Засаг захиргааны хувьд УБ хотын Налайх дүүрэгт харъяалагдаж нутаг дэвсгэр нь Төв аймгийн Эрдэнэ суманд оршдог. Бага Хэнтийн нурууны өвөр хэсгийн иж бүрдлийг төлөөлөн Хан Хэнтийн дархан цаазат газартай хил залгаа орших уул, хад цохио, гол горхи хосолсон үзэсгэлэнт сайхан Горхи - Тэрэлжийн бүсийг байгалийн унаган төрхөөр нь хамгаалах, зохион байгуулалттай аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах зорилгоор 293168 га талбайг 1993 онд УИХ-ын 83-р тогтоол, 1994 онд Засгийн газрын 9-р тогтоолоор “байгалийн цогцолборт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.
Байгаль, газарзүйн онцлог: Хэнтийн нурууны зүүн өмнөд хэсэгт байрлаж Хойд мөсөн далайд цутгадаг гол мөрнүүдийн ус хагалбар, УБ хотын цэвэр усны эх ундарга болсон Туул голыг хамгаалж байдгийн хувьд Монгол орны төдийгүй бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй бүс юм.
Бага Хэнтийн нурууны Өмнөд салбар уулс, Ар өвөр Горхи, Заан - Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутгийг хамардаг. Хамгийн өндөр цэг нь 2664м өндөр Авхаан уул, хамгийн нам цэг нь Туул голын бүдүүн чулууны гарам 1376м юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн бөмбөгөр оройтой, нэлээд хэрчигдсэн эрсдүү налуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг. Эл бүс нутгийн уулс нь хөндлөн чиглэлтэй хэд хэдэн салбар уулсаас тогтоно. Хамгийн том уул нь Алтан - Өлгий бөгөөд д.т.д 2645.7м өндөр.
Тус БЦГ-ын хамгийн хойд цэг нь Хан Хэнтийн ДЦГ болон Горхи Тэрэлж БЦГ - ын хилийн заагт орших Гэл уул, өмнөд цэг нь нь Гандан уулын ар, Туул голын урд эрэгт оршино. Горхи-Тэрэлж БЦГ нь хойноос урагш 77 км үргэлжилнэ. Баруун захын цэг нь Дархитын даваанаас баруун хойд зүгт орших 2045.6 тоот өндөрлөг, зүүн захын цэг нь Юдэгийн (Жүдэгийн) даваа ба баруунаас зүүн тийш 70 км үргэлжилнэ. Уул нуруудаас нь Тэрэлж, Хурх, Баруун Баян, Дунд Баян, Зүүн Баян зэрэг oлoн гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг.
Геологийн тогтоц: Хэнтий нуруу нь геологийн тогтоцын хувьд нэлээд цомхон боловч өвөрмөц дүр төрхтэй. Хэнтий нуруунд анх төрмөл, эрт төрмөл, дунд төрмөлийн эриний настай гүний болон тунамал чулуулаг тархсан. Эрт төрмөлийн чулуун нүүрсний галавын нүүрст ба нүүрстөрөгчит шаварлаг занар, Туул ба Заан голуудын эхэн сав газраар девоны ангилагдаагүй чулуулаг, цахиурлаг занар, хас, нүүрст ба нүүрстөрөгчит шаварлаг занар зэрэг чулуулаг Өвөр Минж, Туулын эх, Тэрэлжийн сав газраар тархсан байна. Хөрс үүсгэгч дөрөвдөгчийн аллюви, эллюви, делюви, пролюви, мөсдлийн хурдсууд өргөн тархсан байдаг. Неоген, дөрөвдөгчийн хурдсууд уулс хоорондын хотгор хонхор, голуудын хөндийг дүүргэсэн байдгаас гадна төвийн өндөр уулс хавьд зарим хэсэгтээ аллювийн хурдас, дөрөвдөгчийн өмнөх үеийн хурдас алаг цоог тархана.
Уур амьсгал: Хэнтийн уулархаг бүсийн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай, зун нь бүгчим халуун бус, долдугаар сарын дундаж температур +15.6-аас +37 хэм, нэгдүгээр сарын дундаж температур -21-ээс -27.4 хэм байдаг. Энэ нутагт харьцангуй их хур тунадас унадаг учраас гол мөрний сүлжээ нягт байдаг.
