Дуут элс

Дорноговь аймгийн “Дуут элс”-ний тухай алдарт жуулчин Марко Поло “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэгэн хүний яриа, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захад орших Дуут элс нь харахад ердийн нэг манхан бөгөөд оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг. Энэ мэтчилэн Монгол оронд дуу авиа гаргадаг элст газар цөөнгүй бий. Тийм элсийг хүүдийд хийж сэгсэрвэл нохой хуцах мэт дуугарна. Мөн хүүдийтэй нь базаж мушгивал гахайн торой адил шуухинана.