит сальжир, сөөгөн шимэрс, эгэл өмхий өвс, мавританы жамба, алтан бэрмэг, чөдөр зэллэг цэцэг, шар бэрээмэг, шарилж навчит хувилгана, төв азийн лавай, монгол шар далан, шар шарилж, нөмрөгт банздоо, цагаан навчит хacзул зэрэг 14 овогт багтах 24 төрлийн 25 зүйл нэн ховор ургамалтай.

Их Богдын ургамлын аймагт элбэг тааралдах боловч Монгол орны ургамлын аймгийн хэмжээнд ховордож болзошгүй байгаа ганц үрт зээргэнэ (Ephedra monosperma G.G.Gmel. Ex C.A.Mey.), үслиг улиас (Populus pilosa Rehd.), Резниченкийн хус (Betula Rezniczenkoana (Litv.) Schischk.), бажууна буюу намхан гишүүнэ (Rheum nanum Sievers.), хуурамч нарийн намуу (Papaver pseudotenellum Grub.) зэрэг 20 овог, 31 төрлийн 36 зүйл ургамал ургаж байгаа бөгөөд эдгээр нь Говь-Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойргийн шинжийг хадгалсан эндификатор ургамлуудаар баялаг болохыг илэрхийлэхээс гадна эдгээр үнэт ургамлын нөмрөгийг хамгаалах зайлшгүй чухал болохыг илтгэдэг.

Амьтан: Их Богдын чиглэлд Битүүтэй, Цонж, Тэхийн бөндгөр, Хойд ба Урд зуслан, Дулаан богд, Жаран богд, Жинст сумын Дэвсэг, Улиастай, Хүүшийн ар, Жаргалант, Бор ичээтэй, Арцан, Дэвсэгийн хяр зэрэг газар нутгуудад тарвага тархсан байдаг. Их Богд, Дулаан богд, Жаран богд, Халбагантад аргаль хонь, ирвэс, янгир ямаа, хойлог зэрэг ховордож дархлагдсан ан амьтад байдаг. Их Богд уулнаас Зүүн богд уулын хооронд аргаль хонь, янгир ямаа дамжин нүүдэлдэг.

Ландшафт: Их Богдын хэсгээр Төв Азийн цөлөрхөг хээрийн экосистем, говийн уулс, уулын хээрийн ландшафт голлодог. Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь д.т.д 3957 метр өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоцтой, салбар уулсын систем үүсгэдэг. Их богдын салбар уулс нь говиос хангай руу нүүж байгаа цөлжилт, элсний нүүдлийг хаах, багасгах боломжтой уулсын үргэлжлэл болдог. Цөлжилт хойшоо түрж байгаа өнөө үед говь цөлийн бүсийг хангайн хэсгээс тусгаарлан нөлөөг бууруулахад чухал үүрэгтэй байдаг. Монголын их говьд орших боловч хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий уул нууруудтай.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах