Говь-Алтай аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс 17 км зайд орших эртний хотын туурин дээр тогтсон элсэн манханыг “Таван элс” гэдэг. Элсэн манхан дотроос элсний нүүлтээр байн байн гарч ирэх хотын туурь нь түүхчдийн анхаарлыг татдаг. Тэрхүү хот нь битүү бургас, модон дотор байж байгаад дайны хөлд үрэгдэн сөнөсөн хэмээн нутгийн өтгөс эртнээс хуучилсаар иржээ. Хот байсан гэх ул мөрийг эдүгээ олноор олддог шатсан чулуунууд гэрчилнэ. Туурийн өмнө талд ганц бургас, таван бургас гэх мэт бургасан төгөлүүд бий. Бигэр суманд эдүгээ “Таван элс” хэмээх бөөрний сувилал ажилладаг бөгөөд тэр хавийн элс нь хужир ихтэй учраас ус чийгийг сайн шингээхээс гадна бие махбодь дахь исэлдэх процессыг ихэсгэдэг үйлчилгээтэй. Элсэн хучилгын үед бие махбодийн усны тэнцвэрт өөрчлөлт орж чөлөөт усны хэмжээг багасгадаг. Мөн халсан элснээс дулаан ялгарч биед шингэдэг. Эрдэмтэд Таван элсний орчинд цаг уур, геофизикийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас холын “нил улаан туяа” үүсэх боломжтой гэж үзсэн байдаг ба нутгийнхан “байгалийн нил ягаан туяаны саун” гэж нэрлэсэн ажээ.