Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, Монгол Улсын хилээс дотогш 9 км зайд орших Сэгс цагаан богд уулын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2480м өргөгдсөн байдаг. Энэ нутаг ховордсон амьтан, ургамлын гайхамшигт бүрдэлтэй тул 1990 онд ЮНЕСКО-гийн “Шим мандалын систем”-д бүртгэн авчээ. Сэгс цагаан богд орчмын нутагт Монголын Улаан номонд орсон 13 зүйл хөхтөн, 4 зүйл мөлхөгч, 1 зүйл хоёр нутагтан, дэлхийн нэн ховордсон амьтны жагсаалтанд орсон 13 хөхтөн, 7 шувуу бий. Мөн 326 зүйл гуурст дээд ургамал ургадгаас 67 зүйл нь модлог, сөөглөг, 259 зүйл нь өвслөг ургамал юм. Сэгс цагаан богд уулыг нутгийн зон олон эртнээс нааш шүтэн биширч жил бүр тахиж иржээ.