Неолитийн төгсгөлөөс хүрлийн эхэн үед хамаарах хадны зургийн дурсгал. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас баруун тийш 40 км гаруй зайд орших баруун талаараа дэллэсэн хадтай төвгөр толгодыг “Жаргалантын ширээ” хэмээдэг. 2016 онд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн “Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар”-ын судлаач Ц.Төрбат, Н.Батболд, Д.Батсүх нар судалжээ.
“Жаргалантын ширээ”-ний дэллэсэн хад нь галт уулын хайлмал бөгөөд эрт цагт газар хөдлөлтийн түлхэлтийн хүчээр овгор товгор довцог болон тогтож урдаас хойш нэлээд хэдэн км үргэлжилнэ. Ийм тогтоц бүхий олон довцогийг нутгийнхан “ширээ” гэдэг байна. Энд Жаргалантын эх, дунд, адаг хэмээн нэрлэсэн 3 газар байдаг.
Жаргалантын адагийн баруун тийш харсан талд буй тэгш хаднаа шинэ чулуун зэвсэг буюу неолитийн төгсгөлөөс хүрэл зэвсгийн эхэн үед амьдарч байсан хүмүүсийн үлдээсэн олон гайхамшигтай уран дүрслэл болох эрээн буга, морь, аргаль, янгир, том эвэртэй үхэр, зүрхэн нүүртэй хүний дүрс зэрэг олон төрлийн баг, чандмалсан хонхор, тамга тэмдэг зэрэг дүрслэлүүд байдаг. Энэ нь тус бүс нутагт буй шинэ чулуун зэвсгийн төгсгөлөөс хүрэл зэвсэгийн эхэн үеийн оршин суугчдын баг дүрсэлсэн хадны зургийн томоохон цуглуулга газар юм.
Энд нийт 26 хэсэг хадан дээр хадны зураг сийлсэн байдаг бөгөөд хадны зургаас зүүн тийш тус толгойн оройгоор олон тооны булш байдаг. Энэ нь тус зургийг үлдээсэн эздийн булш байж болох юм. Неолит буюу шинэ чулуун зэвсгийн төгсгөлөөс хүрлийн эхэн үе буюу НТӨ IV-II мянганд холбогдоно.
Эх сурвалж: Ц.Төрбат, Н.Батболд, Д.Батсүх “Монголын хүрэл, төмрийн үеийн судалгааны тулгамдсан асуудлууд ба шинэлэг шийдлүүд” УБ., 2016.