Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт хөх туяатай цагаан гантигаар урласан онцгой содон хөшөөд бий. Эхний чулуун ноёнтны дээлэнд дал мөрийг ороосон луу хээ нь тодоос тод үлджээ. Мөрнөөс нь ханцуй дагаж буусан лууны савар, хайрс нь маш нарийн “шаглаж оёсон” мэт уран сийлбэрийг гайхуулна. Ар нурууных нь голд малгайн залаа товойн үзэгдэнэ. Агсарганы толь дөрвөн дэлбээт цэцгэн хэлбэртэй. Исэрийн тохойловч дээр тавьсан зүүн гартаа эрхи барьсан. Ханцуйны нугалаас тод, агсарганд дарагдсан дээлийн хуниас уран нарийн. Хормойг хээтэй хошмогоор эмжсэн, доороос нь гутлын хоншоор цухуйсан. Исэр сандал дээр барын арьс дэвсэж бөмбөгөр түшлэгийг давуулаад, толгой болон бахим сүртэй хоёр саврыг ар тийш унжуулжээ. Барын толгой зантгар, хамар нь төвгөр, хоёр нүд нь бүлтгэр гэж тоймгүй байхыг үзвэл барын арьсыг бүтэн толгойтой нь хамт унжуулсан мэт.
Дараагийн чулуун ноёны цээжин бие тэр чигээрээ байхгүй. Агсарганы толь нь долоон дэлбээт цэцэг бүхий чамин, бас бөгжнүүд нь хээтэй. Эрхи барьсан гарыг тохойловчны дотуур оруулж өвдөгний дотоод тал руу чиглүүлсэн. Өвдөгнөөс доохнуур хошмог эмжээр чимсэн, мөн адил дээлийн хормойн цаанаас гутлын хоншоор цухуйсан. Харин энэ ноёны исэр сандал дээр барын арьсыг тохохдоо толгойг урагш хөндлөн харуулж бойвд гишгүүлээд бөгсөн талыг нь түшлэг дээгүүр давуулан тохож сүүлийг нь баруун тийш мушгируулсан.
Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт “Жүн ван болвоос дэвсгэр ... өвөл өөрийн яам, гэр дор булгаар хажлуулсан шилүүс хэрэглэ. Улсын түшээ өөрийн яам, гэр дор ирвэс дэвсгэр хэрэглэ” гэж заасан байдаг. Гэтэл энд исэр сандал дээр барын арьс дэвсэж толгой дээр нь хөлийг гишгүүлжээ. “... Хан хүний Ёст дээл болвоос 5 хумстай луу хатгасан магнаг... хэрэглэ” гэсэн байдаг. Гэтэл энэ чулуун ноёдын дээлэнд мөр дагуулсан луу урлажээ. Тэгэхээр Сэцэн хан, Түшээт хан, Засагт хан, Сайн ноён хан гэсэн Чингисийн Алтан урагийн ноёдын дээл хувцасны чимэг сэлт нь Манж засаг болон Богд хаант засгийн үед тогтоогдсон зүйл бус, бүүр XIII зуунд ч ёслол төгөлдөр байсан ажээ.
Онгон Таван толгойн дурсгал нь XIII зууны Их Монгол Улсын ихэс дээдсийн алтан ясыг онголсон халх Монгол төдийгүй алс хол орнуудын археологийн салбарт ч нэрээ дуурсгасан газар. Таван толгойн булшнаас эмэгтэй хүний “цагаан шонхор” сийлбэртэй алтан бөлзөг, гонзгой танан шигтгээтэй, шармал бадам цэцгэн суурин дээр тогтоосон алтан цэцгэнд суулгасан зууван том цагаан сувдан чимэг, хоёр үзүүртээ шижир алтан сийлбэртэй оюу чимэг олдсон.