Завхан гол нь Говь-Алтай, Завхан аймгуудын заагт орших Монгол орны томоохон голуудын нэг. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы өмнө хажуугаас эх авсан Буянт, Шар-Ус хэмээх хоёр гол нийлж Завхан голыг үүсгэдэг бөгөөд хайрханы хоёр талаас эх авах олон гол горхины усаар тэжээгддэг. Буянт, Шар-Ус голын хөндийд мөстлөгийн гаралтай хэд хэдэн нуур байдаг ба тэдгээр нуурууд илүүдэл усаа Завхан голд юүлдэг. Завхан гол нь баруун хойш Их нууруудын хотгорыг чиглэн урсаж Хангайн нурууг ардаа орхидог бөгөөд Говь-Алтай аймгийн Тайшир сум хүртэл 30-60м өргөнөөр урсаж байгаад Тайшираас доош хэсэгт хэд хэдэн гольдрил үүсгэн 3-8 хүртэл салаалдаг. Завхан голын баруун гарт Шурагийн гол хэмээх хамгийн том цутгал нь орж ирэхэд өргөн нь 100-350 метр хүртэл задгайрч, усны гүн 0.7 – 1.5м гүехэн болж, урсгалын хурд 0.7 – 1.2 м/сек намуухан дөлгөөхөн урсдаг.
2008 онд Улаанбоомын усан цахилгаан станцыг барьснаас хойш урсац нь боогдож 300 км орчим газарт тасарч, түүний дагуух нутаг нь эзгүйрсэн гунигт түүх ч байдаг аж.
Завхан гол дууны ая, шүлгийг Ц.Жамъян, Н.Лутбаяр нар зохиож, УГЖ С.Батсүх дуулж амилуулжээ.
Өрмөл шаргалыг хормойдсон
Өмнийн нарыг түнэлсэн
Хадаг яндар Завхан гол
Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ
Ээ Завхан гол
Элсний нүүдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна
Хөлчүү зэрэглээ сандаалсан
Хөлөрсөн манханыг сэрүүцүүлсэн
Хатан тунамал Завхан гол
Халхын нутгаар ороолно
Зовлон жаргалаар мэлмэрсэн
Зорголын нүд шиг ус гүйсэн
Мөрөнгийн энтэй Завхан гол
Мөнхийн усыг орлоно