Дэл уулын хадны зураг

Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт байх, баруунаас зүүн тийш 17 километр, хойноос урагш 8 километр сунаж тогтсон, жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдсэн уул. Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумдын хилийн зааг дээр урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залган оршино. Дэл уул нь тэр чигээрээ хадны зургийн урлан юм. Энэ ууланд 1986 оноос хойш судалгаанууд хийгдсэн бөгөөд 3000 гаруй зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах монгол болон хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш илэрчээ.

Янгир, чоно зэрэг олон амьтад, морь, тэмээ унасан 50 гаруй хүний дүрслэл, дундад зууны үеийн гэрийн дүрслэл гэх мэт сонирхолтой зурагнууд бий. Дэл уулын зургийн 3000 дурсгалыг нийт 6 галерей хэсэгт хуваадаг. Сэдэвчлэн үзвээс хүмүүсийн ахуй амьдрал, овог аймгийн зөрчилдөөн, дайн тулалдаан, ан гөрөө, гэрийн тэжээвэр амьтад, хөсөг тээвэр гэж ангилж болно.
 
6 дахь галерейд хамаарах Зүүн билүүгийн хадны зурагт янгир, морь, морь унасан хүн, тэмээний зураг арай илүү олон байдаг. Он цагийн хувьд харилцан адилгүй боловч нэг хэв шинжийн бус хэд хэдэн янзаар дүрсэлсэн байна. Эдгээрийн дотор давхилдаж буй олон морьтонгуудын дүрслэл нь монгол нутагт морь бол хүний гол унаа хөсөг байсныг улам бүр баталгаажуулж байгаа юм. Зүүн билүүгийн хадны зургууд нь хүрэл зэвсэг болон төмрийн түрүү үед хамаардаг. Энд улаан зосоор зурсан бүргэдтэй адил жигүүртний зураг нь Улаанбаатар хотын Их тэнгэрийн амны зураг дүрслэлтэй ойролцоо байгаа нь судлаачдын анхаарлыг татдаг. Мөн олон янгир дунд урт шулуун жад маягийн зэвсэг барьж хөлөө алцайлган хагас суусан байдалтай хүний зураг нэлээд байдаг. Олон адуу туусан морьтой хүний зураг дүрслэл байдаг бөгөөд тухайн үед адууг гаршуулан сүргээр нь хариулдаг байсан болохыг илтгэж буй ажээ. Бугыг олон салаа эвэр бүхийгээр дүрсэлсэн байдаг.
 
Дэл ууланд Элст хөтөл хэмээх газар хоёр дэлний хооронд эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага буй. Тэдгээр хашлага бүхий дөрвөлжин булшнуудын дотор хавтангийн дээд хэсэгт бүжиглэж буй олон хүнийг цуварсан байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Энэ булшийг нутгийнхан "гучин хоёр хүн хөшөөтийн дөрвөлжин булш" хэмээн нэрлэдэг. Мөн дэл уулын хаданд тамга сийлсэн байх нь их байдаг. Тэдгээрийн дотор хас тамга судлаачдын анхаарал татдаг бөгөөд монголын нүүдэлчид эртнээс нааш энэ тамгыг хэрэглэж ирснийг илэрхийлж байна. Дөрвөн руни бичээсэнд “бид эрхэм цол хүртсэн улс биш тул энэ газар ан агнахаар ирсэн” хэмээн бичсэн байдаг бөгөөд үүнийг судлаачид Түрэгийн томоохон язгууртнууд язгуурын түрэг цолоо халж Тан улсын хятад цол авсан тухайгаа эсэргүүцсэн байдлаар бичиж үлдээсэн бололтой хэмээн үзжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН: Ардын багш, ШУ-ны гавъяат зүтгэлтэн С.Дулам ЮНЕСКО-гийн тайзнаа “Хөмөргөн гурвалжин” этно балетийг тоглуулсан билээ. Бүжгэн жүжигт өнө эртний үйл явдлыг өгүүлэх ба хүн төрөлхтөн нүргэлсэн эрин зуунаас залхаад, хүүхэд ахуй цагийнхаа сайн сайхан үеийг дурсах дуртай болсон, дотроо үгүйлж өөрийн эрхгүй эрж хайж байдаг, тийм нэг мэдрэмжийг үзэгчдэд өгчээ.

Бүжгэн жүжгийг МУГЖ, бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулж, хөсөгтөн хамтлагийн ахлагч, авъяаслаг уран бүтээлч  Д.Ариунболд хөгжмийг нь зохиож эртний монгол хөгжмийн зэмсгүүдээр тоглуулжээ. Харин дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш Б.Нямхүү зураачаар нь ажиллаж, дизайнер, хувцас судлаач Баярцэцэг хувцас хэрэглэлийн загвар дээр ажилласан байна. Хөгжим дунд амьтны болоод хүний дуу хоолой, хүн төрөлхтний язгуур хөдөлгөөн, дохио зангаа, дүрс зураглалыг гаргаж илэрхийлсэн учраас ямар ч хэл соёлтой үзэгчдийн сэтгэлийн гүнд хүрч чадсан ажээ.