Хөрсөн бүрхэвч: Хэнтийн нурууны байгаль, цаг уур, хурдас чулуулгийн онцлогоос хамаарч хөрсний бүтэц бүрэлдэхүүн олон янз байдаг. Уулын ар хажууд 1400 метрийн үнэмлэхүй өндөр хүртэл хар хүрэн, хүрэн хөрс зонхилж, 1700-2000 метр хүртэл уулт тайгын чандруулаг ба ойн саарал хөрс тус тус тархаж уулын хавтгайдуу оройд уулын нугын хүрэн нимгэн хөрс бүрхсэн байдаг. Харин уулын ой модгүй өвөр хажууд хүрэн хөрстэй. Хэнтийн нурууны хөрсний босоо бүсшилийн бүтцэд тухайлбал, чийглэг гумид, чийглэгдүү субгумид хэв шинж ажиглагдана. Чийглэг хэв шинжийн босоо бүсшил нь уулын ар, өвөр хажуугийн аль алинд нь тархсан. Тухайлбал, уулын өвөр хажуугаар дээрээс доошоо чиглэлд уулын тундрын, уулын нугын, уулын тайгын цэвдэгт, уулын тайгын ширэгт, уулын карбонатгүй хар шороон хөрс, ар хажуугаар тундрын уулын тайгын цэвдэгт - өнгөнөөсөө төмрийн исэлжсэн, уулын тайгын цэвдэгт, уулын тайгын чандруулаг, уулын тайгын ширэгт хөрс дараалан тогтсон байна. Чийглэгдүү хэв шинжийн бүсшилд ойн хөрс зөвхөн уулын ар хажуугаар тархана. Тухайлбал, өвөр хажуугаар нь дээрээс доошоо чиглэлд уулын нугын, уулын нугат-хээрийн, уулын хар шороон, уулын хүрэн шороон хөрстэй байхад, ар хажууд нь уулын тундрын, уулын нугын, уулын тайгын цэвдэгт, уулын тайгын ширэгт, уулын ойн ширэгт бараан, уулын хар шороон хөрс дараалан оршино. Голын татам, нарийн хөндий, хавцлын ёроолд намгийн болон нугат намгийн цэвдэгт хөрс элбэг байдаг.
Ойн сан: Уулын ойн бүслүүрт ургамалшилтын босоо бүслүүрийн хувьд ойт царам, тайга, тайгархаг ой гэсэн 3 анги болгож болох талтай. Ойт царамд Сибирь хуш зонхилох боловч Сибирь шинэс ямар нэг хэмжээгээр холилдон ургасан байдаг. Энэ ойт цармын ургамлын аймаг нь нөхөн төлжилт удаашралтай. Харин энд байгаа том мод болон сөөг ургамлууд нь хур тунадасыг жигд тогтвортой, хуваарилах, зохицуулахад маш их ач холбогдолтой. Энд хагт, сөөгт, бадаант бүлэг хэв шинжийн хушин ой зонхилохоос гадна алаг өвст, ногоон хөвдөт, сургарт хэв шинжүүд тохиолдоно. Ийм хэв шинжийн ой д.т.д 2000-2200 метрийн хооронд гол төлөв уулын зоо дэвсэг барин ургадаг. Энэ дэд бүслүүрийн гол төлөөлөгчдөөс төгрөг навчит хус, алтан тэрэлж, сибирь арц, хонин арц, монгол шивэлз зэрэг олон намгийн сургар зэрэг ургамлыг нэрлэж болно. Тус нутагт тайга нь усан хагалбарын өндөр уулс болон бэсрэг уулсын ард д.т.д 1450-1900 метрт байх ба зонхилох зүйлүүд нь эгэл нарс, боролж, сибирь шинэс, хус, чичигнүүр улиас, гацуур, бургас зэрэг модлог ургамал, өргөст сарнай, нохойн хошуу, дунд тавилгана, тахир тавилгана зэрэг сөөг, алирс, явган төмөрдээ, мягмансанжаа, байгаль иш, хүрэн сорвоо, улалж, хонин ботууль зэрэг өвслөг ургамал юм. Тайгархаг ойн хэсэгт хар мод, хус, чичигнүүр улиас зэрэг мод зонхилж, тус нутгийн нам уулсыг бүхэлд нь эзлэхээс гадна бэсрэг уулсын энгэрт д.т.д 1600 метр хүртэл өгсөж тархана. Өндөр шулуун иштэй хус, улиангар ихтэй. Энд тавилгана - алаг өвст шинэс, хус – шинэс, улиангар – шинэс, алаг өвст - шинэс зэрэг бүлгэмдлүүд зонхилж, голлох зүйлүүдэд сибирь хар арц, чөдөр өвс, алирс, ажиргана, улаан ботууль, сибирь биелэг, улалж, өндөр хорс, хараалч цэцэг, хөх удвал, шээрэнгэн навчит хонхон цэцэг, цагаан яргуйжин, умардын өрөмтүүл, балчиргана, туйлын бөөрөлзгөнө, европ долоодой орно. Тайгархаг ойн онцлог нь олон зүйлийн өвслөг ургамал ургадаг бөгөөд тайгыг бодвол нэлээд хуурай. Ийм учраас түймэрт өртөх магадлал ихтэй эмзэг ой юм. Уулын ойн бүслүүрийн ургамалжилтын нэгэн өвөрмөц хэлбэр нь сөөгөн торлог юм. Уулын гол горхины эх, хөндийгөөр сөөгөн хус, бургаснаас бүрдсэн энэхүү битүү торлог нь ойн бүслүүрийн ус чийг, мөн цэвдэгийн горимыг тогтвортой барьдаг чухал хэсэг төдийгүй ан амьтан байрших тухтай орчинг бүрдүүлдэг.
