Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвөөс баруун урагш 20 км зайтай. Сүмийн дэнж хэмээх газарт Түрэгийн үед хамаарах хүн чулуу, хашлагаас бүрдсэн 5 цогцолбор бий. Хамгийн өмнө захын хашлагын урд байсан чулууг эдүгээ Алтай хотын музейн үүдэнд авчирч тавьжээ. Улбар өнгийн нягт хатуу боржингоор биеийн эд, нүүрэн хэсэг товойлгон дүрсэлж мөн баруун гараа энгэр тушаа авч хундага барьсан, зүүн гараа бүсэн дээрээ тавьсан, бүснээс нь жижиг махир хутга, сэлэм зэргийг зүүсэн байдалтай дүрсэлсэн байна.
Түүний хойд талд 2 метр зайтай орших 3.4 метр хэмжээтэй чулуун хашлагын зүүн талд хар толботой улбар шаргал боржингоор хийсэн хүн чулуу зоолттой байна. Дараагийн хашлага түрүүчийнхээсээ 1.3 метр зайд байрлах ба үүний хажууд мөн нэг улбар боржингоор хийсэн 1.5 метр өндөр, 0.27 метр өргөн, 0.2 метр зузаан босоо хүн чулуу сул хэвтэнэ.
Хамгийн хойд захын хашлага 2.55 метр хэмжээтэй. Эдгээр хүн чулууны хийц дүрслэл тахилгын байгууламжийн бүтэц зохион байгуулалт зэрэг нь Түрэгийн үеийн дурсгал болохыг гэрчилнэ. Евроазийн тал нутагт нийт 1000 орчим хүн чулуун хөшөө байдгийн 730 гаруй нь Монгол оронд байдаг.