Улиастай хотоос баруун тийш 17 км зайд, Алдархаан сумын нутагт Яруу голын эрэг дээр Яруугийн хүрээ төвхнөж байжээ. Анх Ялгасан хутагт Лувсанданзангийн харъяа гэгдэх нэгэн дацангаас эхэлж байсан бөгөөд 1840 онд дээрэмчдийн гарт өртөн сүйджээ. Түүний дараа 1867 онд Манжийн захиргааны цэргийн зориулалтаар ашиглаж байсан Алдар толгой орчимд шавар хэрмэн дотор дахин байгуулагджээ. Яруугийн хүрээ нь Цогчин сүмтэй, Дүйнхор, Гүнрэг, Мэгзэм, Мамба, Жүд, Майдар, Чойжинлин, Норовлин, Гүнчиглэн, Санданлин, Гацаалан, Дордов, Баруун, зүүн Шадублин, Пэлжээлин, Даландаржаалин гэсэн 17 дуган, 14 суварга, 13 жастай, сүүл үедээ 2000 орчим лам хуврагтай, их хэмжээний мал хөрөнгөтэй байжээ.
Гол дуган болох Дашпунцаглин хийд нь тусгай улаан хэрмэн дотор байсан бөгөөд зурмал, наамал 1000 бурхан болон гол шүтээн нь том хэмжээний Найдан жүд алтан бурхан, олон арван алт мөнгөн цөгц, шашны үнэт хэрэгслүүдээр чимэглэгдсэн, алтан ганжиртай, сувдан чимэглэлтэй хосгүй уран байгууламжийн нэг байв. Дацан хооронд хөх тоосго, чулуун хашлага бүхий явган замтай, дүнчүүр маанийн олон хүрдтэй, 7 худагтай байжээ. Хүрээний баруун урд талд муу муухай бүхнийг зайлуулж байхаар бэлэгдэн бүтээсэн Жарун хашор суварга залжээ. Яруугийн хүрээний эдлэл хэрэглэлийг Улаан хошуу Дамдин дархан голчлон бүтээсэн ба Самбуу, Түгжжав, Дамдин нарын дархчуул залгамжлан засаж сэлбэж байжээ. Хүрээг тараах үед Дамдин дархан гол гол бурхан тахилыг авч худаг болон газарт дарж нуусан гэдэг. Хожим сумын төв рүү 3 машин бурханы хэрэгслийг зөөж сум, аймгийн музейд шилжүүлжээ. Яруугийн хийдийн Мамба дацангийн оточ лам нар нь Ази, Энэтхэг, Германд алдаршсан төдийгүй Богд гэгээний эмийн бодис, ургамлаар хангадаг байсан учир “Цэцгийн хүрээ” хэмээн нэрлэгдэж байсан гэдэг.
Яруугийн хийдийн лам нар гүн ухаанаар ч алдартай байсан нь шавь сургалтын үндсэн арга ухаантай байсанд оршдог. 5-14 настай бага балчир хүүхдийг шавилан суулгаж оюун ухаан, ой тогтоолт хурц сайн үед нь цээжлүүлэх, нас бие өсөх үед нь тайлбарлан таниулах, өөр хооронд нь ном хаялцуулах, мэтгэлцэх, маргах хэлбэрээр ухаан санаа, ой тогтоолтыг нь хөгжүүлж хий хоосон цээжилсэн номоор мэтгэлцэж цэцэрхэхийг хориглож, дотоод чадавхийг тэлэн хөгжүүлэхэд анхаардаг байжээ. Яруугийн хүрээнд Цам бүжих, Майдар эргэх ёслол үйлддэг байжээ. 1938 онд шашин доройтох үед нураагдаж эдүгээ буурь л үлдсэн байдаг. 1991 онд гол дуган болох Дашпунцаглинг хийдийг Улиастай хотод сэргээжээ.
Эдүгээ Яруугийн хүрээний гаднах хашааны шавраар хийсэн хэрэм хананы үлдэц харьцангуй сайн хадгалагдан үлдсэн байдаг. Үлдэцийн зарим нь 2-3 метр өндөр, нурсан хэсгийн суурийн өргөн 3 метр болох нь мэдэгддэг. Хэрмийг барихдаа шавар цутган барьсан байдаг. Хэрмийн дотор хожим 1940-50 онд барьсан багийн төвийн байшингийн үлдэц хадгалагдан үлдсэн. Хэрмийн төв хэсэгт 30х30 метр хэмжээтэй туурийн үлдэгдэл буй нь гол цогчин дуганых хэмээн тааварладаг.