Өндөр уулын бүслүүрт БЦГ дахь д.т.д 2200-2500м өндөр бүслүүрийг хамруулах бөгөөд өндөр уулын бүслүүрийг царам, таг гэсэн 2 дэд бүслүүрт хуваан үзэж болно. Царам нь 2100-2200м өндөрт, ойн дээд хил дагуу зурваслан тархана. Цармын дэд бүслүүрт хуш - хар нэрст тайга (нэрс, алирс, бадаан унаган туруу, зуншил цэцэг, умардын ягжаа) тааралдана. Мөн төв хэсэгт уулын тайгын дээд хэсгээр хуш бадаант тайга тааралдана. Тэр нь бүтцээрээ хар нэрст хушин тайгатай ойролцоо боловч энд ургаж буй хушин ой дээд зах руу ойртож ирсний улмаас хэмжээгээрээ мэдэгдэхүйц багасаж сийрэг намхан болж ирнэ. Нөгөөтэйгүүр өвслөг ургамал дотор бадаан зонхилох ач холбогдолтой. Заримдаа өндөр уулын цармын дэд бүслүүрт сөөглөг ширэнгэ дайралдана. Тэр нь гол төлөв ойн захыг эмжих юмуу эсвэл ойд бие даасан нэгэн үе болон ургасан байдаг. Энэ ширэнгэ ихэвчлэн төгрөг навчит хусаас бүрдэнэ. Тэдгээртэй хамт беллардын бушилз, хурц шүдлиг болон олон тооны улалж, үетэн, алаг өвс ургана. Тагийн дэд бүслүүр нь 2170-2250 метрээс дээш оршино. Уулсын ар, өвөрт адилавтар түвшнээс эхлэх бөгөөд мөлгөр орой, хяр зоог битүү хучин үргэлжилнэ. Цармын дэд бүслүүрээс тагийн дэд бүслүүрт шилжих заагаар улалж, арц бүхий жижиг дэгнүүлт бүлгэмдэл нь хад чулуун дунд тасархайтан нэлээд талбайг эзлэн тархана. Зонхилох ургамалд хонин ботууль, хурган мэхээр, цагаан мэхээр, хурц шүдлиг, беллардын бушилз, мөн олон зүйлийн улалжууд орно. Өндөр уулын бүслүүрийн дээд хэсэг болох тагийн дэд бүслүүрийн ихэнх хэсгийг зожир өвст - тундр эзэлнэ. Энд алаг өвс - зожир өвст, үетэн алаг өвст, улалж - зожир өвст бүлгэмдэл зонхилж ялзмагт үе давхарга нимгэнтэй нэлээд хүлэржсэн уулын нугын хөрсөнд тархана. Зожир өвс 10-30 хувийн бүрхэцтэйгээр зонхилж, үетнээс тагийн сорной, монгол бутнуур, төллүүр тарна, азийн жамъянмядаг, эдерийн хувиланга, тагийн тэмээн хавирга, дөрвөлсөн мүгээ, том цэцэгт шимэлдэг зэрэг өндөр уулын ургамал зонхилон ургана.
