Хар Хул хааны балгас

 

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануй голын урд эрэг дээр, сумын төвөөс баруун урагш 10 км зайд эртний хотын үлдэц байх агаад нутгийнхан Хар хул хааны балгас хэмээн нэрлэж янз бүрийн домог ярьсаар иржээ. Хотын үлдэгдэл нь тодорхой сайн мэдэгдэхүйц том дөрвөлжин хэрэм, түүнээс хойгуур бас нэг жижиг дөрвөлжин хэрэм, тэдгээрийн дотор нэлээд бүдгэрсэн том том барилгын ором зэрэг бүхэлд нь авч үзвэл том талбай эзэлсэн хэсгүүдээс бүрдсэн цогцолбор дурсгал юм.

Хамгийн том дөрвөлжин хэрэмний баруун хана 380 метр, зүүн хана 390 метр урт, өмнөд ба хойд хана тус бүр 350 метр хэмжээтэй. Хэрмийн дундаж өндөр 3 метр, дөрвөн талдаа нэжгээд хаалганы үлдэгдэлтэй. Хаалгыг саарал, ягаавтар өнгийн боржин, давхарлаг элсэн чулуугаар үелүүлэн өрж шохойн зуурмагаар шавж бэхэлсэн байх ба хаалга тус бүрийн гадна талд мөн ижил өрлөг хийц бүхий далдавчтай. Өрлөгийн шаваасны дотор дээврийн ваарны бутархай хэсгүүд тааралдаж байгаа нь үүнийг барихад эрт үед энд байсан барилгын үлдэгдлийг ашигласан болохыг гэрчилдэг.

Хэрмийн төв дунд хоорондоо холбоотой гурван барилгын, мөн урд талд нь тусдаа нэг том дөрвөлжин барилгын үлдэгдэл бий. Энэ барилгаас урагш өмнөд хаалга хүртэл урт шулуун зам мэт овгор зурвас байгаа нь өндөрлөж дагтаршуулж хийсэн гол замын үлдэгдэл ажээ. Хэрмийн баруун урд хэсэгт нэг том барилгын үлдэгдэл, зүүн өмнөд хэсгээр хэд хэдэн барилгын бүдэг ором, хонхорууд байхаас гадна хэрмийн хойд хэсэгт мөн барилга байсан нь бүдгэрч тоосгоны бөөгнөрөл, суурь чулууд үлджээ. Түүнчлэн хэрмийн янз бүрийн хэсгээр олон тооны боржин чулуун хөшөө, баганын суурийн үлдэгдэл, боржин чулуугаар хийсэн барилгын  эд хэсэг бололтой зүйлс тохиолдоно.

Энэхүү том дөрвөлжин хэрмээс хойш хоёр зуугаад метр зайд бас нэгэн дөрвөлжин хэрэм оршино. Том хэрмийн доторхи залгаатай гурван овгорын хамгийн томыг бага хэмжээгээр малтан судлахад зээбадын дүрстэй нүүр бүхий ваарны хэлтэрхий, шавраар хийж алтлаг будгаар хээ угалз тавьсан бурханы сэнтий мэт зүйл, шавраар үзэмжтэй сайхан урлаж хийсэн хүний нүүрний хэсэг, хурууны үзүүр зэрэг үлдэгдэл зүйлс олджээ. Төв барилгын зүүн хэсэгт тоосгон хананы гадна талаас загасны яс их хэмжээгээр гарчээ. Тоосгоны олонхи дээр товойлгож дүрсэлсэн янз бүрийн тамга, тэмдэгүүд байдаг нь Хархорумын олдвортой ижил юм. Хар Хул хааны балгаст хийсэн судалгааны ажлын дүнд тус хотыг түүхийн хэд хэдэн үе буюу XIII - XYII зуунд дахин дахин сэргээн барьж  хүн ам оршин сууж байсан шинж тэмдэг илэрчээ.

Ойрадын догшин ХАР ХУЛ хаан хамгийн сүүлд амьдарч байсан болохоор ийнхүү нэрлэгджээ. Хар Хул хаан бол Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн эцэг, Галдан бошигтын өвөг эцэг юм. XYI зууны үед Ойрадад дайн самуун дэгдэж Цорс, Хойд, Дөрвөд аймгуудын ноёд Хавт Хасарын удмын ноёдтой тэмцэлдэж Хар Хул хаанаар удирдуулсан Цорс овогтнууд ялалт байгуулан зонхилох аймаг болж байсан түүхтэй. Мөн Дөрвөн Ойрадын хэлхээ холбоо задарч Зүүнгарын хаант улсын түүх эхэлсэн байдаг. XYII зууны эхээр баруун Монголыг Хар Хул хаан нэгтгэн захирч “Хун тайж хаан” хэмээн өөрийгөө өргөмжилж “Хөх нуурын хот” хэмээн тус хотыг нэрлэж байжээ. Халхууд Манжид дагаар орсон тул Хар Хул хааны халх дахь нөлөө байхгүй болж тус хотыг орхин явсан гэдэг.