Маш эрт цагт монголчууд яаж бүжиглэдэг, ямархуу биеийн хэлбэрээр хоорондоо харилцдаг байсан бэ. Монгол орны уул хаданд байдаг зурагт үлдсэн дүрс, дохио зангаа, биеийн хэлмэр л хэлж өгнө. Монгол утга соёлд бодитой байгаа домог зүй, бэлгэдэл зүй, баатарлаг тууль, бөө мөргөл зэрэгт байдаг чинадын чанд дохионууд хэр зэрэг урт настай вэ, аль хэр бат бөх дохио вэ. С.Дулам доктор 2015 оны намар “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг, тэдгээрийн танивар дохиог тайлах нь” сэдвээр СУИС-ийн багш оюутнууд, магистрантур, докторантуудын өмнө лекц тавьсан юм. Судалгааны явцад хадны зурагт буй нэлээд дүр, дүрслэл нь биеийн хөдөлгөөн, биеийн хэлмэр, бүжгийн хөдөлгөөнтэй холбоотой гэдгийг тогтоосон. Энэхүү судалгаан дээр үндэслэн “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” төслийг хэрэгжүүлэхээр шийдэж гурамсан бүжгийн жүжиг бичих ажилд орсон байна.

Дундговь аймгийн Дэл уулан дахь дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дээгүүр сийлсэн, археологич нарт “32 хүнт” гэдгээр танил болсон зургийн нэг хэсэг буюу 19 хүний бүжиглэж буй хөдөлгөөн чухам юуг илэрхийлж байгааг судалсан. Ялангуяа дүрсийн болон дохио зангааны бэлгэдэл зүйн үүднээс үзэхэд энэ нь эртний оршуулгын зан үйл, түүнийг дагалддаг бүжгийн хөдөлгөөн байх боломжтой гэж тайлсан. Дөрвөлжин булш одоогоос 3000 жилийн тэртээх, түүнээс цааших он жилүүдэд байсан дурсгал гэж археологийн шинжлэх ухаанд үздэг. Дэл уулын энэ зурагт 16 хүний өмнө толгойг нь уруу харуулсан хүн, түүнтэй холбоотой бас хоёр нийлээд 19 хүний дүрс байгаа. Зөвлөлтийн эрдэмтэн, академич А.П.Окладников Ангар мөрний хөвөөнөөс ижилхэн дүрслэл олж археологийн судалгаанд “харын хартай бөө” буюу “хорлогчин бөө”-гийн тухай өгүүлсэн тайлбар бий. Хүний толгойг уруу харуулж оршуулдаг заншлын талаар Буриадын эрдэмтэн, угсаатны зүйч М.Н.Хангалов “харын хартай бөө” буюу “хорлогчин бөө”-г ингэж оршуулдаг байсан тухай мэдээ сэлт цуглуулжээ. Монголд Дархадын “Тэнгисийн есөн даваа” гэдэг Тэнгис голын хөвөөнд байдаг есөн булш, бөөгийн онгодыг оршуулж булшилсантай холбоотой хуучны домгийг харьцуулж үзэхэд “хорлогчин бөөг толгойг нь уруу харуулж оршуулдаг заншил” байжээ.

Бөө мөргөлд эцгээс заяасан ясан сүнс, эхээс заяасан махан сүнс, тэнгэрээс заяасан оюуны сүнс байдаг тухай үзэл бий. Тэнгэрээс заяасан оюуны сүнс нь хүний орой зулайд оршдог гэж үздэг бөгөөд бөөг газарт булж оршуулдаггүй, ой мод, уул, хээр тал, хаданд ил онголж тавьдаг байжээ.  Яагаад гэвэл тэнгэрээс заяасан оюуны сүнсийг нь чөлөөлөх гэж тэр ажээ. Уруу нь харуулж газар булна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр орой, зулайд орших оюуны сүнсийг дахин сэргээхгүйн төлөө үйлдэл бөгөөд ийм ер бусын оршуулга үйлддэг байжээ. Жүжгийн гол агуулга энэ юм. Бүжгэн жүжиг 2016 оны 4-р сард ҮУИТ-т тавигдаж, дараа нь Ерөнхийлөгчийн ТГ-аас зохион байгуулсан “хадны зураг судлаач” гадаад, дотоодын 15 эрдэмтнийг урьж оролцуулсан ЭШ-ний чуулганд гол үзвэр болсон. Эрдэмтэд маш урам зориг өгөх сэтгэгдлүүд хэлж, Монголдоо 10 орчим удаа тоглогдоод дараа нь 70 хүний бүрэлдэхүүнтэй Парис хотод очиж тоглосон. Тоглолтын дараа олон франц үзэгчид ирж баяр хүргэсэн. Францын өөр хот, тайзуудад тоглох талаар ч яриа хөөрөө өрнөсөн.  

Хөмөргөн гурвалжин бүжгийн жүжгийг тоглохын өмнө РР файлаар хадны зурагт юу байгааг, тэр бүхэн ямар учир холбогдолтойг тайлбарлан таниулсан. Толгойг нь уруу харуулсан хүний хажууд бас нэг жижиг толгойг нь уруу харуулсан хүн байгаа, тэр бол залгамжлагч нь байж магадгүй. Түүнтэй ямар нэгэн харилцаатай, магадгүй эхнэр нь ч юм уу, эсвэл бэлгийн харилцаатай өөр нэгэн байж болно, бас хайртай нохой нь ч байна. Хорлогчин бөөг оршуулахдаа ойр дотны хүмүүстэй нь, нохойтой нь хамт хойлоглон булшилдаг, тэгэхгүй бол хорлогчин бөөгийн аюулыг бүрэн дарж чадахгүй гэсэн үзэл, төсөөллийг тайлбарлан танилцуулсан. Мөн энэ бүжгэн жүжгээр “хэн нэгнийг сайн төлөвшөөгүй байхад нь хэтийдсэн эрх мэдэл олговол ямар аюул гамшиг тарьж болдог”-ийг харуулахыг хичээсэн. Францад тоглох үеэр “Монгол орны хадны зургууд” сэдвээр Сэмүүн студийн гэрэл зурагчин Б.Баярын бүтээлүүдээр фото үзэсгэлэн гаргасан нь улам сонирхолтой болгосон.