Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чоно голын отряд 1950-иад онд татан буугдаж цэргийн агт морьдыг худалдах үед Дарханхаан сумын малчин Д.Жамъян бор саарал гүү, эр бор унаганы хамт 60 төгрөгөөр худалдан авчээ. Бор унагаараа азарга тавьж, бага наснаас нь сумын наадамд сойдог байжээ. Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж малчин М.Өлзий-Орших бөгтөр хүрэн гүүгээ “Сүхбаатарын зам” нэгдэлд нийгэмчилж өнөөх бор азарганд хураалгаж, 1960 оны хавар эр хонгор унага гарчээ.
1961 онд нэгдлийн адуучин Э.Дорж хонгор даагыг уяж сумын наадамд сойжээ. Наадмын өмнөх их сунгааны өдөр цаг агаараас шалтгаалан хязаалан, шүдлэн, даагыг хамт уралдуулсанд нөгөө хонгор даага хол тасархай түрүүлэн ирж олныг гайхашруулжээ. “Даага гүйцэхгүй хязааланг уралдуулж яах билээ” гээд зарим уяачид морьдоо хөтлөн буцсан ч гэдэг. Ийнхүү Ардын хувьсгалын 40 жилийн ойн сумын наадамд хол түрүүлж, дараа жил нь аймгийн баяр наадамд мөн л түрүүлжээ. Нэгдлийн сүргээс сойсон хүлэг, уясан эзний хамтаар нэр алдар нь түгэж “Нийгмийн хонгор” хэмээн алдаршжээ. Хурц сэргэлэн нүдтэй, хол үсрэлттэй, чонон давхилттай аргагүй хурдан хүлэг хэмээн морь шинжээчид үздэг байв. Нийгмийн хонгорыг Асгат сумын малчин Жигжид “Сүхбаатарын зам” нэгдлээс 3000 төгрөгөөр худалдан авъя гэхэд нь өгөөгүй гэдэг.
Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Улсын наадамд уралдахаар иржээ. “Сүхбаатар аймгаас алдарт Нийгмийн хонгор ирж” гэх яриа тархаж үзэхээр ирсэн хүний хөл тасрахгүй байжээ. Олон хүн бүчсэнээс болж усан хулгана болтлоо хөлөрч идсэн хоолоо гаргаад цагаасаа хоцорсон ч уралдааны замд оруулжээ. Тал нутгийн адуунд танил бус гол ус, даваа нугачаа таарах нь “бэрхшээл” болж замдаа зогсож саатсан ч үргэлжлүүлэн давхисаар арван хэдэд давхиж ирсэн гэдэг.
Нийгмийн хонгорын аймаг сумын наадамд 20 гаруй удаа түрүүлсэн амжилтыг өнөө цагт эвдсэн хурдан ажнай гараагүй ажээ. Нийгмийн хонгорыг унаж уралддаг Д.Даваа хэмээх унаач охинтой хар цагаан гэрэл зураг тухайн үеийн Сүхбаатар аймгийн айл бүрийн хойморт залагдаж байжээ. Нийгмийн хонгор гараанаас цойлж гардаггүй, уралдааны үед дунд хавьд давхиж байгаад нэг мэдэхэд түрүүлээд гараад ирдэг байсан хэмээн хуучилдаг. 1969 онд их насны морьдын хурдыг тогтооход Нийгмийн хонгор 28.5км газрыг 34 минут 30 секундэд давхиж түрүүлжээ.
1988 онд Нийгмийн хонгорыг маллаж байсан малчин “хонгор маань энэ жил 28 нас хүрч байна, адуун сүргээс захалж, салхи сөрөн толгодын орой дамжин гүйх боллоо, өтөлж байх шиг байна” хэмээн сумын удирдлагуудад мэдэгджээ. Нийгмийн хонгор морийг мөнхлөн авч үлдэхийн тулд УБ хотоос Байгалийн түүхийн музейн ажилтан ирж хонгор морины арьсыг авч явж чихмэл болгосныг эдүгээ Сүхбаатар сумын музейд байрлуулжээ. Хонгор морины ясыг нутгийн малчид авцгаасан гэдэг. ӨМӨЗО-ны алдарт морин хуурч Чибулаг Сүхбаатар сумын музей дэх хонгор морины сүүлний хялгаснаас ганц хялгас гуйж авчээ.
“Нийгмийн хонгор”-ыг магтсан дуу шүлэг хүртэл зохиогдсон байдаг. Тухайлбал, Шүлгийг Г.Балгансүрэн, аяыг Б.Доржсүрэн, уран сайханч М.Улаан дуулсан дуу бий.
2020 онд Сүхбаатар суманд “Нийгмийн хонгор” морины хөшөөг чөлөөт уран бүтээл Ё.Бадарч, МУГЗ уран барималч М.Мижир нарын зураг төслөөр бүтээжээ.