Говийн нууцлаг сүрлэг уулсын нэг бол Хүрэн Ханын хэц юм. Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс зүүн тийш 56 км зайд орших Ноён Богд уулын салбар. Өндөрлөгөөс харахад матрын нуруу шиг уртаар үелэн харагддаг, хажуунаас нь харахад олон гурвалжингуудыг давхардуулан эгнүүлсэн мэт өвөрмөц сонин тогтоцтой. Таван эгнээ үелсэн хадан хавцлуудтай. Хавцал хоорондын нэг хөндийг нь Сайн сарын хөндий гэдэг. Тэнд уулын горхи бууж урсдаг, байгалийн үзэсгэлэн төгөлдөр тул аялагч жуулчид отоглон буух дуртай. Ус булгийг нь Сарын рашаан, Сарын нүдний рашаан гэх мэтээр нэрлэдэг.
Хүрэн Ханын хэц нь бараан хүрэн өнгөөр сүртэй дүнхийж байдаг бөгөөд энэ сүрлэг уулсын нэрээр нэрлэгдсэн тэмээний үүлдэр ч бий. Ханын Хэцийн хүрэн тэмээ нь махны ашиг шимээр илүү, харьцангуй том биетэй, өвлийн хүйтэнд чийрэг, уналга эдэлгээнд тохирсон бие галбиртай хэмээгддэг. Мөн ноосны ширхэг нарийн, сүүний гарцаар ч давуу гэж үнэлэгддэг. Ханын Хэцийн хүрэн тэмээний 72.2 хувь нь уул шигээ бараан хүрэн өнгөтэй. Хүрэн Ханын хэц ууланд аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг зэрлэг амьтад нутаглаж, мангир, зэрлэг сонгино ургаж, 10 орчим төрлийн эмийн ургамал ургадаг.