Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Хар салаа, Цагаан салаа голуудын хөндийд байрладаг. Алтайн уулсаар хүрээлэгдсэн, өвс ургамал, ан амьтнаар нэн баялаг үзэсгэлэнт хөндий нь “Алтай таван богдын байгалийн цогцолборт газар”-т байрладаг. Тус цогцолборын хадны зургуудын ихэнх нь Шивээт хайрхан уулын доод хэсгээр, Хар салаа голын зүүн эргээр тарсан хадны нурангийн хошуурсан хэсгүүдээр байрлана. Зург бүхий хадны нийт талбай ойролцоогоор 10-12 кв.км. Зургуудын байрлал ерөнхийдөө эртний болон орчин үеийн нүүдлийн гол замуудын дагуу байгаа нь Шивээт хайрханы хадны зургийн цогцолборын нэг онцлог юм.
Шивээт хайрханы хадны зургийн дурсгалыг эртний анчид, малчид үлдээжээ. Энд зэвсэглэсэн анчид болон ан агнуурын амьтдын гол төлөөлөгчдийг дүрсэлсэн байгаа нь тодорхой ертөнцийг үзэх үзлийн мөргөл ёслолын илэрхийлэл.
Цаг хугацааны хувьд авч үзвэл, уг цогцолборын зургуудыг Монголын Алтайн эртний оршин суугчид хүрлийн түрүү үеэс эртний Түрэгийн үе хүртэлх түүхийн урт удаан хугацаанд бүтээжээ. Зарим нэгэн газар төвлөрсөн зургуудын дийлэнхийг хүрэл ба төмрийн үед зурсныг онцлох хэрэгтэй. Эдгээр зургуудын ихэнх дээр янгир, буга агнаж анчид, дайн байлдаан хийж байгаа хүмүүс, элдэв домгийн амьтад дүрслэгдсэнээс гадна зарим нэгэн буга, үхэр, араатнуудын их бие, эвэр дээр төрөл бүрийн тамга сийлсэн байна. Энд бас янз янзын төрлийн тэрэгний зураг ихээр тааралдаж байгааг онцлох хэрэгтэй юм.
Шивээт хайрханы хадны зураг нь Цагаан салаа, Бага Ойгор, Арал толгойн хадны зургийн хамтаар дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд энэ бүс нутагт одоогоос 4000 жилийн тэртээгээс нүүдэлчин түмний хэдэн зуун жилийн туршид бүтээн хөгжүүлж даган мөрдөж байсан хүрлийн үеийн соёл, зан үйл болон урлагийн бүтээлийн цогц илэрхийлэл юм. Шивээт хайрханы хадны зургийн дурсгалт газар нь Төв Ази болон Зүүн Хойд Азийн нүүдэлчдийн хүрлийн үеийн соёл иргэншил, тэр үеийн түүхэн хөгжлийн онцгой гэрч нотолгоо болон оршиж байна.