Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 40 гаруй км зайд “Ламт” хэмээх уулын баруун хормойд гурван хүн чулуун дурсгал байдаг. Эдгээрийг шаргал өнгийн элсэн чулуугаар уран гоёмсог сийлж хийсэн ба бүгд түшлэгтэй исэр сандалд сууж байгаа дүртэй. Нүүр царайг уран нарийн цоолборлож урласан бөгөөд хоорондоо тун төстэй, өргөн махлаг дугуй царай нь хүүхдийн дүрийг илэрхийлсэн байдаг. Эдгээр хүн чулууд нь XIII-XIV зууны монголчуудын хүн чулуу бүтээх урлагийн бүх л онцлог шинжүүдийг агуулсан онцлогтой.