Баянмөнх уул

 

Баянмөнх уул (Дарханхаан уул) нь Хатагин овгийн ах дүү гурван “Хаан” уулын нэг бөгөөд эртний түүхт сүлдэн тахилгатай тэнгэрийн хаан Баянтүмэнмөнххааны Баянмөнх уулын дээд орой нь Зотол хаан, дунд бие нь Матад хаан, доод буюу хормой нь Баянмөнх уул болж үлдсэн гэж нутгийн хүмүүс ярьдаг. Хошуу заасан эртний түүхтэй Баянмөнх хаан уулыг Манжийн төр Гэрэлт хааны үед нутгийн ард олны хүсэлтээр зарлиг гаргаж “Дархан хаан” цол шагнаж алдаршуулжээ. Дарханхаан уулыг УИХ-ын 2012 оны 5-р сарын 23 ны 57-р тогтоолоор “байгалийн дурсгалт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан бөгөөд нийт 1464 га газрыг хамарсан сүрлэг сайхан тогтоцтой шүтээн хайрхан юм.

Төрийн түшээдийн залбирч мөргөдөг уул бөгөөд сүсэгтэн олон ТӨРИЙН УУЛ хэмээн тахиж шүтэх уламжлалтай болсон гэдэг. Баянмөнх уулыг 1780-аад оноос “Далха бурхан”-аар тахиж эхэлжээ. 1800-аад оны дунд үеэс Эрдэнэ овооны энгэрт орших ламын хийдийн гэгээнтэн хэмээн олонд алдаршсан Гончигданжаа Аранжинбаа хэмээх хувраг Баянмөнх уулын сан, тахилгын зан үйлийг зохион дэглэжээ. 1937 оноос тахилгын зан үйл нь тасарсан боловч Гончигданжаа Аранжинбаа гэгээнтэний Y дүр Гончигдондов хувилгаан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мөнх эрдэнэ номунхан хийдийн тэргүүн лам Б.Хайдав, Б.Самбуу, Жамба нарын хамт нууцаар 1990 хүртэл тахиж, тахилгын зан үйлийг тасралтгүй авч явж иржээ. Баянмөнх уулын сүлдэн тэнгэртэй онгод нь цагаан морь унасан, хуяг дуулга агссан баатрын дүртэй, баатрыг тойроод есөн морьтой баатар байдаг хэмээнэ.

Баянмөнх уулын домог 1: Гончигдаржаа Аранжамбаа хутагт Бээжингээс буцах замдаа Жанчхүүгийн даваанд хоногложээ. Үүр цайх үеэр зүүдэнд нь биндэръяа өнгөтэй, зүүн урд зүгт тэргүүнээ хандуулан хэвтэж буй арслангийн дүртэй Баянмөнх уулыг зүүдэлсэн байна. Тэгээд сэрэнгүүтээ Баянмөнх уулын их санг зохиожээ. Энэ үед гамингууд Хүрээнээс буцах замдаа хошуу нутгуудыг түйвээж явсан чимээ иржээ. Үүнийг сонссон нутгийн ноён Доржзав Y хутагт Гончигдондов дээр очоод “Манай хошуу нутаг, ард олныг маань гамингийн үймээн самуунаас хамгаалж өгөөч“ хэмээн гуйжээ. Хутагт “Би Баянмөнх уулан дээр гарч үзье” хэмээн айлдаад маргааш өглөө нь уулан дээр гарч тарни ном уншиж гэнэ. Гэтэл одоогийн Түвшинширээ сумын наагуур их манан татаж гамин цэргүүдийг төөрүүлжээ. Ийнхүү гамингууд нутгаар нь дайрахгүйгээр тойрч өнгөрсөн гэдэг.

Баянмөнх уулын домог 2: Эрт цагт гурван хөвгүүнтэй нэгэн эзэн хүмүүн байжээ. Тэр эзэн өтлөхдөө газар нутгаа өөрийн гурван хүүдээ хуваан өгчээ. Тэгэхдээ өөрийнхөө тахиж байсан уулыг 3 хувааж хөвгүүддээ нутаг тус бүрд нь байрлуулж өгсөн юм гэнэ. Ингээд тэр уулынхаа оройг Эрдэнэцагаан сумын нутагт өгсөн нь шовх оройтой Зотол хаан уул болжээ. Энэ уулын оройд 10 морьтой хүн гарч багтдаг ажээ. Уулын дунд хэсэг нь одоогийн Матад суманд байх Матад хаан уул бөгөөд хана маягийн хэлбэртэй. Харин суурийн хэсэг нь Дархан хаан уул болжээ.

Баянмөнх уулын домог 3: Эрт цагт энэ нутагт их хүчтэй шуурга болж хошуу хотлоороо мал сүргээ уруудуулж их хохирол амсжээ. Энэ үед Манжийн хааны адуучид уулын энгэрт адуугаа хурааж тогтоон гарз хохиролгүй үлджээ. Манжийн амбанд энэ тухай айлтгахад тэр ууланд “Дарханхаан” цол хайрлажээ.

Баянмөнх уулын домог 4: Энэ хошуунд ган зуд болж ард олон нь отор нүүдэл хийгээд явсан хойгуур харь гүрний олон хүн нүүн ирж Дарханхаан уулын энгэрт амьдрахаар болж шав тавьжээ. Гэтэл есөн цагаан морьтой есөн баатар гарч ирээд тэд нартай байлдаж “Булшт” гэдэг газар булж орхижээ. Өдгөө Булшт хэмээх газарт очоод харвал овгор товгор булшнууд байдаг ажээ.

Баянмөнх уулын домог 5: Баянмөнх уулын эгц урдаас хад асга нь тасархайтсан нэг зам мөр гэмээр зурвас одоо ч байдаг ажээ. Үүнийг нутгийнхан “Намтарын зам” гэх бөгөөд эрт дээр үед уулын энгэрт Намтар гэдэг өвгөн Дэлгэр гэдэг эмгэнтэйгээ нэг цагаан морь, хэд гурван ямаа тэжээж ядуухан амьдардаг байжээ. Өвгөн нь өглөө бүр цагаан морио унаад ууланд авирч сан тавьж алсыг ажиглан тэнгэрийг шинждэг. Дэлгэр эмгэн хэдэн ямаагаа уулын урдах шавартай нуурын хөвөөгөөр хариулдаг байжээ. Үүний учир урд энгэрээс өгссөн замыг Намтарын зам, уулын урдах шавартай нуурын хөвөөг Дэлгэр ус гэж нэрлэсэн домогтой. Дарханхаан уулын элгэн энгэрт байрлах Оюундалайг шүтэн биширвэл сайхан гэр бүлтэй сайн явна гэдэг. Хаан уулын ганц хүү нь Цолмон, уулын эрдэнийн сан нь Эрдэнэ овоо, Жавхлант уул нь хурдан морины уяа нь гэж үздэг. Бүрдэн уул нь хаан уулын Сангийн уул, Өрвөл уул нь хаан уулын унаа, хурдан морь нь гэдэг. Мөн тэнд байдаг Хайрхан толгой бутагтай хорз нь гэсэн домог яриа өвгөдөөс үлджээ.