Дархадын хотгор

Хөвсгөл аймгийн нутагт Хорьдол сарьдагийн нурууны баруун талд орших томоохон хөндий юм. Дархадын хотгор нь Улаан тайга ба Хорьдол Сарьдагийн нурууны хооронд д.т.д 1600 метр өргөгдөж, 160 км урт, 40 км өргөнөөр 4270 км.кв талбай эзлэн оршдог. Хөвсгөл аймгийн Цагааннуур, Ренчинлхүмбэ, Улаан уул сумын уулзвар нутаг хамардаг бөгөөд энд Монголын 36 томоохон голын бэлчир оршдог. Нийтдээ 248 жижиг том гол горхи, 377 нуур цөөрмийн тогтоц, 24 рашаан булгийн ундарга бүхий их усны хагалбар газар юм. Цэнгэг усны 95 хувийг бүрдүүлдэг. Эндээс Сэлэнгэ мөрөн эх авч урсдаг бөгөөд түүнээс салаалсан олон гол Байгаль нуурт цутгадаг. Голуудын хамгийн том нь Дэлгэр мөрөн юм. Шишгэд гол Енесэй мөрний эх болдог ба эцэст нь Хойд мөсөн далайд цутгадаг. Дархадын хотгор орчмын гадагшаа урсгалгүй гол горхи, нуур цөөрөм бүрт олон төрлийн загас амьдардаг.

 

Байгаль экологийн өвөрмөц сонин зүй тогтол бүхий энэ бүс нутагт Монголын төдийгүй дэлхийд ховордсон ургамал амьтны баялаг нөөц бий. Дархадын хотгорын “Эрэг хаш” хэмээх газарт Монголын хамгийн өндөр шинэс мод ургадаг. Шаргын гол цутгадаг Тарган хэмээх нууранд нь дархадын цагаан загасны нөөц хамгийн ихээр байдаг. Судлаачид үүнийг Дархадын цагаан загасны хамгийн сүүлчийн том нөөц гэж үздэг. Дархадын хотгорт Хөвсгөлийн их тайгын 70% нь оршдог бөгөөд Монголын хамгийн том хөхтөн хандгай, цаа бугын өлгий нутаг билээ.

 

Эрдэмтэд Дархадын хотгорыг судалж үзээд “дэлхийн байгаль экологийн өв сан”-д бүртгэх нь зүйтэй хэмээн санал оруулжээ. Цаа бугын тэжээл болох цагаан хөвд нь зөвхөн Дархадын хотгорт ургадгаараа онцлог. Цаатан ард түмэн нь 2 хуваагдан Хөвсгөлийн  баруун, зүүн тайгад амьдардаг бөгөөд уугуул цаатангуудын 60% нь зүүн тайга буюу Дархадын хотгорт амьдардаг ажээ. Үндэсний цөөнх болсон энэ ард түмэнд дэлхийн хүмүүнлэгийн байгууллагууд анхаарал хандуулан ажилладаг.