Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 км цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайханы нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд д.т.д 2846 метр юм. Говь гурван сайхан уулыг 2012 оны 8-р сарын 24-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар "төрийн тахилгат уул" болгосон.
Зүүн сайхан ууланд орших алдарт Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтанд авсан. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2.694.307 га талбайг хамруулан баталгаажуулсан. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна.
Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нэлээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 км урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 кв.км талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27км, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800м байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно. Сэврэй уул 2548 м, Зөөлөнгийн нуруу 2350 м бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайхан ууланд хавар 4-р сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг.
Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө хүн амьтны хөдөлгөөн бага үед аргаль, янгир сүрэглэн бэлчиж байдаг. Ойр орчинд нь Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэн цав, Бүгийн цав, Гурилын цав зэрэг үлэг гүрвэлийн хамгийн баялаг олбортой нутгууд бий. Мөн Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Улаан хонгил зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна.
Алтан-Уул, Нэмэгт, Гилбэнт, Их бага хонгил, Тост, Шариг, Бумба, Шарга морьт, Хүргэр, Хүрэн хана, Хөгшөө, Шугшаа, Суварга, Эрдэнэ зэрэг өндөр сүрлэг уулс, Тэгшийн гурван гол, Арван гурван даац, Бүг, Сайрдаг, Гурил, Хулангийн хөндий, Шаригийн ганга зэрэг олон арван км үргэлжилсэн хөндий хоолойнуудтай. Зуун мод, Зулганай, Хэрмэн цав, Наран, Наран даац, Хайлааст зэрэг горхи ус, баян бүрдүүд зэрэг хүмүүсийн сэтгэлийг татсан байгалийн үзэсгэлэнт газруудтай. Торомхон, Нэмэгтийн баруун зүүн горхи, Салхит, Дуслуур, Улаан хад, Баганат зэрэг нүд, ходоод гэдэсний болон хүний бие махбодийн эмгэгийг эмчилдэг рашаан устай.
Ургамал амьтны аймаг: Говь гурвансайхан Байгалийн цогцолборт газарт 48 овгийн 164 төрөлд хамаарах 350 гаруй зүйл гуурст ургамал бүртгэгдсэнээс завсрын унаган ургамал 48, үлдэц ургамал 11 байна. Төв Азийн унаган Потанины тулман ягаан цэцэг, цөлийн аргамжин цэцэг, хар өвснөөс гадна, жигд хайлс, тоорой, заган ой, сухайн төгөл, зэгсэн шугуйтай бөгөөд үет ургамал 35 зүйл, нийлмэл цэцэгтэн 25 зүйл, саргайтан 23 зүйл, тоонолжтон 21 зүйл, буурцагтан 20 зүйл, луультан 18 зүйл, сонгинотон 10 зүйл, уруул цэцэгтэн 8 зүйл зэрэг байдаг. Хармаг, тэмээн хөх, жигд зэрэг жимс, алтан гагнуур, лидэр, хонин ба морин шарилж, хар шаваг, улаан ба цагаан гоёо, чихэр өвс, нохойн хушуу, таван салаа, хар өвс, хонгор зул, зэрлэг сонгино, шувуун хөл, хурдан цагаан, цахилдаг, зээргэнэ, бажууна, гоньд, бамбай, цурхил, хөмүүл, таана зэрэг эмийн болон хүний хоол хүнсэнд амтлагчаар буюу энгийн байдлаар хэрэглэгддэг сайн чанарын ургамлууд ихээр ургадаг.
Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай.