Ямаан усны Хүннү булш

Улиастай хотоос 50 км зайд, Алдархаан сумын нутагт, сумын төвөөс 32 км зайд орших Ямаан-Ус хэмээх газарт 2022 оны зун ШУТИС-ийн түүх археологийн тэнхимийн судлаачид 10 гаруй язгууртан, 200 гаруй энгийн иргэний булшийг илрүүлэн судлаад байна. Малтлагын явцад 8 метр гүнээс Хүннүгийн язгууртны алтан тоногтой модон авс бүхий булш олжээ. Мөн шавар ваар, хүрэл сав, хаш толь, амьтны яс зэргийг олсон. Уламжлалын дагуу алтан тоногтой авсан дээр сүйх тэрэгний дугуй байрлуулсан байжээ. Авсны хээ чимэглэлийн хувьд ч Монголын өөр газар нутгаас олдоод байгаа хүннү язгууртны булштай яв цав таарчээ. Мөн цээжин хэсэг нь тоногдсон 3 дагуул булшийг олсон. Энэхүү Ямаан-Усны дурсгал нь Хангайн нурууны баруун өмнөд хэсгээс, мөн Завхан аймгаас анх удаа олдоод байгаа хүннү язгууртны булш гэдгээрээ сонирхолтой хэмээн эрдэмтэн судлаачид онцлон үзжээ. Монгол Улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурилаг нарс гэх мэт 9 язгууртны дурсгалыг нээн илрүүлсэн бол Ямаан усаны дурсгалыг бүртгэснээр 10 дахь дурсгалт газар болж байгаа юм.

Хүннү язгууртны булш дөрвөлжин хэлбэрийн чулуун далантай, урагш чиглэсэн үүдэвчтэй байдаг. Ямаан усны 61 дүгээр булш ийм зохион байгуулалттай, зүүн талдаа гурван дагуул булштай, хойд талдаа хос хосоор зэрэгцүүлэн өрсөн нийт 6 тооны чулуун зураатай. Тус язгууртны булш эрт үед тоногдох явцдаа баруун болон зүүн хана эвдэгдэж, чулуунууд нь хоёр хажуу тийш тарж шидэгдсэнээс болж цагираг хэлбэртэй болсон байсан.

Малтлагаар суварга хэлбэрийн модон эдлэл, утлагын хүрэл сав гарч ирсэн нь Монголд анх удаа илэрсэн олдвор болсон. Утлагын сав нь Баруун Хань улсын үед хийгдсэн, өндөр түвшний язгууртнууд хэрэглэдэг, цор ганц хувь хийгддэг эдлэл болохыг тогтоожээ. Утлагын савыг олон улсад “Boshanlu”, “Mountain Censer”, “Hill Censer” гэх мэт нэрлэдэг.  Тус Ямаан уснаас олдсон утлагын сав нь маш нарийн цутгамал хийцтэй, гөрөөс, араатан, мод, ургамал зэргийг гадна талд нь дүрсэлсэн байсан. Цор ганц хувь хийгддэг онцлогтой тул маш үнэ цэнэтэй олдвор юм. Ямаан усны булшны эзэн болох тэр гүнжид тусгайлан зориулагдаж хийгдсэн эд зүйл болов уу гэж таамагласан. Энэ төрлийн утлагын сав Хань улсын эзэн хаан Вугийн төрсөн ах Лю Шэн зэрэг эзэн хааны гэр бүлийн булшнаас гол төлөв олдсон байдаг.

Дагуул 3 булшинд бүгдэд нь хүн дагалдуулсан байсан. Нэг дагуул булшинд нас барагчийг түрүүлгэ харуулан оршуулсан байсан. Үндсэн бушны эзэн 20 хүрэхгүй насны эмэгтэй болохыг тогтоосон ба түүнд дагалдуулсан булшнуудаас мөн гол төлөв нас залуу эмэгтэйчүүдийн яс олджээ. Антрапологийн судалгаагаар дээрх хүний ясны олдворуудыг монголжуу төрхтөн болохыг тодорхойлсон.

 

Энэ удаагийн малтлага 2 сарын хугацаанд үр дүн гаргах шаардлагатай болсон тул жижгэвтэр булшийг сонгон судалсан. Малтлага нийт 8 үе, 7.5 метр гүнд үргэлжилсэн. Нүхний төв хэсгээс авсны төмөр даруулга, чимэглэл, модон эдлэлийн хэсгүүд, шавар савны хагархай, бугын эвэр зэрэг зүйлс илэрч эхэлсэн. Тэрэгний модон тэвш 1 метрийн гүнд илэрсэн бөгөөд тэвшийг олон өнгийн тод өнгөөр будаж, зүмбэрлэсэн, үүлэн хээтэй үйлдсэн байсан. 6.6 метр гүнээс бунханы таг илэрч, бунхан дотор модон австай, авсыг улаан өнгийн чий будгаар бүхэлд нь будсан, нарийн даруулга төмрөөр ханан хээ үүсгэн битүү ороож, тэдгээрийн голд дөрвөн дэлбээт алтан чимэглэлээр чимсэн байсан. Авсны гадна талд суран бэхэлгээ бүхий бариул байршуулсан. Авсны цээжин хэсэгт алтан чимэглэл хадсан байсан.

