Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км зайтай Монгол-Оросын хилийн наана орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрыг “Сайхны хөтөл” хэмээнэ. Өмнө нь “Тэмээн хүзүүтийн хөтөл” хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш “Сайханы хөтөл” хэмээн нэрийдэх болсон гэдэг. Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь “Орхон-Сэлэнгийн бэлчир” юм. Орхон гол Сэлэнгэ мөрөнд энд нийлж цааш урссаар Байгаль нууранд цутгадаг. Мөн Сайханы хөтөлд “сайн эрс” цуглаж байсан хэмээх агуй бий. Д.Сүхбаатар жанжинг Хиагт руу явах үед гэнэт хүчтэй аадар бороо орж, тэрбээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдсан гэх хууч яриатай уг хөтөлийг хилийн цэргийн заставынхан аялал жуулчлалд зориулан тохижуулсан байдаг.