Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг дахь Гозгор толгой хэмээх газраас Юань гүрний үеийн монгол хатныг нярай хүүхэдтэй нь хамт оршуулсан шарил олджээ. Уг булшийг мөн ялгаагүй хүмүүс төнхөж зарим эд зүйлсийг нь эвдэж устгасан байжээ. Эх хүүхэд хоёр ямар нэгэн халдварт өвчний улмаас эндсэн гэдгийг судлаачид тогтоосон. Хонины нэхийд өлгийдөж, дотор нь ямар нэгэн үнэрт ургамал хийж хатаасан монгол хүүхдийн шарил бараг 800 жилийн туршид тэр чигээрээ хадгалагдан үлдсэн нь манай өвөг дээдэс занданшуулах үйлийг чадварлаг хийдэг байсныг гэрчилж байна. Энэ олдвор нь дэлхийд цөөхөн тохиолдох эртний хүн судлалын ховор хэрэглэгдэхүүн бөгөөд монгол хүний гарал удмын түүхийг генетикийн түвшинд судлах боломжийг олгож буй хэрэг гэж судлаачид үзсэн.
Тус хатны оршуулгаас монгол хатан хүний өмсөж байсан богтага малгай, зэс хөөмөл чимэглэл, малгайн шанаавчин дээр сувдаар хэлхсэн сүйхэн чимэг, явуу, тана эрдэнийн унжлагатай зэс ээмэг, бүтэн цас толь, модон сам олдсон. Мөн хөх торгоор эмжсэн, зөв энгэртэй, бүсэлхийгээрээ олон хуниастай, урт хормойтой, улаан торгон дээл олджээ. Эмэгтэйн шарилын дор тэмээний ноос зулж, зээг тавьж оёсон гоёмсог хээ угалзтай эсгий ширдэг дэвссэн байсан. Ширдэгний хээ угалз, урласан загвар хийц зэрэг нь Төв Азийн эртний нүүдэлчид ба Хүннүгийн эсгий ширмэл урлалын технологи дундад зууны үеийн монголчуудад уламжлагдан хөгжсөнийг нотолно. Энэ бол Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт Гүрний хуучин нутаг дэвсгэрээс анх удаа биетээр олдож байгаа эрдэм шинжилгээний үнэт олдвор юм.
Түүнчлэн тэндээс улаан чий будагтай бүтэн модон аяга олдсон ба ёроолдоо хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээстэй байсан. Энэ бичиг нь “хиян” гэж уншигдсан ба уг аяганы эзний овгийн үсэг байж болох, Гозгор толгойн хадны хонгилд оршуулсан залуу хатан нь Чингис хааны алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн болж таарна хэмээн үзжээ.