Бүгийн цавын хоолой

 

Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт сумын төвөөс урагш 120 км газарт, Өмнөговь, Баянхонгор аймгуудын заагт, Ингэн хөөврийн хөндийд орших томоохон цав бол Бүгийн цав юм. Улаанбаатар хотоос 746 км, Баянхонгор аймгийн төвөөс 236 км зайтай. Бүгийн цавын хоолой /Бүгийн цав/ нь өргөрөгийн дагуу сунаж тогтсон бөгөөд зоо нуруу, шаварлаг цонж, толгод зэрэг олон хэлбэр төрхтэй шаргал, улбар өнгийн шаварлаг хурдасаас тогтдог. Эдгээр шавар хэрмэн тогтоцууд нь Монголын говь 200-100 сая жилийн тэртээ гадагш урсгалгүй цэнгэг усны ай сав байсныг илтгэнэ. Мөн Бүгийн цавын хоолой нь одоогоос 150 сая жилийн өмнөх амьдралыг илтгэх палеонтологийн олдворт газар юм.

Бүгийн цавын хоолойд олон удаагийн судалгаа шинжилгээний ажил хийгдэж, улмаар Монголын анхны бие даасан хээрийн анги томоохон малтлага хийж Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин олдворуудыг олж, тэдгээр нь дэлхийн шинжлэх ухаанд эртний дэлхий судлал, танин мэдэхүйд чухал хувь нэмэр болсон юм. Эндээс судлаачид 50-80 тонн жинтэй, 20 метр урт үлэг гүрвэлээс гадна 1.5-30 метр хүртэл жижиг том үлэг гүрвэлүүдийн чулуужсан яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтдын чулуужсан ясыг олсон. Бүгийн цавын хөрсөн дээр үйрмэг яс элбэг тохиолдох бөгөөд тэдгээр ил хэвтэх яснуудыг эвлүүлэн ямар нэгэн үлэг гүрвэлийн араг ясыг сэргээх боломжгүй ч тэртээ эрт галавын үеийн дэлхий ертөнцийг эргэн сануулах мэт гэрч болон үлджээ.

Бүгийн цавын хоолойгоос махан идэшт аварга тарбозавраас гадна орнитомимид, номингиа, мононайкус, занабазар, ансэримимус, адазавр зэрэг олон зүйл үзлэг гүрвэлийн бүтэн ба хэсэгчлэн хадгалагдсан хэлхээ яснууд олдоод байна. Тэрхүү үлэмж биет махчин үлэг гүрвэл Тарбозаврын бүтэн хэлхээ ясыг 1981 онд олсон. Энэ нь Монголын говиос хоёр удаа олдсон тохиолдлын нэг нь юм. Бүгийн цаваас олдсон тэрхүү бүтэн хэлхээ яс эдүгээ Баянхонгор аймгийн “Байгалийн музей”-д хадгалагдаж байна. Харин нөгөө нь Өмнөговь аймгийн нутгаас олдсон мөн адил махан идэшт Тарбозаврын араг яс бөгөөд эдүгээ Улаанбаатар хотын “Байгалийн түүхийн музей”-н өв санд хадгалагддаг. Монголын говиос Геннисийн номд бүртгэгдсэн хамгийн урт сарвуут үлэг гүрвэл Теризинозаврын яс ч олдсон бөгөөд сарвууны урт нь 91.4см хүрдэг байна. Энэ аварга амьтан болон далайн амьтдын чулуужсан яс Бүгийн цав, мөн Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчим, Ам гол, Луу яст зэрэг газруудад олджээ.