Ургамалжилт: БЦГ-ын нутаг дэвсгэр нь ургамал, газарзүйн мужлалаар Евразийн шилмүүст ойн мужийн Өвөр Байгалийн уулын тайгын хошууны Төв Хэнтийн уулын тайгын тойрог, Евразийн хээрийн мужийн, Өмнөд Хэнтийн уулын хээрийн тойрогт тус тус хамаарагдана. БЦГ-т ургаж буй ургамал 6 ангилалд хамаарах ба уулын хээрийн ургамал 303 зүйл, жинхэнэ хээрт ургадаг ургамал 195 зүйл, цөлөрхөг хээрийн ургамал 11 зүйл, бүх бүслүүрт дайралдаж байдаг 28 зүйл, нугархаг хээрийн 117 зүйл ургамал байна.
Ойн дээд хил д.т.д. 2200 метр өндөрт орших ба түүнээс дээш төгрөг навчит хус, сибирь болон хонин арц, алтан тэрэлж, тагийн хүйтсүү алаг өвс, зожир өвст бүлгэмдлүүд алаг цоог тархсан. Тус нутагт ургамалшилтын босоо бүслүүрийн өндөр уул, ойн, уулын хээр гэсэн 3 үндсэн бүслүүр зонхилдог. Уулын хээрийн бүслүүрт хуурайссаг олон наст дэгнүүлт ба үндэслэг ишт үетэн, алаг өвслөг ургамал зонхилдог. Хээрийн ургамал зонхилох боловч хуурайссаг сөөг болох харгана, агь зэрэг сөөг ба сөөгөнцөр ихтэй байдаг нь бусад газраас ялгагдах онцлог болно. Хэдийгээр уулын хээрт өвслөг ургамал намхан тачир боловч шимт чанараар өндөр. Уулын хээрт лени ботууль (Festuca lenensis), далансүүл (Koeleria macrantha), дэрвээн дэгд (Gentiana squarrosa), хялгана (Stipa krylovii) зонхилон ургана. Энэ бүслүүрт хуурайссаг, чийгсүү хуурайссаг, хуурайссаг-чулууссаг ургамал гол хувийг эзэлж байдаг.
Горхи - Тэрэлж нь ургамлаар маш баялаг. Алаг өвс улaлжит, алаг өвс – үетэн, шинэсэн ой, сургар – алирс, ногоон хөвдөт, алирс, бадаант хуш бүхий шинэсэн ой, алаг өвс - улалж биелэг өвст, алаг өвс - өвст дундаж өндөр уулын хээр зонхилно. Ерөнхийдөө уулын хээр боловч ургамлын зүйлийн хувьд жинхэнэ хээр, ой, цөлөрхөг хээрийн нөлөө нэлээд байдаг. Өөрөөр хэлбэл, бусад бүс бүслүүрийн нөлөө их. Уулын ойн бүслүүрт ургамалшилтын босоо бүслүүрийн хувьд ойт царам, тайга, тайгархаг ой гэж 3 ангилан харж болно. Ойт царамд сибирь хуш зонхилох боловч сибирь шинэс ямар нэг хэмжээгээр холилдон ургасан байдаг. Мод болон сөөгөн ургамлууд нь хур тунадасыг жигд тогтвортой хуваарилах, зохицуулахад ач холбогдолтой. Мөн хагт, сөөгт, бадаант бүлэг хэв шинжийн хушин ой зонхилохоос гадна алаг өвст, ногоон хөвдөт, сургарт хэв шинжүүд тохиолдоно. Ийм хэв шинжийн ой д.т.д 2000-2200 метрийн хооронд гол төлөв уулын зоо дэвсэг барин ургадаг.
Дэд бүслүүрийн гол төлөөлөгчдөөс төгрөг навчит хус, алтан тэрэлж, сибирь арц, хонин арц, намгийн сургар, монгол шивэлз зэрэг олон ургамал ургана. Тус нутагт зонхилох зүйлүүд нь эгэл нарс, боролж, сибирь шинэс, ипполитын хус, чичигнүүр улиас, гачуур, бургас зэрэг модлог ургамал, өргөст сарнай, нохойн хошуу, дунд тавилгана, тахир тавилгана зэрэг сөөг, алирс, явган төмөрдээ, мягмансанжаа, байгаль иш, хүрэн сорвоо, улалж, хонин ботууль зэрэг өвслөг ургамал юм.