Харин тус хотыг анх байгуулсан нь Элбэг нигүүлсэгч хаантай холбогддог яриа бий. Монголын 19 дэх хаан Төгстөмөр хааны хүү Элбэг нигүүлсэгч хаан ширээнд 1391 онд сууж Хархорум хот оршин цэцэглэж байх зуур түүнээс баруун хойхно их бүтээн байгуулалт эхлүүлсэн нь Хануйн голын хөвөөнд орших томоохон суурин байсан гэдэг. Тус хотыг Монголын нэгэн үеийн төв болж байсан тухай зарим сурвалж бичигт тэмдэглэсэн нь бий. Хэдийгээр Элбэг нигүүлсэгч хаан томоохон хот сууринг байгуулсан ч түүхэнд алдар нэрээ харлуулж үлдээсэн гэдэг.

Элбэг нигүүлсэгч хаан нэгэн удаа шадруудын хамт ан ав хийж яваад цасан дээр туссан чандаганы цусыг зааж “ийм царайтай бүсгүй байдаг болов уу, байдаг бол түүнийг хатнаа болгож авна” хэмээхэд Элбэг хааны дэргэд Дөрвөн Ойрадын төлөөлөгчөөр сууж байсан Хуухай Даюу түшмэл “ийм бүсгүй байх нь ч байдаг, харин та түүнийг хүртэх хувьгүй юм” гэжээ. Тэр нь түүний дүү Дүүрэнтөмөр хунтайжийн эхнэр Өлзийтгоо Баажий байсан гэдэг. Элбэг нигүүлсэгч хаан түүнийг үзэхээр Хуухай Даюугаар дуудуулсанд тэр “Хан тэнгэр, эх газар нийлж болдог уу...” гэж хэлүүлсэнд хаан уурсан өөрөө очиж үзээд Дүүрэнтөмөр хунтайжийг авд явсан замыг нь тосч хөнөөгөөд Өлзийтгоо Баажийг өөрийн дэргэд авчран хатнаа болгосон гэх яриа Элбэг нигүүлсэгч хааны түүхэн бичигт үлдсэн байдаг.  Урьдын адил анд явсан Элбэг хааны замыг тосож Чинсан цолоо авахаар хүлээж байсан Хуухай Даюуг Өлзийтгоо Баажий дуудан ирүүлж “Бага биеийг минь их болгож, Баажий намайг хатан болгосон ачтай хүн та...” хэмээн согттол архи өгөөд өөрийн нүүр царайгаа маажиж хувцасаа урж тасдан муухай хашгиран ан аваас Элбэг нигүүлсэгч хааныг дуудуулж “Хуухай намайг оролдож, дүргүйцсэнд намайг ийм болгов” гэхэд хаан ихэд хилэгнэн түүний араас хөөн барих үед Хуухай Элбэг хааны эрхий хурууг тас харвасан гэнэ. Харин албатууд нь Хуухай Даюуг хороосны гэрч болгож нурууных нь арьсыг хуулж ирэхэд Өлзийтгоо Баажий Элбэг нигүүлсэгч хааны хурууны цусыг арьсан дээр асгаж сайтар нялж түүнийг долоогоод “Хар санаат хааны цусыг долоож, хатгаж үхүүлсэн Хуухайгийн тосыг ууж, эм хүн би эр нөхрийнхөө өшөөг авлаа. Одоо надад үхэвч гомдох газар үгүй билээ” гэжээ. Элбэг нигүүлсэгч хаан Хуухай Даюуг хилсээр хөнөөснөө хожим ухаарч түүний хүү Баттулайд учрыг хэлж гэмээ цагаатгах зорилгоор Чинсан цол олгож Баруун Ойрадыг захируулсан байна.  

Монголын хаан ширээний төлөөх дотоод тэмцэл хурцдаж байх үед Ойрадын чинсан чуулган хийх зар тарааж Монголын нэр нөлөө бүхий ноёдыг цуглуулан гэрт нэг нэгээр нь оруулж хөнөөгөөд гал тогооны залгаа гэрт ухсан нүхэнд хийж байжээ. Түүнийг нэгэн хүү олж үзээд гэрийн хаяагаар цус нэвчиж байна гэсэнд “Алтан ураг”-ийнхныг дэмждэг хүмүүс тэр хүүг оргуулж өөрсдийн хүмүүсийн хамт говь руу явуулсан нь Батмөнх даян хааны эцэг Мандуул хааны дүү Баянмөнх жонон байсан гэдэг. Ингэж Алтан урагаас ганц хөвүүн үлдсэн нь Батмөнх даян хааны эцэг юм. Ийнхүү нэг шөнийн дотор 60 гаруй Алтан урагийн ноёд, 30 орчим жанжинг хөнөөсөн баримт сэлт байдаг ба энэ нь Элбэг нигүүлсэгч хааны ёс бус явдлаас үүдэлтэй байсан гэдэг. Элбэг нигүүлсэгч хаан “Алтан урагийг үндсээр нь таслах шахсан, Монгол түмнийг баруун, зүүн гэж хуваасан, шалиг завхай хаан байсан” хэмээн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлджээ. Элбэг хааны дараа түүний хүү Гүнтөмөр хаан сууж байгаад 2 жилийн дараа алагдсан. Энэ үед Ойрадын нөлөөнд Монголын төрийн эрх мэдэл орж хаад ноёдын тэмцэл маш ширүүн өрнөж байв. 1470 онд 7 настай хаан сууж Монголын төрийг 47 жил захирсан Батмөнх даян хааны үед манж нар Хархорум хотыг эзлэхэд Батмөнх даян хаан ухарч Элбэг хааны бариулсан тэр хотыг сэргээн засварлаж нэгэн үе сууж байжээ.  

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах