Бурхан Халдун (Төрийн тахилгат уул)

Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Түүхийн урт хугацаанд Хан Хэнтий уулыг нийтэд нь Бурхан Халдун гэж нэрлэж байсан бөгөөд Хэнтийн нуруунд "Бурхан Халдун" гэж нэрлэгдсэн 13 салбар уулс байдаг. Тэдгээрийн дотор хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун нэртэйгээ үлдсэн. Гэвч "Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан" гэсэн мэдээ таамаг байдаг байна. ШУА-ийн газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтааж, тэр ууланд олон жил амьдарсан. Тийм учраас Мөнхжаргалан уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” гэж үзсэнээр Бурхан Халдун уулыг албан ёсоор баталгаажуулж 1992 онд 12000 хавтгай дөрвөлжин  километр талбайг хамгаалалтанд авч нийтэд нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоожээ. Бурхан Халдун уул нь ар, өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.

Хиад боржигоны өвөг Боданчар мунхагийн үеэс тахиж Хамаг Монгол хийгээд Монголын Эзэнт Гүрний сүлд уул болгон тахиж, түүнээс хойш хэдэн зуун жил үе улиран тахиж ирсэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэжээ. Монголын нууц товчоонд үндсэн нэрээрээ 27 удаа бүртгэгдсэн, монгол түмний зан заншлыг тэр чигээр нь тусгасан, археологийн ямар нэгэн ул мөр илрээгүй, судалгаа хийгдээгүй, онгон дагшин хайрхан гэдэг үзүүлэлтүүдээр дэлхийн соёлын өвд багтсан юм.

Бурхан Халдун ууланд дээд, дунд, доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг нуур бий.
 
Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрханыг багтаасан Хэнтийн дархан цаазат газар нь Онон, Хэрлэн, Туул голуудын ай савыг хамран оршдог. Төрөл бүрийн булш хиргисүүр, хүн чулуу, буган хөшөө, Сарьдагийн хийдийн туурь, Хагийн хар нуур, Өглөгчийн хэрэм гэх мэт түүх соёлын олон өв, байгалийн үзэсгэлэнт газрууд тусгай хамгаалалтанд давхар орсон байдаг.
 
1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг гарган Бурхан Халдун уулыг “Төрийн тахилгат уул” хэмээн нэрлэж уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг 4 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсоноос хойш 1998, 2002, 2006, 2010, 2015, 2019 онд тахилга үйлдсэн байна.

Эх сурвалж: Монгол орны лавлах