Хөхтөн амьтан: Хан Хэнтийн уулсын систем нь Монгол орны амьтны аймгийн газарзүйн мужлалаар Хэнтийн тойрогт хамаарна. Хэнтий нуруу нь хөвч тайга бүхий зэлүүд нутаг ихтэй тул ан амьтны бүрэлдэхүүнээр баян. Судлаачдын бүртгэснээр тус БЦГ-т 6 баг, 15 овог, 27 төрөлд хамаарах 50 гаруй зүйлийн амьтан амьдардаг. Энэ нь Монгол орны амьтны аймгийн 40 шахам хувьтай тэнцэх юм.
Цогцолборт газрын хөхтөн амьтдын нэлээд хувийг мэрэгч амьтад эзэлдэг. Түгээмэл тархсан нь урт сүүлт зурам, жирх, хэрэм, олби, сохор номин зэрэг 19 зүйл амьтад өргөн тархсан. Орчны бүс нутагт өргөн тархсан нь монгол тарвага (Marmota sibirica Radde), урт сүүлт зурам (Citеllus undulatus Pall) зэрэг мэрэгчид тархсан. Уулын бэл, хормой, энгэр хавиар монгол огдой (Ochotona pallasi Gray 1867) харьцангуй их буюу ойролцоогоор 1 га талбайд 25-40 тоо толгой нягтшилтай нутагладаг.
Голын хөндий шинэс, хус, улиас, бургас, моносон шугуйгаас таг цармын сийрэг ой, бутан ширэнгэ төгөл хүртэл голдуу унанги дархи бүхий хэсэгт өргөн тархацтай нь жирx (Tamias sibirica Laxm), ойн хүрэн оготно (Clethrionomus rutocanus Sundv) болно. Мэрэгчид дотроос нэн элбэг нь хэргэлзий оготно бөгөөд бушилзат нуга, тагийн хээр болон тагийн бүслүүрийн доод зах дахь бутлаг ургамалтай газар элбэг тохиолдоно. Сарьсан далавчит хөхтөнөөс 4 зүйл багваахай байх ба өвөл ичдэг харьцангуй цөөн тоотой тохиолддог. Туулай хэлбэрт хөхтөнөөс чандага хаа саагүй элбэг. Харин бор туулай, дагуур огдой хоёр маш ховор ба зөвхөн голуудын хөндий, ойгүй энгэр газраар цөөн үзэгдэнэ. Хуш асганы огдой нь сарьдаг, ойн нураг, асганд элбэг дайралдана.
Махан идэшт хөхтөнөөс шар үнэг, хярс, мануул, хүрэн баавгай, шилүүс, дорго, нохой зээх, үен, солонго зэрэг амьтад элбэг амьдардаг. Ойн булганы нөөцийн үндсэн голомт газар болно. Энд булга байнга өсөж зах хязгаар руугаа тархан агнуурын нөөцийг нэмэгдүүлдэг. Туурайтнаас зэрлэг гахай, хүдэр, халиун буга, бор гөрөөс, хандгай амьдрах ба хамгийн нягт шигүү орших үндсэн голомт нутаг нь Хэнтий нурууны төв хэсэг болно. Хан Хэнтийн уулархаг нутгийн амьтдаас Монгол Улсын Улаан номд хүдэр, шивэр хандгай орсон байдаг.
Шувууны зүйл: Хэнтийн уулархаг нутаг болон Горхи Тэрэлж БЦГ-т 253 зүйл шувуу тэмдэглэгдсэнээс 61 зүйл нь суурин, 180 зүйл нь өндөглөн зусдаг, 6 зүйл Сибирээс ирж өвөлждөг, 57 зүйл нь зөвхөн нүүдлийн хугацаанд тааралдана. Энэ бүсийн шувуудаас 176 зүйл нь дулаан оронд очиж өвөлждөг. Хамгийн түрүүнд буюу 3 сарын эхээр алагтуу, турлиах, ангир ирэх ба хамгийн сүүлд буюу 10 сарын эхээр галуу, нугас, турлиах, алагтуу мэтийн шувууд цасан шуурганд хөөгдөн дулаан орныг зорьдог. Эл бүсэд Монгол оронд ховорт тооцогддог болон дархлагдсан шувуудаас тас, 4 зүйл сар, шар шувууны багийн 11 зүйл, тоншуултны 6 зүйл бий.
