Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум ба Дорнод аймгийн Матад сумын заагт Бүрдний голын зүүн хойт биед байдаг. Босгож тавихаар тогтохооргүй дээрээс доошлох тусам хажуу зузаан нь нимгэрсэн нэгэн хөшөөг нутгийнхан ЛОВХ НОЁН хэмээн өргөмжилдөг. Нутгийнхан тахиж Ловх ноёнд шар тос түрхсээр байгаад “пад хар” болгочихсон гэдэг. Араар нь чулуун овоонууд босгож, хадаг, хийморийн дарцаг мандуулсан байна. Ловх ноёныг хар саарал өнгийн хүрмэн чулуугаар урлаж толгой ба их биеийн дүрс хэлбэрийг гаргасан, ямар нэгэн дээл хувцас, гар хөлний дүрслэлгүй. Шовгор оройтой жижигхэн дуулга малгай өмссөн, өргөн нүүртэй, эрүү түүшин өргөн, том нүдтэй, хянган хамартайгаар бүтээгдсэн. Чих нь тал дугуй маягтай, ээмэг, гэзэг үсний аль аль нь байхгүй. Ловх ноёны өндөр 130 см, мөрний өргөн 70 см, доод талын өргөн 66 см, дундаж зузаан нь 25 см юм.
Ловх ноёныг урд зүг рүү харуулан хэвтүүлсэн байдаг ба өөр зүг рүү харуулах, хөдөлгөх, босгохыг цээрлэдэг. Учир нь байгалийн гамшиг ирж ган зуд болно гэж үздэг. Зуны сүүл сард тахилга үйлдэж айл болгон тавгийн идээтэй ирж, морь уралдуулан, бөх барилдуулдаг.
Домгоор бол, эрт үед Цагаан тэмээтийн говиос Матадын тал хүртэл их том нуур байжээ. Яагаад ч юм нуур зүүн тийш нүүж урссанд Ловх ноён, нутгийн лам хоёр их усыг тогтоохоор морджээ. Нэлээд хол явсны эцэст Ловх ноён дийлэхгүй нь хэмээн газар хэвтсэнд, лам цааш явж уншлага ном уншсан байна. Гэсэн ч усыг тогтоож дийлсэнгүй нуур нүүсээр Буйр далай болон тогтжээ. Матадын тал нутгийн Хатагин овгийнхон их усаа алдан одоо хэр нь гол усны гачаалтай болжээ. Харин Ашигийн овооны баруун ухаа дээр Ловх ноён, Буян-Өндөрийн зүүн хойд дээр “Лам чулуу” босгосон гэдэг.