Одоогийн Дорнод, Сүхбаатар аймагт Зотол хан, Матад хан, Дархан хан гэсэн гурван уул ойролцоо оршдог. Домогт өгүүлснээр, урьд цагт хатагинчуудын нутагт нэгэн том уулын дэргэд гурван хүүтэй нэг хатагин хүн амьдарч байжээ. Тэрбээр нас өтөлж ирэхийн үед гурван хүүдээ мал, хөрөнгө, нутаг усаа хувааж өгч, гурван хошуу болгож гэнэ. Тийм учраас Хурц вангийн хошуу (Эрдэнэцагаан сум), Үйзэн вангийн хошуу (Матад сум), Ёст бэйсийн хошуу (Сүхбаатар сум) гэсэн гурван хошуу тогтсон гэнэ. Харин гурван хүүгээс хойш хатагинууд нөгөөх уулаа булаацалдаж гэнэ. Гэтэл хатагины нэг баатар илдээ сугалж аваад уулынхаа оройг нь цавчаад баруун урагш шидсэн нь Зотол хан болж, дунд хэсгийг нь цавчаад зүүн тийш шидсэн нь Матад хан болсон гэнэ. Суурь хэсэг нь байсан газартаа үлдсэн нь Дархан хан болж гэнэ. Зотол хан бол нөгөөх уулын оройн хэсэг учраас их шовх өндөр байдаг. Матад хан дунд бие нь учраас тойруулсан хана маягтай тогтож гэнэ. Харин Дархан хан ёроол нь учраас өргөн оройтой байдаг гэнэ. Эдгээр гурван уул нэг уул байсан учраас гурван биеэ дандаа харж байдаг хэмээнэ.
ХУРЦ вангийн хошуу - Зотол хан
ҮЙЗЭН вангийн хошуу - Матад хан
ЁСТ бэйсийн хошуу - Дархан хан уул
Хуучнаар Хурц ван, Ёст бэйс, Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сум, Дорнод аймгийн Матад сумынхан “хатагин” овогтнууд юм. Егүзэр хутагт хатагинчуудын түүх судрыг сөхөж хатагинчуудаа таниулсан бол их бичгийн эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Хатагин овгийн нүүдэлчин, харц язгуурт Ц.Дамдинсүрэн” гэж өөрийгөө танилцуулдаг байжээ.
Хатагин овогтны өвөг дээдэс бол “Буха Хатаги” юм. МНТ-нд өгүүлснээр Алунгоо эх тэнгэрээс буусан шар гэрлийн тэмдэгээр жирэмслэн Буха Хатаги, Бухад салжу, Боданчар мунхаг төрдөг. Тэд нар тэнгэрээс заяасан гурван хөвүүн болж, монголчууд тэнгэр язгууртай болсон. Энэ гурваас салжууд овог нь үлдсэнгүй, харин боржигон ба хатагин овог үлдсэн. Өвөрмонголын Алшаа аймаг, Оросын Буриадад хатагинчууд бий. Одоогийн Өвөрхангайд байсан хатагинчууд Галдан бошигтын үймээний үед дүрвэж Буриад руу гарсан гэдэг. Алшаа аймгийн Үүшүн хошууныхан Хатагины туг сүлдээ нууцлан хадгалж ирснийг эрдэмтдийн эх сурвалж өгүүлдэг. Эдүгээ Хатагины уул бүгд орой дээрээ 13 овоотой байдаг онцлогтой.
Эдүгээ хатагинчууд “Хатагины наадам” хийдэг. Анхдугаар наадам Дорнод аймгийн Матад суманд 2009.09.09-ний өдөр зохион байгуулагдсан бол II наадам 2012 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд, III наадам 2015 онд Сүхбаатар суманд, IY наадам 2018 онд Матад суманд гэх мэтээр 3 жил тутамд зохион байгуулагдсаар иржээ. Наадмын хүрээнд ЭШХ, урлаг спортын баяр, яруу найргийн наадам, Хатагины хар сүлдийг цэнгүүлэх ёслол, эрийн гурван наадам болдог.