Шавьж: Хэнтийн нуруунд тархсан шавьж нь зүйлийн хувьд олон биш, унаган зүйл цөөн. Гол төлөөлөгч нь эвэрт цох, эвэрт сүүл, навч хуулагч, хүр эрвээхэй зэрэг болно.
Загас: Хэнтийн нуруунаас эх авсан БЦГ-ийн нутгаар урсах томоохон голууд загасаар баян. Тухайлбал, Туул голын савд 15 зүйл, 50 зүйл бентос амьдралтай амьтад байдгийг судлаачид тогтоосон. Үүнээс байгалийн ба амарын хилэм, тул, зэвэг, цагаан хазаар, сибирь ба амарын хадран, ердийн ба амарын цурхай, сибирь ба амарын сугас, бух сугас, улаан живэрт, морин загас, хэлтэг, булуу цагаан, цулбуурт, гутаарь, алгана зэрэг агнуурын ач холбогдолтой 19 зүйл загастай. Улаан номд орсон хилэм, тул, ховор зүйлд орох чекановскийн нүцгэн жараа, тачановскийн гурц, эрээн живэрт загас бий.
Ландшафт: Хэнтийн районы ландшафтын үндсэн хэв шинж бөгөөд гадаргын ихэнх хэсэгт тархсан. Тайгын ландшафт нь Хангай, Хөвсгөлийн уулын тайгын ландшафтыг бодвол өвөрмөц. Энэ нь түүний гадаргын онцлогтой салшгүй холбоотой. Учир нь Хэнтийн мужийн ихэнх нутаг тайгын ландшафттай бөгөөд Сибирийн хөвч тайгын шууд үргэлжлэл болж Хангай, Хөвсгөлийн уулархаг районыг бодвол гадаргын харьцангуй нам түвшинд үүсэж тогтворжсон, уулын хажуугийн зүг зовхисын ялгаа төв хэсэгтээ төдий л илэрдэггүй. Иймээс цэвэр тайгын ландшафт бүхий газар зөвхөн Хэнтийд л байж болох талтай. Энэхүү ландшафт Хэнтийн гол нурууны дунд, хойт хэсэг, Их, Бага Хэнтийн нуруудад нийтлэг бөгөөд ян сарьдагийн ар хажуугаар 1800-2200м өндөрт оршино.
Уулын хээрийн ландшафт шинэс, хусан ой бүхий уулын хээрийн ландшафт голын эрэг рүү түрж орсон нам уулсаар тархжээ. Энэ хэв шинжийн ландшафт тус нутгийн бүр урд захаар нийтлэг тархана. Уулын хажуугийн дээд бие нэлээд эгц боловч доошлох тусмаа налуу болж ирээд бэлийн байдалтай болно. Гуу жалгаар багагүй хэрчигдсэн ч эдгээр нь голдуу хуурай байдаг. Хад цохио цөөнгүй үзэгдэнэ, харин асга ховор.
Намагт нугын ландшафт нь голуудын хөндий дагуу түүний өргөссөн хэсэг болон бэлчир орчмын тэгшивтэр гадаргад үүсэж тогтворжсон байдаг. Мөн голын хөндий дагуу өлөн - үетэн - элдэв өвст нугын ландшафт элбэг тохиолдоно. Энэхүү намгархаг нугын ландшафт тайгын дундуур урсах голуудын эх орчим нарийн хөндий дагуу, голуудын уужим тавиу хөндий дагуу газраар тохиолдоно. Энэхүү ландшафт нь хуримтлал элэгдлийн үйл явц зонхилсон дөрөвдөгч галавын сэвсгэр хурдсаас голлон тогтох уулс хоорондын хөндийн ландшафтын ангид хамаардаг.
ТЭРЭЛЖ БОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС
Тэрэлжийн бүс дэх хадан уулын ам болгон өөр өөрийн өвөрмөц төрх бүхий хаднуудтай байдаг. Хүмүүсийн нэрлэж заншсанаар мэлхий хад, тэмээн хад, гурван найзын агуй, яриа өвгөд, Ленин хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс бүхий байгаль эхийн хад чулуун бүтээлүүд бий. Энэ бүс нутгийн хойд захаар Тэрэлж хэмээх гол урсдаг бөгөөд Туул голд цутгана. 1960 он хүртэл Тэрэлжид усан, утаат, ягаан болор зэргийг олборлож байв. Газрын гүнээс усны түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. Улаанбаатарын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Тэрэлжээс олдсон олдворууд юм.
Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жуулчны баазуудаас гадна хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд байрладаг.