Хомын тал нь газарзүйн байршлын хувьд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах томоохон нуур голууд, элсэн манханаар хүрээлэгдсэн байгалийн арал бөгөөд цөлөрхөг хээрийн экосистем зонхилж олон зүйл туруутан амьтдын шилжин нүүх коридор нутаг болдог онцлогтой. Хомын талын БЦГ-ын нийт талбай 411403.80 га бөгөөд Хар-Ус нуурын БЦГ, Монгол элс БЦГ-тай хиллэдэг. Хомын талд Франц дахь тахь хамгаалах холбоо Швейцарийн MAVA сангийн санхүүжилтээр 2004 онд 22 тахийг тээвэрлэн авчирч тавьсанаар тухайн бүс нутаг зэрлэг адуу сэргээн нутагшуулсан Монголын гурав дахь газар болсон. 2011 онд Прагийн амьтны хүрээлэнгийн дэмжлэг санаачилгаар 4 тахь нэмж нутагшуулсан. Нийт 26 тахь нутагшуулсан нь эдүгээ 100 гаруй тоо толгой болон өсчээ. Эдүгээ 2900 кв.км талбайтай Хомын талд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-оос гаргасан дэлхийд ховордсон амьтдын жагсаалтад багтаад байгаа (Red list, 1994) Монгол оронд бүртгэлтэй 69 зүйл амьтнаас 31 нь амьдардаг бөгөөд үүнд дэлхийд нэн ховорт тооцогддог тахь, цоохор ирвэс, янгир, хар сүүлт зээр, бөхөн, зэгсний гахай зэрэг амьтад багтаж байгаа юм. Хомын тал бол Монгол төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд чухалд тооцогдох, биологийн янз байдлын хувьд чухалд тооцогдох үнэ цэнэтэй газар юм.
Хомын талын өмнөд хэсэгт орших Бага нуур нь Олон улсын шувуудад чухал газрын (IBA дугаар: MN016, MN017) жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд реликт цахлай, борцгор хотон, цагаан сүүлт усны нөмрөг бүргэд зэрэг нэн ховор шувуудын нүүдэллэх, дамжин өнгөрөх чухал газар болдог. Түүнчлэн Хомын талтай зэрэгцээ орших Хар болон Дөргөн нуурууд нь Олон улсын Ус намгархаг газруудын (RAMSAR site №976) жагсаалтанд 1999 онд бүртгэгдсэн байдаг. Тийм учраас Хомын тал нь хамгаалж анхаарах шаардлагатай байгалийн чухал бүс юм.
Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа, мал аж ахуйгаас үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх дарамт ихэссэнтэй холбоотойгоор тус бүс нутгийг анхаарч хамгаалах шаардлага тулгарч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Францын тахь хамгаалах холбоо, ШУА-ийн биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын судалгаа дүгнэлтэнд үндэслэн УИХ-аас 2020 онд тусгай хамгаалалтанд авах шийдвэр гаргаж “Байгалийн цогцолборт газар” зэрэглэлд хамааруулсан. Хомын тал дахь Улаан бураа хэмээх газар нь Монгол орон дахь байгалийн зэрлэг чацарганы томоохон ойн бүс бөгөөд ховор амьтдын амьдрах орчин ч болдог.
Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан гурван бүсэд хуваах бөгөөд тус бүртээ хамгаалалтын дэглэм байдаг байна.