Өмнө нь Монголын археологийн ШУ-нд Хүннүгийн авсыг бараг бүтнээр нь олж байгаагүй. Тонуулчид авсны тагны хөл хэсгийг эвдэж орсноос гадна цээжин хэсэгт нь гар оруулах хэмжээтэй цөмлөж, эд зүлсийг тоносон байсан. Булшинд сүйх тэрэгнээс гадна 3-4 төрлийн шавар сав, 6-7 төрлийн хүрэл сав суулга дагалдуулж хийхдээ нас барагчийн хойд насанд зоруиулж хагалж, эвдэлж хийсэн байсан. Судлаачид 2 савыг нь эвлүүлж бүтэн болгоод байна. Банзан авсны бүх хэсгүүдийг хооронд нь “эрвээхэй” түгжээ хэмээн нэрлэгддэг шаантаглах аргаар холбосон байсан.

Жирийн иргэн ба язгууртны булш эрс ялгаатай. Хүннүгийн жирийн иргэдийн булш цагираг хэлбэртэй, олноороо бүлэг байрлалтай байдаг. Ямаан усны жирийн иргэдийн булш харамсалтай нь эрт цагт тоногдож бүрэн сүйтгэгдсэн байсан. Нэг онцлох олдвор нь энэ Ямаан усны булшин дотроос хагас ухмал модон авс бүтцийн хувьд сонирхолтой байсан ба авсны шалыг бүхэлд нь бургасаар зулсан болохыг тогтоосон.

Хүннү язгууртны булш нь цаг хугацаа, хүн хүч, хөдөлмөр, нягт зохион байгуулалт, тооцоолол гаргаж хийгддэг нүсэр бүтээн байгуулалт байдаг. Тийм учраас малтлага хийхэд тэр чинээгээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч шаардагдана. Нэг дурсгалыг 10 жил малтаж дуусгасан жишээ ч бий. Одоогийн байдлаар Гол модны дурсгалт газарт малтсан булш 20 гаруй метр гүнд байсан нь хамгийн гүнд тооцогдож байна. Булшны гадаад хэмжээ хэр том байна, тэр чинээгээр газрын гүнд байдаг нь судалгаагаар тогтоогдсон.

Тус Ямаан усны малтлага судалгааг хийх зардалд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Завхан аймгийн ЗДТГ, Алдархаан сумынхан ихээхэн тусалсан. УБИС-ын багш Э.Мижиддорж, Б.Галбадрах нартай хамтран ажиллаж, УБИС-ийн түүх археологийн ангийн оюутан, төгсөгчид, Ховд ИС-ийн оюутнууд, Алдархаан сумын төлөөлөл нийт 30 гаруй хүний хүч хөдөлмөрөөр малтсан. Мөн гадаад орны туслалцаагүйгээр үндэсний хэмжээний малтлага судалгаа болгож хийхэд МУИС, ШУА, МҮМ зэрэг олон байгууллагын эрдэмтэд оролцон ажилласан. Гарсан олдворуудыг сэргээн засах ажлыг дотооддоо мэргэжлийн байгууллагуудад хийлгэснээс гадна зарим дээжид үнэмлэхүй он цаг тогтоолгохоор Япон улсад илгээсэн.

Ямаан усны дурсгалыг “ил музей” хэлбэрээр үлдээж цаашид аялал жуулчлалын түшиц газар болгохоор зорьж байгаа тул булшийг булалгүйгээр үлдээх санал гаргасан.  Тийм учраас хамгаалалтын хашаа байгуулж, харуул хамгаалалтын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ судалгаа цаашид хэдэн арван жилээр үргэлжлэх боломжтой. Судлаачид орон нутгийнхантай хамтран хамгаалах зорилгоор “Ямаан-Усны соёл” ТББ-ыг байгуулсан. Тус газраас 20 км зайд Хүннүгийн үеийн суурингийн үлдэгдлийг ч олоод байгаа юм.

Завхан аймгийн уугуул, судлаач Ж.Мөнхдэлгэр анх илрүүлж мэдээлсэн бөгөөд орон нутгийн төв зам энэхүү дурсгалт газрын дундуур дайран өнгөрдөг ч Хүннүгийн язгууртны дурсгал байна гэж хэн ч таньж мэдээгүй байжээ. Ямаан усны рашаанд олон хүн очдог хэрнээ анзаараагүй өдийг хүргэсэн байдаг. Тус газрын малтлага судалгаа “Монголын археологи – 2021” нэгдсэн хуралд анх удаа танилцуулагдсанаар шинжлэх ухааны эргэлтэнд орж эхэлсэн.  Ямаан усаны дэргэд Монголын нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн алдарт “Тэхийн зогсоол” шүлгээ бичсэн Хүүшийн өвөлжөө бий. Тэрхүү Тэхийн зогсоол орчимд 100 орчим булшийг бүртгэн авсан. Ямаан ус, Өгөөмөр, Тэхийн зогсоол, Улаан овоо зэрэг газрууд нь 20 орчим км тойрогт багтдаг. Эдгээр газруудад Хүннү үед холбогдох нийтдээ 400 орчим булшийг бүртгээд байгаа бөгөөд цаашид үргэлжлэх судалгааны асар том нөөц болж байгаа юм. Зөвхөн Ямаан усанд 154 булш байгаагаас 40 гаруй нь язгууртанд холбогдоно гэж үзжээ.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах